Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 59352 сурагч шинээр элсч байна. Энэ нь ойрын 20 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 92-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 1700 гаруй хүүхэдтэй тус сургууль “Авъяас” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж 1000 гаруй суралцагч нь 16 төрлийн секц дугуйланд хичээллэн урлаг спортын олон амжилт гаргажээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ази тивийн аварга шалгаруулах олон улсын шатрын тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, өчигдөр эх орондоо ирсэн 10-ын "Г" ангийн сурагч Б.Гарьдмагнай, 2014 оны ЭЕШ-д 800 оноо аван МУИС-д элссэн тус сургуулийн төгсөгч Ц.Буянжаргал, 2014-2015 оны хичээлийн жилд эрдмийн их өргөөгөөр алхан орж байгаа 1-ийн "Г" ангийн сурагч Г.Буянхишиг нарт дурсгалын бэлэг гардууллаа.
“Сургууль бол багш, хүүхэд, эцэг эхийн хамтын ажиллагааны нэг том талбар. 92-р сургуулийнхан ийм хамтын ажиллагааны үлгэр жишээ сургууль байна. Эцэг эхчүүдийн оролцоо, санаачилгаар сургуулийн орчноо цэцэрлэгжүүлж тохижуулсан нь, хүүхдийнхээ авъяасыг илрүүлж хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа нь бахархалтай байна” гэж Ерөнхий сайд онцоллоо. Онц авахын төлөө биш өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, нийгэмд зөв хүн болж төлөвшихийн төлөө хичээж, ном их уншиж, сайн хөдөлмөрлөөрэй гэж сурагчдад захив.