Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж ахмад дайчдыг төрийн дээд цол, одонгоор шагналаа. Ахмад дайчдын төлөөлөлд шагналыг өчигдөр гардуулан өгөв.
1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдан, өөрийн амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж, хойч үедээ үлгэр дууриал үзүүлсэн түүхэн гавьяаг нь өндрөөр үнэлж ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд Монгол Улсын баатар цол хүртээж, баатар цолны Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор ахмад дайчин Баяндалайн Сааралдайг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Шагдарын Багаажав, Сүрэнгийн Лхамжав нарыг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Гончигийн Батмөнх, Сүхийн Борхүү, ахмад дайчин эмэгтэй Цэрэнгийн Чимэдцэрэн нарыг тус тус шагнав.
Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ард түмэн түүхэн гавьяа байгуулсан баатарлаг охид хөвгүүдээ эргэн дурсаж байдаг. Мөн Монголчууд бидэнд дайн байлдааны хүнд цагт үнэлж баршгүй тус хүргэсэн, Зөвлөлтийн дайчид, орос анд нөхдийнхөө гавьяаг бид хэзээ ч мартах ёсгүй. Учир нь тэд Монгол Улсын бие даасан байдал, хөгжил дэвшлийн төлөө залуу халуун нас, амь биеэ үл хайрлан тэмцсэн юм.
Халхын голын байлдааны түүхэн ялалтын ойн өдөр Монгол, Оросын ахмад дайчдын төлөөлөл болсон 38 буурал маань Монгол төрийн хүндэтгэл хүлээж шагнууллаа.
Шагналаа биеэр ирж авах боломжгүй ахмадуудын шагналыг тусгай төлөөлөл гэрт нь очиж гардуулж өгнө. 1939 онд 18 настай явсан залуу дайчин өнөөдөр 93 насны босго давсан байгаа. Өнөөдөр энд шагналаа гардан авсан хүмүүсийн дундаас би Монгол Улсын баатар цол хүртсэн Пунцагийн Шагдарсүрэн гуайн тухай онцгойлон дурдахыг хүсэж байна. Тэрээр дайны амь өрссөн өдрүүдэд 21-хэн настайдаа 1939 оны гуравдугаар сард Тамсагийн зургадугаар морьт дивизийн 17 дугаар морьт хороонд Штабын дарга, улмаар хороон даргаар томилогдон эх орноо хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан хүчин зүтгэжээ. Тэр Халхын голын байлдаан эхлэхээс дуусах хүртэл эх оронч дайчин нөхдөө удирдан тулалдаж явсан манай домогт залуу дарга нарын нэг юм.
Тэрээр Халхын голын байлдаан төдийгүй, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон манай бахархалт ахмад үеийнхний төлөөлөл-баатар хүн юм. Шагдарсүрэн гуайд олгож байгаа энэ эрхэм хүндтэй цол бол нийт ахмад дайчиддаа Монголын төр, ард түмнээс үзүүлж буй өндөр дээд хүндэтгэл юм. Монгол төрийн дээд хүндэтгэл, гавьяа шагналыг өмнө нь болон өнөөдөр хүртсэн нийт ахмад дайчиддаа дайчин нөхөрлөлийн баярын мэнд хүргэж, улам урт удаан насалж бидэндээ үлгэр дууриал болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхний баатарлаг гавьяаг түүх мартахгүй, Монголын ард түмэн мартахгүй” гэлээ.
Шагналаа гардсаны дараа Улсын баатар П.Шагдарсүрэн “Халх голын дайн бол маш ширүүн айхтар хүнд дайн байсан. Тэр халуун гал дотроос амьд мэнд гарч ирсэн цөөхөн хүн энд байж байна. Тэнд амь үрэгдсэн нөхдийнхөө төлөө сэтгэл харамсаж, үргэлж дурсан санаж байдаг” гэсэн юм.