Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ЦЭЦЭГМАА: БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ЗОРИЛГО МАТЕМАТИКИЙН ХҮНД ГАРГАЛГААГ БОДОХ БИШ

Бага боловсролын шинэчлэлийн багийн гишүүн Д.Цэцэгмаатай шинэчлэлийн агуулга, үр өгөөжийн талаар ярилцлаа.

-Өнгөрсөн хичээлийн жилд бага боловсролын системд шинэчлэл хийхээр 40 лаборатор сургууль дээр туршилт хийснээ энэ хичээлийн жилээс хэрэг­жүүлэхээр болоод бай­на. Энэ шинэчлэлийн хөтөл­бөрийн агуулга, зорилгын талаар яриагаа эхлэе?
-Өмнө сургалтын системд хэрэглэж байсан тогтолцоо бол агуулга төвтэй байсан. Сэдэв бүрийг хөөж үздэг. Түүнийгээ хэрэглэх, чадвар болгох нь дутмаг. Одоо бол хүүхдүүдэд анхнаас нь л суралцах арга барилыг нь олгоно. Ингэснээр хүүхэд багшаас болон бусад мэдээл­лийн хэрэгслээс суралцах боломжтой. Сурах арга барил гэхээр унших, сэтгэн бодох зэрэг үйлийн аргууд байна. Үүнийг л монгол уламжлалт ёс заншил, ардын аман зохиол дээр үндэслэж эзэмшүүлнэ. Ингэснээр нөгөө яриад байгаа зөв монгол хүүхдийг бий болгох нөхцөл бүрдэх юм.

-Эцэг эхчүүд миний хүүхэд заавал математикийн хичээлдээ сайн байх ёстой. Ингэснээр цаашид сайн ажил мэргэжилтэй болж, сайхан амьдарч чадна гэсэн ойлголттой байдаг шүү дээ?
-Хамгийн гол нь бага боловсролын үндсэн зорилго нь хүүхдийг өөртөө итгэлтэй болгож, нээх. Ирээдүй маань өөрөө биднээс өдөр бүр шинэ зүйлд суралцаж, хувьсал өөрчлөлтөд дасан зохицох чадварыг шаардаж байна. Өнөөдрийн үзэж байгаа математикийн мэдлэг 30 жилийн дараа хүний идэвхтэй амьдралд хэрэг болж ч магадгүй, болохгүй ч байж магад. Тэгэхээр одоо хүүхдүүд хэтэрхий шинжлэх ухааны мэдлэгт дарлагдаад сурах идэвхгүй болчихсон. Эцэг эхчүүдийн сургуульд хандах хандлага ч гэсэн өөр болсон байна. Тиймээс хүүхдүүдийг эхлээд зөв нээж чадвал цаашид богино хугацаанд ямар ч шинжлэх ухааны мэдлэгийг өгч чадна. Тэгэхээр бага ангийн сурагчдын маань зорилго математикийн хүнд гаргалгааг гаргаад байх биш боллоо. Өөрөөр хэлбэл математикаар нээгддэг хүүхэд байна. Биеийн хөдөлгөөн, уран гимнастикаар нээгдэх хүүхэд ч байна. Тийм учраас хүүхдүүд олон зүйлийг хийж үзэх шаардлагатай. Юунд сонирхолтой, юуг сайн хийж чаддагаа тодорхойлж, зорилго тавих ёстой. Ингэж чадвал багш, эцэг эхээс хараат биш идэвхтэй иргэн болж төлөвшинө. Манай хуучин системд багшаас бүх зүйл хамаардаг байлаа. Хүүхэд багшийнхаа хажууд байхаар хичээлээ хийж чаддаг, холдоод явахаараа чадахаа больчихдог. Ийм байдлыг л өөрчлөх гээд байгаа юм. Эцэг эхчүүд миний хүүхэд математикдаа л сайн байх ёстой гэж боддог. Тэд өөрсдийнхөө сурч байсан үеийг эргэж бодох хэрэгтэй. Үнэхээр амьдралд чинь математик хэрэгтэй байсан уу гэдгийг. Тийм учраас хүүхдийг хэн болохыг эцэг эхчүүд тулган шаардвал амжилт олохгүй. Багш бүр өөрсдийн аргатай гэж байна. Гэхдээ бас тэр аргаа хүүхэд бүрт тулган шаардах ёсгүй. Багшийн өөрийнх нь заах арга сайн байхдаа биш хүүхдээр өөрөөр нь сайн юм хийлгэдэг байх хэрэгтэй.
-Сурах бичгүүд багшийн номтой болж байгаа. Нүдээр үзээгүй ч хуучин сурах бичгүүдийн сурагчдад тулган шаардсан агуулга энэ удаагийн багшийн номд шингэсэн байх вий гэж хардаж байна?
-Багш нарт ингэж заа гэхээсээ илүү хүүхдэд энэ хичээлийг заахад та өөрөө ийм чадварыг эзэмшсэн байх ёстой. Хүүхэд энэ хичээлийг үзэх үед ийм алдаа гаргаж болзошгүй. Үүнийг анхаараарай гэсэн зөвлөмжүүдийг л өгөх гэж оролдож байгаа. Сурах бичиг өөрөө бас чадварт сургадаг байх ёстой. Багш нарт сурах бичиг зөвлөмж өгнө.
-Шинэчлэлийн хөтөлбө­рийн агуулгыг монгол хэлний хичээл дээр жишээ татан тайлбарлаж өгөөч?
-Хүүхдэд нэг эх өгөөд уншуулчихаад хэдэн дэлгэрэнгүй, хураангуй өгүүлбэр байна, зөв бичгийн ямар дүрэм хэрэглэгдсэн байна гээд л хэлний зүйг нь заадаг байлаа. Одоо бол тэр эхийг хүүхэд уншаад ойлгодог байх ёстой. Хүүхэд эхийг уншаад  энгийн асуултаас учир шалтгааны асуулт асуух замаар мэдлэгээ зузаатгах ёстой.  Багшийн зорилго нь тухайн хүүхэд зөв асуулт тавьж чадаж байна уу гэдгийг нь л хянах. Хүүхэд бүр унших чадвартай, уншаад ойлгох чадвартай байна. Ингээд тухайн хүүхэд ахлах ангид ороод цаашид хэрэв хэлзүйн шинжлэх ухаанаар мэргэшихийг хүсвэл одоо нөгөө дүрмээ судлана. Бид чинь нэгдүгээр ангиасаа л хэлзүйн шинжлэх ухааныг судалж байсан байна. Одоо түүнийгээ хойш нь тавиад монгол хэлээрээ яруу сайхан ярьж, уншдаг, ойлгодог болох хэрэгтэй байна.

-Хүүхэд анхнаасаа л монгол хэлний хичээлээ сайн суралцаж байж түүгээрээ мэргэшдэг байсныг хална гэсэн үг үү?
-Бүх хүүхэд ахлах ангиасаа л мэргэших хичээлээ сонгоод суралцана.
-Д11 жил тухайн хичээлийг шинжлэх ухаан талаас нь судлаад төгссөн хүүхэд дунд ангиасаа хойш гүнзгийрүүлж үзсэн хүүхэд хоёрын мэдлэг дүйцэх үү?
-Монгол хэлний хичээлийг сонгоогүй хүүх­дийн шалгуураар сонгосон хүүхдийг үнэлж болохгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд монгол хэлний унших, бичих, ойлгох чадваруудыг эзэмшээд надад энэ чадвар маань хангалттай гэж үзээд инженер болох сонирхолтой бол нөгөө хэрэгцээт хичээлээ үзэх боломжийг нээж өгч байна. Дэмий зүйлд цагаа үрэхгүй байх, хүүхдийн нөөц бололцоог аль болох чаддаг зүйл рүү нь төвлөрүүлэх гээд байгаа юм. Олон улсын жишгээр хүүхэд өөрийн хүссэн зүйлдээ илүү амжилт гаргадаг гэдгийг нотолчихсон.
-Биднийг ЕБС-д сурч байхад анги удирдсан багш маань математикийн багш байсан учраас манай ангийнхан математикийн хичээлээ хийхээс өөр аргагүй нөхцөлд байсан. Шинэчлэлийн хөтөлбөртэй зөрчилдөх нэг зүйл нь анги удирдсан багшийн мэргэшил байж болох уу?
-Ийм зүйл гарах үндэслэлгүй. Тэр үед хүүхэд багшийгаа дагаж суралцдаг байсан нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж байсан. Одоо бол хүүхэд юу хүсч байна тэр сонирхол дээр үндэслэн багш ажлаа явуулна. Математикт дургүй хүүхдийг 10 жил математикийн сургуульд сургачихаар хөгжлийг нь боомилж байгаа хэрэг. Хүүхдүүд хамгийн гол нь дунд сургуульдаа л өөрийгөө нээх хэрэгтэй. Одоо бол ажил дээр гарсан хойноо, их сургуулиа төгсөөд ажил хийж эхлэхдээ, ээж ааваас хараат биш болсон үедээ л өөрийнхөө юунд сонирхолтойг ойлгож, түүн рүүгээ явж байна. Ийм байх ёсгүй. Энэ нээлтийг аль болох багадаа хийвэл манай улсын ажиллах хүчин, хөдөлмөрийн нөөц илүү чанаржина. Хүн амын ихэнх нь их сургууль төгсчихсөн мөртлөө улс орны хөгжил маань яагаад ахихгүй байгааг бодох цаг ирсэн.
-Бага боловсролын хөтөлбөрийг шинэчиллээ. Одоо шинэ хөтөлбөрөөр суралцах хүүхдүүд маань таван жилийн дараа дунд ангид орно. Тэр үед үргэлжлээд суралцах хөтөлбөр нь бас бэлэн байх ёстой. Манайхан туршлагатай болчихсон учраас дараагийн шинэчлэлд хэр цаг хугацаа шаардах бол?
-Бага боловсролыг шинэчлэхэд хүн хүчний нөөцийн асуудал гарсан. Мөн энэ концепцдоо итгэл үнэмшилтэй болох нь чухал. Яагаад гэхээр боловсролын аль ч түвшинд ойлголтын зөрүүтэй байх ёсгүй. Хэрэв шинэчлэлийг бага боловсрол нэг өөрөөр, дунд нь бас өөрөөр, ахлах нь ч гэсэн өөрөөр ойлгоод явчихвал урьдынхаас ч дор юм болно. Ойлголтоо нэгтгэхэд цаг хугацаа шаардлагатай. Бид бага боловсролоос туршлага хуримтлуулж авсан бол хүүхэд ч гэсэн нөгөө шинэчлэлийн хөтөлбөрөөс олж авсан чадвараараа цаашид суралцах боломжтой болох ёстой. Лаборатор сургууль дээр асуудлыг туршиж үзээд цааш нь тараах учраас энэ удаагийн шинэчлэлийн үр дүн хурдацтай гарч байна. Өмнө бол асуудлыг удирдах албан тушаалтнууд шийдээд л хөтөлбөр боловсруулан албан бичгээр дамжуулдаг байсан. Багшид очоод цааш сурагчид хүрэхдээ буруу зөрүү байх нь энүүхэнд байлаа. Одоо бол шинэчлэлийн хөтөлбөрийг багш нарт ойлгуулах 13 мянган багшийг хамруулах сургалт эхэлчихсэн явж байна.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан