“Орос улс гадаад худалдаандаа хориг тавилаа. Энэ бол мөнхийн хөрш манай улсад ашигтайгаар эргэж болохуйц зүйл. Бид өөрсдийн бүтээгдэхүүнийг ганцхан мужид борлуулахад л жижиг, дунд үйлдвэрлэл сэргэнэ” хэмээн Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл хатагтай Г.Майцэцэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалтай холбогдуулан мэдэгдэж байв.
Эдийн засгийн хямрал гэхээс илүүтэй эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн энэ удаагийн айлчлалаас ийм л зүйл горьдож сууна. Хэдийгээр монголчууд урд гэхээс илүү хойд хөршдөө хормой дэвсдэг ч Леннизмээс хойш бүүр түүрхэн дайны он жилүүдээс өөр сэжмээр бат холбогдож чадсангүй.
Яах аргагүй мөнхийн хөрш тулдаа л гадаад худалдаа, бараа эргэлтийн багахан хувийг бүрдүүлж ирэв. Өнгөрсөн оны статистик үзүүлэлтээс харахад ч, нийт импортын 23.9, экспортын 1.5 хувийг тус улс бүрдүүлжээ. Харин БНХАУ нийт экспортын 91.4, импортын 30 хувийг дангаар бүрдүүлж байна. Саяхан ирээд буцсан БНХАУ-ын даргын айлчлалаар 26 баримт бичигт харилцан гарын үсэг зурсанд Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой баримт, бичгүүд багагүй хувийг эзэлж байсан нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргаж чадсан хэмээн тэмдэглэгдэн үлдэв.
Тиймээс энэ удаад хойд хөршийн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хатагтай Г.Майцэцэгийн хүсч байгаачлан гадаад худалдаа, бизнесийн хамтын ажиллагааны талаар ямар өөрчлөлт гарах нь хэн хүний сонирхлыг татсан сэдэв.
Манай улсын Хөдөө аж, ахуйн болон Эдийн засгийн хөгжлийн яаманд ч хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтран ажиллах боломжийн талаарх мэдэгдлүүдийг айлчлалтай холбоотойгоор хийж эхлээд байна. Тэдгээрээс хамгийн их боломжтой хувилбарт махны худалдаа бичигджээ.
Орост махны үнэ өсч байгаа
Манай улсын хөдөө аж, ахуйн салбарын бүтээгдэхүүн нь экспортлох боломжтой тэргүүлэх чиглэлд бичигддэг. Тэдгээрээс мах, махан бүтээгдэхүүн зонхилж байна. Гэсэн хэдий ч ОХУ болон гуравдагч улсууд түүхий махны импортыг чанга гараар барьж, ариун цэвэр, эрүүл ахуйн тал дээр онцгой анхаардаг. Энэ нь малын гаралтай өвчлөлөөр, тэр дундаа шүлхий өвчний гаралт ихтэй манай улсын хувьд сул тал болдог ч ОХУ Европын холбооны орнуудад худалдааны нэг жилийн хугацаатай хориг арга хэмжээ авснаар бидэнд шаардлага хангасан мах экспортлох боломж тодорхой хэмжээнд үүслээ. Тухайлбал, зөвхөн өнгөрсөн оны байдлаар ОХУ руу 43.1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортлон оруулсны дийлэнх нь Европын холбооны орнуудад ногдож байсан билээ. Энэ нь Орос хориг арга хэмжээнд өртсөн орнуудаас орж ирдэг байсан хүнсний бүтээгдэхүүнийг богино хугацаанд дотооддоо үйлдвэрлэх боломжгүй гэдгийг илтгэх том тоо. Тиймээс тус улсын гадаад худалдааны бодлого Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудаас хийдэг импортын хэмжээг нэмэгдүүлэх замаар хомсдлыг нөхөхөд чиглэж байна. Энэ хүрээнд эхний ээлжид Бразилийн Засгийн газартай уулзан махны экспортоо нэмэгдүүлэх талаар тохиролцсон. Харин манай улстай хил залгаа оршдог ОХУ-ын мужууд, ялангуяа сибирийн бүс нутгууд Монголоос үхрийн мах авах сонирхолтой байдаг. Тэгвэл манай улсын мах экспортлох боломж ямар түвшинд байгааг харъя.
Юун түрүүнд махны хорио цээрийн асуудал экспорты
н гэрээ, хэлцлийн нэн тэргүүнд бичигдэх болзол хэвээр байна. Үйлдвэрийн боловсруулах ажилтай шууд холбоотой дээрх асуудлыг манайх шийдвэрлэхээр Японы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаад дөрвөн жилийг өнгөрөөсөн. Энэ хугацаанд мах бэлтгэх орчин үеийн технологи оруулж ирсэн олон улсын стандарт хангасан хоёр үйлдвэр ажиллаж байна. Харин боловсруулах явцад хяналт тавих, аюулгүй байдлыг хангах нөхцөл дутагдалтай байгаагаас бусдаар дэлхийн жишигт хүрчээ. Хоёрдугаарт, дотоодын махны үнэ өсч, дэлхийн зах зээлд дөхөж очсон нь экспортын махны хэмжээнд шууд нөлөөлсөн гэдгийг Үйлдвэр, хөдөө өж, ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Ишийн хэлснээр хүргэж болохоор байна. Дээрээс нь төмөр замын тээврээс өөр гарцгүй улсын хувьд хөргөгчтэй буюу зориулалтын вагон гээд тээвэрлэлтийн олон асуудал бий. Энэ бүх зардлыг нэмэхээр манай улсын экспортын махны үнэ мөн л тэнгэрт хадна. Хэдхэн суурь шалтгаан дурдахад л мах экспортлох боломж гаргахын тулд бид үнээ буулгах эсвэл “брэнд” мах гаргах хэмжээнд үйлдвэрлэлээ сайжруулах шаардлагатай тулгарч байна. Юутай ч дотоодын үйлдвэрлэлийн боломжоос шалтгаалан ОХУ-д нэг кг үхрийн махны үнэ 260-280 рубль (13-14 мянган төгрөг) болж өссөн нь тус улсын гадаад бодлоготой уялдан манай улсад ашигтайгаар эргэх боломжтой гэдгийг судлаачид хэлж байна.
Эрүүл мах гаргах суурь тавигдсан хэмээн үзэж байна
Өнгөрсөн онд Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 17 дугаар хурал Москва хотноо болсон. Хурлын үеэр хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор хоёр яам хооронд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулахаар тохиролцсон нь өнгөрсөн сарын 28-ны өдөр “Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хурал” нэртэйгээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ. Энэ хуралд ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга А.Н.Цинамдзгвришвили тэргүүтэй төлөөлөгчид, Щелковский комбинат болон “Малын эрүүл мэндийг хамгаалах үндэсний төв”-ийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байдаг. Тэд улсынхаа Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх Төрийн айлчлалыг угтан хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаа тохиролцох чухал ач холбогдлыг онцлон тэмдэглэж байсан.
Өөрөөр хэлбэл, талууд Мал эмнэлэг, малын халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр өөрсдийн Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан ярилцсан юм. Харин бид Монголын мал сүргийг эрүүлжүүлэхэд зориулан ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлсэн шүлхийн вакцин зэрэгт талархлаа илэрхийлж, цаашид малын халдварт өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллах, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Харин энэ асуудлыг Оросын тал судалж үзэхээр тохиролцсон нь мах экспортлох ажлын суурь буюу шүлхий өвчнийг хамтран дарах цаашид шүлхий өвчингүй улс орны жагсаалтад орох том боломжийг бүрдүүлсэн билээ.