Аливаа нэг улсын иргэдийн зовж эсвэл жаргаж байгааг янз бүрийн үзүүлэлтээр тодорхойлж болдог. Хэрэглэх боломжтой гар утасны төрөл, сонгох боломжтой үүрэн телефоны оператороос эхлээд кабелийн ТВ, интернэтэд холбогдох боломж гээд олон зүйлсээр нь тухайн улсын дундаж иргэний аз жаргалтай байдлыг тодорхойлох боломжтой. Америкийн эдийн засагч Артур Мелвин Оукен улс орны жаргал зовлонг тодорхойлох өөрийн гэсэн рейтинг гаргаж иржээ.
Оукен нь тухайн улсын ажилгүйдлийн түвшин, инфляц гэсэн хоёр үзүүлэлтийн нийлбэрээр улс орны эдийн засгийн сөрөг үзүүлэлтийг тодорхойлох санал гаргасан нь “зовлонгийн индекс” гэсэн нэр авсан. Энэ хоёрын нийлбэр хэдий чинээ өндөр байна тэр хэмжээгээр тухайн улсын иргэдийн зовлон шаналал өндөр байна гэж үздэг. Индекс нь Америк, Европын холбоонд нэлээд өргөн ашиглагддаг. Олон нийт зовлон шаналлын индексийн тухай мэдээдэлд их эмзэг, соргог ханддаг тул парламент, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мэдэгдэл хийх, маргаан ба мэтгэлцээнд өргөн ашиглагддаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Жимми Картер нь “зовлонгийн индекс” улам бүр өсөн нэмэгдсээр байхад өрсөлдөгч Жеральд Форд ахин сонгогдох эрхгүй гэж мэдэгдсэн нь ялалт байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байх жишээтэй.
Энэхүү “зовлонгийн индекс”–ийг шинжээчид дээр дурдагдсан гурван үзүүлэлтийн нийлбэрээр жил болгон гаргадаг. 2014 оны жагсаалтыг Венесуэль тэргүүлжээ.
1.Венесуэль - 59,8
Иргэд нь хамгийн их зовдог улсаар Венесуэль шалгарсан нь нэг талаас хачин санагдаж болох. Африкийн Гана эсвэл Суданы иргэд венесуэльчүүдээс илүү зовлон эдэлдэг баймаар. Гэхдээ зовлонгийн индексийг тодорхойлохдоо тухайн улсаас гаргасан бодит статистик мэдээлэл дээр үндэслэдэг. Харин Гана, Судан хоёрт статистикийн алба гэхээр зүйл бараг байхгүй, байлаа ч чанд нууцалдаг болохоор зовлонгийн индексийг нь тодорхойлох боломжгүй байж. Ингээд бодитой, үнэн статистик мэдээлэл явуулсан улсууд дотроос Венесуэль хамгийн зовлонтойгоор тодорсон байна. Энэ улсын инфляц нь 52,7 хувьтай, ажилгүйдэл 7,1 хувьтай байна. Газрын тосны экспортоос бүрэн хамааралтай Венесуэлийн экспортын орлогын 96 хувь, ДНБ-ний 12 хувийг газрын тосны арилжаа эзэлдэг. Боливарын хувьсгал эхлүүлэгч Уго Чавес гадаадын хөрөнгө оруулалттай олон компанийг улсын мэдэлд хураан авсан нь гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засагт нь итгэх итгэлийг алдагдуулж ийм байдал үүсчээ. Газрын тосны асар их баялагтай атлаа иргэд нь ингэж зовдог.
2.Өмнөд Африк-31,8
Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс тивдээ л хамгийн хүчирхэг, баян гэгддэг ч зовлонгийн индексээр хоёрдугаарт оржээ. Өмнөд Африкийн эдийн засаг үнэхээр хүчирхэг. Гэхдээ л энд инфляц нь 6,3 хувь, хөдөлмөрийн чадвартай иргэдийн доторх ажилгүйдэл 25,5 хувь. Аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь эдийн засгийн хурдацтай хөгжих гол хүч болж байгаа ч хотжилт хэт эрчимтэй явагдаж буйгаас болж хот ба хөдөө орон нутаг хоорондын хөгжлийн ялгаа нэмэгдсэн. Мөн цахилгаан, боловсрол, эрүүл мэндийн салбар нь нэлээд хүндрэлтэй болсон. Дээр нь ДОХ-ын халдвар Өмнөд Африкийн хувьд том асуудал болж хувираад байгаа. Энд 6,3 сая хүн ДОХ-ын халдвартай.
3. Грек-27,1
Грек санхүү, эдийн засгийн гүн хямралд ороод удаж байгаа. Олон улсын тусламж дэмжлэг эрчимтэй хүргэж байгаа ч хямралаас бүрэн гарч чадаагүй л байна. Грекчүүд тусламжийн ачаар хомсдол, хямралаас гарч байгаа хэрнээ ажилгүйдэл, хэрэглээний бүтээгдэхүүний үнийн бууралтыг дийлж чадаагүй л байна. Одоогийн байдлаар төрийн мэдлийн салбар улсын ДНБ-ий 40 хувийг хангаж байна. Тэгсэн атлаа төрийн албан хаагчдын цалин хөлс улам л унасаар байна. Үүнээс болж ажилгүйдэл 27,8 хувь болсон төдийгүй мөнгөний ханш нэмэгдэн 0,7 хувь болсон. Үйлдвэр нь олон бүтээгдэхүүн гаргаж байгаа ч иргэд нь худалдан авахгүй байгаа тул зах зээлийн хуулиар борлуулах үнэ нь буураад байгаа хэрэг.
4. Испани-24,17
2008 оны санхүүгийн хямралын үеэр Испанийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл нурахыг дагаад банкны салбар тун ч таагүй байдалд орсон. 2007 онд найман хувь байсан ажилгүйдэл 2013 онд 26 хувь болж нэмэгдэв. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй байна гэсэн үг. Засгийн газар нь яаралтай арга хэмжээ авч, олон улсын санхүүгийн байгууллагууд тусламж үзүүлсний ачаар 2009 онд 11,4 хувь байсан төсвийн алдагдлыг 2013 онд долоон хувь хүртэл бууруулж чадсан. Хэмнэлтийн маш хатуу горим барьсан. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалин, оюутнуудын тэтгэлэг, өндөр настнуудын тэтгэвэр, халамжийн мөнгийг эрс танасан хэрэг. Одоогоор Испанид ажилгүйдэл 24,5 хувь байгаа бол мөнгөний ханш чангарч,0,3 хувийн дефляц үүссэн. Гректэй адил үйлдвэрлээд байгаа ч авах хүнгүй тул үнэ хямдраад, худалдан авах чадвар буурсан. Төрийн өр ДНБ-ий 61 хувь байснаа 93,4 хувь болж өсчээ.
5. Египет-23,9
Арабын хувьсгалын дараа улс төрийн эрх мэдлийн асуудал гэсэн намаг балчигт шигдсэн Египетийн “зовлонгийн индекс” өндөр гарсанд гайхах зүйлгүй. Хувьсгалын үеэр болон дараа нь аюулгүй байдлын асуудлаас болж гадаадын жуулчдын тоо эрс цөөрсөн нь эдийн засагт нь маш хүнд цохилт болж. Аялал жуулчлал асар их орлого оруулдаг хэдий ч Египет газар тариалангийн орон хэвээр байна. Энд ажилгүйдэл 13,3 хувь, инфляц 10,6 хувь.
6. Турк-18,12
Ази ба Европыг холбох гүүр гэж өөрийг тодорхойлдог Туркийн инфляц 9,3 хувь, ажилгүйдэл 8,8 хувьтай байна. Шинжээчид Туркийн төв банкийг эдийн засагт бодит ашиг авчрах арга хэмжээ авахын оронд Засгийн газрынхаа үгээр хөдөлдөг болсон, дэлхийн эдийн засгийн хямралын дараа бодит үндэслэлгүйгээр үнийн хөрөөгдөл үүсээд байсан олон салбар хямралд орсон. Экспортод чиглэсэн гэж болохоор эдийн засагтай тул турк лирийн ханш нь гадаад хүчин зүйлээс ихээхэн хамааралтай болсон. 2000 онд ажиглагдаж байсан эдийн засгийн огцом өсөлтийн эрч суларсаар одоо иймэрхүү дүр зурагтай болж.
7. Хорват-17,7
Украины хэрэг явдалтай холбоотойгоор Европын холбоо Оросын эсрэг олон тооны хориг арга хэмжээ авч, Орос хариуд нь Европоос хүнсний бүтээгдэхүүний импорт хийхийг хориглосон. Үүнээс болж Орос руу хүнс, мах, сүү экспортолдог Европын олон улс эвгүй байдалд орсны нэг нь Хорват. Энэ улсын импортын 1,5 хувь нь Орос руу чиглэсэн. Өнгөц харахад 1,5 хувь гэдэг ялихгүй тоо байж болох ч төсвийн алдагдал нь 4,9 хувь болсон үед өчүүхэн ч хямрал тун таагүй нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Иймд Хорватын эрх баригчид алдагдлыг нөхөхөөр банкны хадгаламжинд татвар ноогдуулсан. Хорватын ажилгүйдэл 17,8 хувь болсон, 0,1 хувийн дефляцтай.
8. Уругвай-15,96
Уругвайн ДНБ 2004-2008 онд жилдээ найман хувиар өсч дэлхий нийтийг гайхуулж байлаа. Гэвч 2008 оны эдийн засгийн хямралын дараа, 2009 он гэхэд өсөлт 2,6 хувь болж буурав. Эдийн засгаа уналтад оруулалгүй авч үлдэж чадсан ч ажилгүйдэл, инфляц эрчимтэй нэмэгдсэн. 2013 оны байдлаар Уругвайн ажилгүйдэл 6,9 хувь, инфляц 9,1 хувь. Дашрамд сонирхуулахад, Уругвайн нэг хүн ноогдох ДНБ-ий хэмжээ өнгөрсөн жил 16,8 мянган ам.доллар байсан юм.
9. Украин-14,2
Украин иргэний дайн, төсвийн алдагдал, эрчим хүчний хямрал, үндэсний валютын ханш огцом унасан гээд тун ч олон асуудалтай тулгарсан болохоор иргэд нь жаргаж байна гэдэгт итгэхэд бэрх. Гэхдээ л Америк, Европын холбооны буцалтгүй тусламжаар яаж ийгээд чаргууцалдаад яваад л байгаа. Харамсалтай нь, Америк, Европ хоёр хэмжээ хязгааргүй туслаад байж чадахгүй. Иймд олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авах шаардлагатай болно. Жишээлэхэд, Олон улсын валютын сан байна. Олон улсын валютын сан нь Украинд их хэмжээний зээл өгөхөд бэлэн гэдгээ ч мэдэгдсэн. Гэхдээ зээл авахын тулд Украины эрх баригчид тус байгууллагын шаардсан олон нөхцөлийг хэрэгжүүлэх шаардлагатай болов. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамжийн хэмжээг эрс багасгах, цахилгаан ба шатдаг хийн хэрэглээний үнийг нэмэх шаардлагатай болсон. Ийм арга хэмжээ ард иргэдийн дургүйцлийг төрүүлэх нь ойлгомжтой. Одоогоор Украинд инфляц 12 хувьтай, ажилгүйдэл 2,2 хувьтай байна. Зүүн мужуудын салан тусгаарлах хөдөлгөөнийг дарах ажиллагаа ямар үр дүнтэй дууссахаас үл хамаараад Украины зовлонгийн индекс цаашид улам нэмэгдэх нь гарцаагүй болоод байна.
10. Колумб-13,54
Колумб нь нүүрс ба газрын тосны экспортоор дэлхийд дөрөвдүгээрт ордог улс. Өөрөөр хэлбэл байгалийн баялгийн экспорт эдийн засагт нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байдаг. Инфляцын хэмжээ Колумбд 2,9 хувь гэсэн боломжийн түвшинд байгаа ч ажилгүйдэл 10,87 хувь гэсэн нэлээд өндөр гэж болохоор хэмжээнд байна. Колумб нь хар тамхины наймаа, хэт зүүний үзэлт зэвсэгт бүлэглэлүүдийн дайралт гэсэн хоёр том асуудлаа шийдэж чадалгүй олон жил болж байна. Үүнээс болоод Колумбийн хүн амын 32,7 хувь нь нэн ядуу буюу манайхны хэлдгээр эмзэг давхаргад хамаардаг.
“Зовлонгийн индекс”-ийг тооцож гаргахад эхний аравт орсон орнууд иймэрхүү дүр зурагтай. Манай инфляц, ажилгүйдлийг нэмээд гаргавал хэддүгээр байранд орохыг та өөрөө тооцож үзээрэй. Ямартай ч эхний аравт орсон улсуудын дийлэнхэд дотоод улс төрийн гүн хямралд орсон гэсэн нийтлэг шинж тэмдэг ажиглагдаж байна. Энэ хямрал Украинд хамгийн хурц буюу иргэний дайны байдлаар илэрч байна.Египетэд армийнхан төрийн эргэлт гаргаж бүгдийг мэдэлдээ авсан. Туркт Эрдоган ба сөрөг хүчний хоорондын тэмцэл цагдаагийн баривчилгаа хэлбэрээр ид үедээ явж байна. Венесуэльд Мадуро ба сөрөг хүчин хоорондын тэмцэл бага зэрэг намжаад байгаа ч хурцадмал хэвээр. Эвгүйтвэл хоёр дахь Украин болох эрсдэл их байгаа. Грект төрөөс явуулж байгаа цалин хөлс, тэтгэврийг хасах гэх мэт төсөв хэмнэх хөтөлбөр маш их эсэргүүцэлтэй тулгарч байна. Испани мөн адил. Иргэд нь төсөв хэмнэх, алдагдлыг бууруулах нэрийдлээр жирийн иргэдийн тэтгэвэр, цалин хөлсийг хасаад, том банк, компаниудад их хэмжээний тусламж үзүүлж байна гэсэн жагсаал цуглаан тогтмол гарч байна.
Дэлхийн санхүүгийн хямралын дараа үнийн зохиомол хөөрөгдөл үүсээд байсан үл хөдлөх хөрөнгийн зах зээл бүхэлдээ нурсан гэсэн шинж тэмдэг эдгээр улсад мөн ажиглагдаж байна. Грек, Испани, Турк, Хорват гэх мэт улсад ч ийм байдал үүссэн.