Манай оронд 1990-ээд оны эхэн хүртэл хууль бус мод бэлтгэл байгаль орчны эсрэг хэргийн 10 хувийг л эзэлж байсан бол одоо хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн эхний хоёроор нэрлэгдэж байна. Улс дамнасан энэ төрлийн гэмт хэргийн улмаас дэлхийн хэмжээнд жилд 10 тэрбум ам.долларын хохирол учирдаг тул экосистемийг зохицуулагч түлхүүр болох ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд бүх улс орон онцгойлон анхаарч байна.
БОНХЯ-наас боловсруулсан Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Одоогийн тогтолцоогоор манайд Байгаль орчны эсрэг хэрэг зөрчилд шинжээчийн дүгнэлт гаргах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоох мэргэжлийн шинжээч, лаборатор болон тусгайлсан нэгж байхгүй. Иймд байгаль орчны мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой хэмжээний төлбөр төлж хохирлын хэмжээг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт гаргуулдаг болохоор хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн, олон нийтийг идэвхтэй оролцуулсан хяналтын тогтолцоо бий болгох, урамшуулах, урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлжээ.
УИХ-аас Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталбал төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа эрс сайжирч, хэрэг зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлага дээшилж, хууль бус мод бэлтгэл буурна гэж тооцжээ.