Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад үдийн цай өгдөг болоод найм дахь жилээ угтаж байна. Харамсалтай нь, энэ хичээлийн жил “Үдийн цай”-гүй эхэлсэн гэх дуулиан дэгдээд буй. Нийслэлийн Засаг дарга хичээлийн шинэ жил эхлэхээс хэдхэн хоногийн өмнө А/698 гэгч захирамж гаргасан нь бага ангийн сурагчдыг хоосон хичээллэхэд хүргэсэн гэх шүүмжлэл дагуулах болжээ. Ерөнхий боловсролын сургуулиудын цайны газартай түрээсийн гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллах тухай уг захирамжид сургуулийн удирдлага иргэн аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээг цуцалж, чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх, Засгийн газрын “Үдийн цай” хөтөлбөрийг ханган ажиллах түрээслэгчийг тендерээр сонгон шалгаруулж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгж нь сургуулийн удирдлага, Нийслэлийн өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулна хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл сургуулийн цайны газрын хуучин түрээслэгчдийн гэрээг цуцалж, шинэ түрээслэгч сонгон шалгаруулах ажлаас үүдэн зарим сургууль “Үдийн цай”-гүй байгаа аж. Хүүхэд нь үдийн цайгүй хичээллэж байгаад гомдоллох эцэг эх олон байгаа ч Засаг даргын уг захирамжийг сайшаах хүн ч цөөнгүй байна. Өмнө нь сургуулийн захирал өөрийн ах дүү хамаатан садандаа цайны газраа түрээслүүлж, тэд нь ямар нэг алдаа гаргасан тохиолдолд өөгшүүлэн хамгаалдаг, эсвэл өөрөө эрхлэн ажиллуулдаг гэхчлэн янз бүрийн хэл аманд өртдөг байсан юм. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн хүүхдүүдийн үдийн цайг бэлтгэдэг цайны газрыг Нийслэлийн өмчийн харилцааны газар шалгаруулж, хяналт тавьдаг болжээ. Хэдийгээр цаг тулгасан ч Засаг даргын захирамж ёсоор ажиллаж буйг албаныхан хэллээ. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Б.Энхтайванаас тодруулсан юм.
-Өнөөдөр хэдэн сургууль “Үдийн цай”-гүй байна вэ?
-Нийслэлийн сургуулиуд ерөнхийдөө “Үдийн цай”-гаа өгч байгаа. Түрээслэгч солих болсонтой холбоотойгоор 45, 23, 93 дугаар сургууль есдүгээр сарын 1, 2-нд сурагчдадаа “Үдийн цай” өгөөгүй. Өмнөх түрээслэгч нь байраа суллах, шинээр шалгарсан түрээслэгч нь тоног төхөөрөмжөө байрлуулах зэрэг ажлаас үүдсэн гэсэн үг. Дээрх гурван сургууль нь өнөөдөр /өчигдөр/ “Үдийн цай”-гаа өгөөд эхэлсэн. Мөн 125, 11 дүгээр сургууль “Үдийн цай” өгч эхлээгүй байна. Энэ хоёр сургууль түрээслэгч болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэгчидтэй гэрээ байгуулаад бэлтгэлээ хангаж байна. Маргаашаас /өнөөдөр/ өгөөд эхэлчих байх. Бусад сургуулийн тухайд бэлэн бүтээгдэхүүн болон халуун хоол өгөөд “Үдийн цай” хөтөлбөрөө 100 хувь хэрэгжүүлээд явж байна.
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийхдээ тендерээ цаг тухайд нь зарлаагүйтэй холбоотой нэлээд олон сургууль “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн шүү дээ?
-Юуг үндэслэж тийм мэдээлэл хийснийг би мэдэхгүй. Түрээслэгч сонгон шалгаруулах тендер оройтсон нь үнэн. Учир нь, Нийслэлийн Засаг дарга А /698 тоот захирамжаа наймдугаар сарын 14-нд гаргасан юм. Гэхдээ захирамжийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажлын хэсэг байгуулагдаад наймдугаар сарын 15-аас эхлэн сонгон шалгаруулалтын ажил эхэлсэн л дээ.
-Тэгэхээр бүтээгдэхүүн нийлүүлэгч болон цайны газрын түрээслэгчид бүгд тодорхой болсон гэсэн үг үү?
-Тийм ээ. Бүтээгдэхүүн нийлүүлэх нь нийлүүлээд, халуун хоолоор хангах нь хангаад явж байгаа.
-Бүтээгдэхүүн, халуун хоол гээд хоёр зүйл яригдаад байх юм. Энэ тухайд?
-“Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам гэж бий. Үүнд зааснаар зориулалтын цайны газартай сургууль нь хичээлийн бүх өдөр буюу долоо хоногийн таван өдөр халуун хоол цайгаар хангах ёстой. Гэтэл зориулалтын гал тогоотой сургууль нийслэлийн хэмжээнд ердөө 40 орчим л байдаг. Бусад сургуулийн тухайд зориулалтын цайны газар байхгүй учир халуун хоолоор үйлчилнэ гэдэг учир дутагдалтай л даа. Бэлэн бүтээгдэхүүнд хоолшихгүй байна, манай хүүхдэд халуун хоол цай өгч болохгүй юу гэсэн санал гомдол эцэг эхийн зүгээс их гардаг. Тиймээс энэ хичээлийн жилийн гэрээг байгуулахдаа зориулалтын бус цайны газартай бол засч тохижуулаад долоо хоногийн гурваас доошгүй өдөрт халуун хоол цай өг гэсэн шаардлага тавьж байгаа юм. Үнэхээр болохгүй бол бэлэн бүтээгдэхүүн өгөөд явна. Зарим сургууль агуулахын өрөөгөө ч юм уу, засч тохижуулаад цайны газраа өргөжүүлсэн.
-Хүүхдэд өгч буй бүтээгдэхүүн нь илчлэггүй, хөгц мөөгөнцөртэй байна гэхчлэн таагүй зүйл байнга дуулддаг. Үүнд, хичээлийн жилийн эхнээс нь л сайн хяналт тавих хэрэгтэй байх?
-“Үдийн цай”-г хэрэгжүүлэх компани нь бүтээгдэхүүнээ шинжлүүлээд мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт, зөвшөөрөл авдаг. Дүгнэлтээ танилцуулаад сургуулиуд дээр өөрсдөө очдог юм. Үүнийг нь үндэслэн сургуулийн багш удирдлагууд сонголтоо хийдэг. Давхар давхар хяналттай л байдаг гэсэн үг л дээ.
-Бэлэн бүтээгдэхүүнд голчлон юу өгч байна вэ. Илчлэг сайтай бүтээгдэхүүн өгч чадаж байгаа юу?
-Тараг, жүүс, сүү, нарийн боов зэрэг бүтээгдэхүүн голчилдог.
-Цэцэрлэгийн хүнсийг хаана хэн нийлүүлэх гээд байгаа нь тодорхойгүй байна гэсэн. Энэ тухайд?
-Цэцэрлэгийн хүнсний тухайд асуудалгүй, хэвийн байгаа. Бүтээгдэхүүн нийлүүлэх байгууллагуудтайгаа гэрээгээ байгуулсан. Үүнийхээ дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлээд явж байна.