БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар 14 хоногийн зайтайгаар манай улсад өндөр хэмжээний айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНХАУ болон ОХУ манай улстай иж бүрэн түншлэлийн болон санамж бичгүүдэд гарын үсэг зурсан. Мөн хоёр талууд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэдгийг тодотгосон юм. Харин тэдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нь төмөр замын асуудал байна. Бид энэ талаар Зам, тээврийн дэд сайд Х.Ержантай ярилцлаа.
-Улаанбаатар төмөр зам энэ жил тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх тал дээр олон арга хэмжээ авлаа. Мөн дамжин өнгөрүүлэх тээвэр (транзит)-ийн тал дээр ч онцгой анхаарч байна. Салбарын яамны зүгээс энэ бүх үйл явдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-ОХУ болон БНХАУ-ыг холбосон УБТЗ-ын гол замын нийт урт 1110 км байдаг. Харин энэ замаар өнгөрсөн жил 21 сая тонн ачаа тээвэрлэсэн. Үүнээс 1.5 сая тонн нь транзит тээвэр. Тиймээс өөрсдийн төмөр замын хүчин чадалд тулгуурлан цаашид транзит тээврийн хэмжээг өсгөх тал дээр анхаарч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн жил Засгийн газар, харьяа яамны зүгээс Монгол Улсад анх удаа БНХАУ, ОХУ-ыг оролцуулсан транзит тээврийн талаар уулзалт хийсэн. Үүний дүнд, гурван талын мэдэгдэл гаргаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцсан юм. Товчхондоо, УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд өнгөрсөн хугацаанд олон төрлийн төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж ирлээ.
-Хөрш хоёр улсын төрийн тэргүүн манай улсад айлчилж, төмөр замын өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг хэлэлцлээ. Мэдээж, дээд хэмжээний уулзалт учраас зарим нэг асуудлыг нэг мөр шийдлээ хэмээн хөндлөнгөөс дүгнээд байна. Харин яамны зүгээс энэ удаагийн айлчлалын үр дүнг хэрхэн харж байна?
-Та бүгдийн мэдэж байгаачлан өнгөрсөн сард БНХАУ-ын дарга айлчиллаа. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр хоногийн өмнө айлчлах үеэрээ УБТЗ-ын шинэчлэлийн хөгжлийн стратегийн хэлэлцээрийг байгууллаа. Хоёр хөршийн хоорондох худалдаа мөн Монголоор дамжиж Ази, Европыг холбох төмөр замын ирээдүйн болон одоогийн хэрэгцээг тодорхойлсон чухал ач холбогдолтой хэлэлцээр хийсэн хэмээн дүгнэж байна. Тодруулбал, БНХАУ-ын даргын айлчлалын үеэр зам, тээврийн салбарт Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах, буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай 1991 оны хэлэлцээр шинэчилсэн. Мөн төмөр замаар дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг байгууллаа. Харин Монгол-Хятадын хилийн төмөр замын тухай 1955 онд байгуулсан хэлэлцээрийг шинэчлэх тухай санамж бичиг болон Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг байгуулсан. Ингээд хоёр хэлэлцээр, хоёр санамж бичиг буюу дөрвөн баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээрээс онцлоод хэлбэл бид, БНХАУ-ын зүүн хойд далайн боомтуудыг ашиглах бололцоо бүрдлээ. Дээрээс нь тус улсын нутаг дэвсгэрээр транзит тээвэр хийхдээ хөнгөлөлттэй нөхцөлөөр төмөр зам ашиглах боломжтой боллоо. Дээрх асуудлыг олон жил ярьсан ч үр дүнд хүрэхгүй байсан. Харин энэ удаагийн айлчлалаар шийдэж чадсан явдал нь УБТЗ-ын хөгжилд нэлээд хувь нэмэр орууллаа хэмээн дүгнэж болох байна.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ажлын айлчлалын үеэр 15 баримт бичигт харилцан гарын үсэг зурсанд манай яам тус улсын Тээврийн яам хооронд гурван баримт бичиг багтлаа. Үүнд, иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах санамж бичиг болоод УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр, “МИАТ”, “Аэрофлот” компани хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг өндөр ач холбогдолтой баримт, бичгүүд багтсан. Үүнээс гадна транзит тээврийн гэрээг энэ жилдээ багтааж ОХУ-тай хийх тохиролцоонд ерөнхийдөө хүрсэн. Урд хөрштэйгөө энэ талын хэлэлцээрт хүрчихсэн учраас дээрх асуудал шийдэгдвэл манай улсын дамжин өнгөрөх тээврийн асуудал бүрэн шийдэгдэх боломжтой боллоо хэмээн ойлгож болно. Ингээд харвал, энэ удаагийн айлчлалыг бүрэн ашиглаж, үр дүнд хүрсэн гэдгийг хэлж болохоор байна.
-ОХУ-тай энэ жилдээ багтаан транзит тээврийн гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж чадвал манай улсын төмөр замын хүчин чадал ямар түвшинд хүрэх вэ. Айлчлалын үеэр гадаад худалдааны хэд, хэдэн асуудал шийдвэрлэснээр бид төмөр замын хүчин чадлаа зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай тулгарлаа?
-Энэ бол маш чухал асуудал. Бидний хийсэн хэлэлцээр яг л энэ асуудалд чиглэж байгаа шүү дээ. Хятад, Монгол Улсын худалдааны эргэлт ойрын жилүүдэд ихсэх хандлагатай байна. Дээрээс нь бид транзит тээврийн хүрээнд зөвхөн ОХУ, БНХАУ-ын хооронд төмөр замын тээвэр хийхгүй. Илүү өргөн хүрээнд буюу Ази, Европын бусад улсын барааг ч тээвэрлэнэ гэж ойлгох хэрэгтэй. Харин өнөөдрийн байдлаар бидний тээх, нэвтрүүлэх хүчин чадал жилд 25 сая тонн байна. Гэтэл ойрын жилүүдэд төмөр замаар дөрөв дахин их буюу 100 сая хүртэлх тонн ачаа, бараа тээвэрлэх шаардлагатай тулгарлаа. Гэхдээ бид ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр энэ асуудлыг шийдэх түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Үүнд ямар зүйлс багтаж байгаа гэхээр, УБТЗ-ыг цахилгаанжсан, хос шугамтай болгож, Эрдэнэтээс цааш Завхан аймгийн Арц боомт хүртэл төмөр зам барих мөн Монголын баруун хилээр төмөр замын коридор нээх ажилд хамтарч ажиллахаар болсон. 2015 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл дээрх асуудлыг шийдвэрлэх мэргэшсэн байгууллагаа тодорхойлохоор тохирсон. Харин техник эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт зэргийг тооцож гаргахад нэн тэргүүнд хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдана. Үүнийг бид УБТЗ-д хувь нийлүүлж байгаа Оросын болон Монголын тал зардлын тодорхой хувийг гаргах, цаашлаад Оросын төмөр зам нийгэмлэгээс 20 сая ам.доллар хүртэл туслалцаа үзүүлэх боломжтой гэж тохирсон. Ингээд 2020 он гэхэд техник шинэчлэлийг хийж дуусах төлөвлөгөө байна. Эцэст нь, тээх нэвтрүүлэх чадал тухайн үед жилд 100 сая тонн болох боломжтой.
-2020 он гэхэд төмөр замын сүлжээ хэдэн км-ээр тэлэх талаар урьдчилсан таамаг, тооцоо бий юу?
-Техник, эдийн засгийн үндэслэл нь гараагүй учраас км-ын уртыг шууд хэлэх боломжгүй. Юутай ч эхлээд Завхан аймгийн Арц боомт, дараагаар баруун хилээр төмөр замын шинэ коридор нээх ажил үргэлжилнэ.
-ОХУ болон БНХАУ-ын харьяа яамтай Зам, тээврийн яамны байгуулсан хэлэлцээрт боомтын талаарх баримт, бичиг байлаа. Далайд гарцгүй орны хувьд боомт гэдэг үг их хол сонсогддог. Гэхдээ бид хамтран эзэмших боомттой боллоо. Одоо хэрхэн ашиглах вэ?
-Жишээ авахад, Уул, уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж байж улсын эдийн засаг сэргэнэ гэж ярьдаг. Тэгвэл тэрхүү баялгийг бид зөвхөн хоёр хөршдөө бус дэлхийн тавцанд борлуулж, үнэд хүргэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Тэгэхийн тулд бид хоёр улсын нутгаар дамжуулан далайд гаргах хэрэгтэй. Үүнд боомт хэрэгтэй. Дээр хэлсэн шиг Хятадтай хийсэн хэлэлцээрт Хятадын зүүн, хойд боомтыг ашиглахаар болсон бол БНАСУ-ын Ражин боомтыг ОХУ-тай хамтран эзэмшихээр болсон. Өөрөөр хэлбэл, бид дээрх боомтоор дамжуулан баялгаа гуравдагч зах зээлд хүргэх боломж нээгдэж байгаа хэрэг. Урьд нь бол энэ хэлэлцээрт хүрч чадахгүй байсан.
-УБТЗ-ын хөгжлийг 50 жилээр тодорхойлсон гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн ОХУ-тай хийсэн хэлэлцээрийг дүгнэж байна. Үүн дээр Хятад улстай хийсэн хэлэлцээрийг нэмээд харвал бид УБТЗ-ын хэдэн жилийн хөгжлийг тодорхойлов?
-Хэлэлцээрийн баримт бичгүүдэд тодорхой жил тавиагүй. Гэхдээ хэлэлцээрийн агуулга, хамрах хүрээ, хамтран ажиллах байдлыг харвал 50 жилийн хөгжлийг тодорхойлсон гэж хэлэх бүрэн үндэслэлтэй. Учир нь, Монгол Улсын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг хоёр орны 50 жилийн доторх худалдааны эргэлтэд тохируулж хийнэ гэдэг утгаар нь хэлсэн байх гэж ойлгож байгаа.
-Гашуунсухайтын төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг СиТи” компани ажиллаж байна. Гэхдээ Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирээгүй гэсний улмаас ажил зогссон гэх яриа гарлаа?
-Эхний 200 сая ам.долларынхаа санхүүжилтийг аваад ажлаа хийж гүйцэтгэж байгаа. Харин дараагийн 200 сая ам.долларын санхүүжилтээ авахаар ажлын гүйцэтгэл зэрэг холбогдох материалаа өгсөн. Тэдний ажил арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлээд зогсоно. Өнөөдрийн байдлаар хэвийн үргэлжилж байгаа.