Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ үед БШУЯ-ны сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгатай ярилцлаа.
-Дунд сургууль барихаар улсын төсөвт жил бүр суулгадаг мөнгөөр асуудлыг шийднэ гэвэл хэзээ ч хэрэгцээгээ гүйцэхгүй гэх юм билээ. Цэцэрлэгийн хүрэлцээ ч хүнд байх шиг байна?
-Намар болгон эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж багагүй чирэгдэл болдог. Энэ нь цэцэрлэгийн хүртээмжээс гадна 2008 оноос санхүүжилтийг нь төр зуун хувь даадаг болсонтой холбоотой.
Хувийн цэцэрлэгүүдийн хувьд хувьсах зардлыг төрөөс авч, улсын ачааллаас багагүй хөнгөлдөг. Мөн сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байна. 2013 онд 83 мянган хүүхэд шинээр мэндэлж байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар л 50 мянга хол гарчихаад байна. Хүн амын 40 хувь нь 18 хүртэлх насныхан байна. Ийм байхад сургууль цэцэрлэгийн асуудал яригдахаас аргагүй. Хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна гэвэл улсын хэмжээний блансаас гадна 1100 сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлагатай.
Ялангуяа нийслэл шилжилт хөдөлгөөний төв болсон учраас жил ирэх тусам л сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдэж, энэ жил л гэхэд 5-10 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад өгсөн. Өнөө жил улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдийн 80 гаруй хувь нь л хамрагдана. Улсын хэмжээнд 3-5 насны 256 мянган хүүхэд байна.
-Дээрхи 80 гаруй хувь гэдэг төрийн болон хувийн цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн нийт тоо юу?
-Өнгөрсөн хичээлийн жилд хувийн болон улсын цэцэрлэг, хувилбар сургалт, гэр цэцэрлэг нийлээд 1067 байгууллага үйлчилгээ явуулсан мэдээ байна. Харин энэ жил улсын хэмжээнд 1112 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Үүний 781 нь төрийн өмчийнх.
-Цэцэрлэгийн хүрэлцээ ганцхан нийслэлийн асуудал биш юм билээ. Хөдөө орон нутагт хүүхдээ хувийн цэцэрлэгт сургах боломжтой иргэд цөөн...
-Хүн ам ихтэй аймгийн төвд бол нийслэлээс дутахааргүй ачаалалтай байгаа. Гэхдээ л хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар хичээж байна. Дөрвөөс дээш насны хүүхдүүдийг хувилбар сургалтад хамруулах зэргээр зохион байгуулсан. Элсэлтийн журамдаа ч энэ талаар оруулсан.
-Хувилбар сургалтын талаар тайлбарлаж өгөөч. Бага цагаар хичээллэдэг учраас эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийх боломжийг хангаж чаддаггүй юм билээ?
-Багшийн асуудал байна. Хувилбар сургалтыг хичээлийн жилээс бусад цаг хугацаанд, зуны амралтаар ч юм уу зохион байгуулдаг. Хичээллэх хугацаа бага. Гэр бүлэг бол хичээлийн жилд үйл ажиллагаагаа явуулдаг. Хувьсах зардлыг жилийнхээ төсөвт оруулж, аймаг орон нутагтай хамтран ажилладаг. Хувилбар сургалт хэд хэдэн арга хэлбэрээр явж байгаа. Нүүдлийн цэцэрлэг, явуулын багш, гэр багш гээд. Энэ бүгдэд багшлах боловсон хүчин дутагдалтай байна. Хүүхдийн дэргэд заавал мэргэжлийн багш байж тэднийг зөвөөр чиглүүлэх ёстой. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд наад зах нь харандаагаа зөв барьж сурах нь чухал.
-Дээд боловсролыг хөтөлбөрөөр нь шинэчлээд эхэллээ. Дунд боловсролынх нь шинэ сурах бичиг болоод хэвлэгдчихлээ. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар боловсролын бүх шатанд шинэчлэл хийж байгаа. Гэхдээ бүгдийг нь зэрэг эхлүүлж болохгүй л дээ. Ер нь, сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын шинэчлэлийг хийгээд туршаад эхэлсэн. Хичээлийн хөтөлбөрийг, багш нарын хандлагыг нь өөрчиллөө. Мөн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Авьяас”, “Ном” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ цаг үеийн хүүхдүүд маань мэдээллийн зуунд амьдарч байгаа учраас хаанаас ч хамаагүй мэдээлэл олж авдаг. Хэнээр ч заалгахгүй өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг. Тийм учраас тэр их сонирхол, боломжийг нь зөв тийш нь чиглүүлэх үүднээс сургууль, цэцэрлэг дээр нь багш нар тэдэнтэй сайн ажиллах ёстой. Гэхдээ хүүхэд ямар ч зүйлийг тулган шаардаад байхаар залхдаг. Эхний 5-10 минутад хичээлийнхээ мэдлэгийг өгөөд үлдсэн цагт нь хамт тоглож, эрж хайж байж нөгөө хичээлээ бататгадаг, амьдралд ойрхон хэлбэрээр хүүхдүүдийн идэвх сонирхлыг татдаг байхаар шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулсан. Хүүхэд гэрээсээ тэс өөр нөхцөлд орохоор цочирддог. Сургалтын хатуу дүрэм, стандарттай байхаар хүүхдийн эрх зөрчигдөж эхэлдэг. Хүсвэл хүүхэд тоглож л байг. Хичээл гэхээсээ хүүхдийг хүссэнээр нь байлгах хэрэгтэй. Цэцэрлэгийн багш нарыг цаастай зууралдсан ажлаас салгах ёстой. Тэдний гол ажил хүүхдүүдтэй хамт байх. Ингэснээр багш нарын өөрийн гэр бүлд зарцуулах цаг нэмэгдэнэ. Багш хүүхэдтэй хамт байж, тэдэнтэй тоглох үүрэгтэй.
-Хүүхэд харах шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр өнгөрсөн жил томоохон хэлэлцүүлэг хийж байсан. Хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?
-УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн ажлын хэсэг томилогдож, УИХ-д өргөн барьсан. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол болон бусад төрийн дэмжлэгийг авалгүй хохирдог. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын насны ангиллыг өөрчлөх нь зүйтэй гэж шийдсэн. Гурван наснаас эхлүүлж сургуулийн өмнөх боловсрол олгодог дэлхийн олон орны жишгийг хуулиндаа оруулж өгөх гарц олсон. Хэрэв зөвхөн 3-6 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэвэл бүгдийг нь хамруулах хүрэлцээ бий. Харин 1-3 насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулъя гэсэн. Хуучнаар ясли гэж нэрлэдэг байсан даа. 1.6-3 настай хүүхдүүдийн эцэг эх голдуу залуу хүмүүс байдаг учраас ажлаа хийж амьдралаа залгуулах хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээг хуульчилж өгснөөр тэдний ачааг хөнгөлөхөөс гадна нийгмийн өндөр ач холбогдолтой. Наад зах нь замын ачаалал багасна. Учир нь, уг хуулийн төсөлд хүүхэд харах үйлчилгээг тухайн албан байгууллага ч хэрэгжүүлэх боломжтой. Байгууллагууд хажуудаа ажилчдынхаа хүүхдийг харчихдаг цэцэрлэгтэй болвол эцэг эхчүүд өглөө ид замын ачааллын үеэр нааш цаашаа явж, илүү үйлдэл хийхгүй. Мөн бага насны хүүхдүүдийг эцэг эхтэй нь аль болох ойр байлгах хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээний хувьсах зардлыг төрөөс даагаад, тухайн албан байгууллага ус, тогны мөнгийг төлдөг байхаар шийдэж байгаа. Хүүхэд харах төвийг үүсгэн байгуулагч нь заавал багшийн мэргэжилтэй байх албагүй. Дээд боловсрол эзэмшсэн, сургалтуудад хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Төсөл маань хэрэгжээд эхэлбэл сургуулийн хүрэлцээг 100 хувь шийдэж чадна.
-Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгүүдийн орчныг сайжруулахаар төсвөөс мөнгө өгсөн. Түүнийг энэ жил ч гэсэн өгөх болов уу гэсэн хүлээлт багш нарт байна лээ?
-Цэцэрлэгийн орчин хүүхдийн сонирхлыг татахуйц байх ёстой. Хүүхдийн тоглоом л гэхээрээ зөвхөн эрээн мяраан байх албагүй. Танин мэдүүлэх зорилгыг давхар шингээх учиртай. Тиймээс багш нар өмнө нь хичээлийн хэрэглэгдэхүүнээ өөрсдөө хийдэг байсан бол өнгөрсөн жилээс дунджаар нэг багшид 50-100 мянган төгрөг олгохоор болсон. Хүүхдүүдийн амжилттай суралцах 70-80 хувь нь сургуулийн өмнөх боловсролыг хэрхэн олж авснаас шалтгаалдаг.
-Сургуулийн өмнөх боловсролын төрөл зүйл нь нэмэгдэхийн хэрээр багш нарын хүрэлцээ муудна. Эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтад сургуулийн өмнөх боловсрол багтсан байгаа. Үүнийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Хүүхэд харах үйлчилгээнд 90 мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Хүүхэд харах нэг төвд дээд тал нь 15 хүүхэдтэй хоёр хүн ажиллах тооцоотой. Тэгэхээр 19000 ажлын байр бий болно. Жил бүр төгсч буй цэцэрлэгийн 500-600 багшийн тоо хүрэлцэхгүй. Тиймээс гарц олохын тулд нэгдүгээрт шат шатны сургалтыг явуулах, хоёрдугаарт мэргэжлийн багш гэлтгүй тэтгэвэрт гарсан бага ангийн багш, ажлын туршлагатай 18-60 насны бусад хүнийг сургалтад хамруулж хүүхэд харах ажилд авах хэрэгтэй.
-Тусгай хэрэгцээт сургууль шиг төрөлжсөн цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэх үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, хорин дөрвөн цагийн, сувиллын цэцэрлэг гэж бий. Улаанбаатарт л гэхэд 24 цагийн 17 цэцэрлэг байдаг. Голдуу ээлжийн болон хөдөө орон нутагт ажилладаг хүмүүсийн хүүхдүүд хамрагддаг. Сувиллын цэцэрлэгийн хувьд улсын 10 дугаар цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн цэцэрлэг гэсэн хоёр цэцэрлэг ажилладаг. Нийслэлд 186 дугаар цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаад гурван жил болж байна. Нэг зүйлийг онцлоход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад оношилгооны том төв хэрэгтэй. Хүнд, хөнгөн хэлбэрийг тогтоосны дараа хаана хуваарилах, хэнд хариуцуулахыг шийддэг. Түүнчлэн тусгай зориулалттай цэцэрлэгийн багш нарын цалин, хоолны үнэ ахиу байдаг. Гэхдээ 24 цагийн зарим цэцэрлэг ердийн цэцэрлэгтэй адилхан санхүүжилттэй байсныг шалгалтаар илрүүлж зассан. Цаашдаа мэргэжлийн хяналтын байгууллагууд, боловсролын газрууд анхаарах ёстой.