Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Худалдаанд байдаг ”Хотын цэцэрлэг”


Хүүхэд төрүүлэх, өсгөх, цэцэрлэгт оруулах, их, дээд сургуульд сургах гээд тус бүртээ дундаж давхаргын эцэг эхчүүдийг сорьсон, сойсон “зовлон” болоод буйг хэлэх хүн олширч байх шиг. Есдүгээр сарын 1-ний өдөр ойртох тусам нийслэлчүүдийн дунд жинхэнэ ярианы сэдэв, үгээ хэлж, үйлээ үзэж буй зүйл нь цэцэрлэг боллоо. Яг л урьд урьдны жилийнх шиг, цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн ээжүүд, аавууд, эмээ өвөөтэй нь ээлжлээд, хонон өнжин дугаарлаж зогсоно. Олон ч хүн хэлж, ярьсаар одоо бүр байдаг л үзэгдэл мэт болжээ. Яагаад төрийн өмчийн цэцэрлэгт түмэн олон ийнхүү дугаарладаг юм бэ гэдэг асуултын хариу нь үнэгүй гэх ганц хариулт.

Тэгээд ч ажилчид нь арай туршлагатай, алдрай үрийг минь унтуулах гэж демидрол өгөөд байхгүй хариуцлагатай юм даа гэдэгт итгэдэг, найддаг. Төрийн цэцэрлэг хэдийгээр үнэгүй боловч орчин цагт хүүхдээ оруулахын тулд их сургуулийн оюутны төлбөрийн дайтай зардал гаргадаг болсон нь нууц биш. “Хоёр настай хүүхэд цэцэрлэгт шинээр бүртгүүлэхэд хахууль нь 600 мянган төгрөг, оочер нь 50 мянган төгрөг байна.

Өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгджээ” хэмээх хүн таарлаа. Өөр нэг нь хадгалж хадгалсан цэцэрлэгийн оочероо асуусан хүнд нь зарчихлаа гээд сууж байх. Тэр бүү хэл “Байна уу, цэцэрлэгээс ярьж байна. Баяр хүргэе, танай хүүхдийн оочер болчихлоо” гэхэд нь “Юу? Хэзээний оочер вэ? Манай хүү цэрэгт явчихсан шүү дээ” гэсэн онигоо ч гарч. Эсвэл “Жирэмсэн эмэгтэй төрөх гэж буй хүүхдийнхээ цэцэрлэгийн оочерыг одооноос авч байна” гэх егөө үг тархаж байна. Хоноод ч олддоггүй хотын цэцэрлэг дамын гэж хэлж болох наймааны нэг хэлбэр болсныг энэ бүхэн өгүүлнэ.

Яагаад. Адуу манаж, аяллаар яваа биш нийслэлчүүд яагаад суусан сандлаа хооронд нь олсоор хэлхчихээд гадаа хонож байгаа юм бэ. Ердөө л тэдэнд хүрэлцээтэй цэцэрлэг байдаггүйгээс тэр. Нийслэлд төрийн өмчийн  178, төрийн бус 250 цэцэрлэг байна. Эдгээр нь 2-5 настай цэцэрлэгт хам­рагдвал зохих хүүхдийн 72.3 хувьд хүрэлцээтэй. Хотын бүх хүүхдэд сургуулиас өм­нөх боловсрол олгоё гэвэл цэцэрлэгийнхээ тоог нэмэхээс өөр бодит гарц алга. Өмнөх жилийн цэцэрлэгийн хүр­­тээмж­тэй харьцуулахад хам­рагдсан хүүхдийн тоо 4.6 хувиар нэмэгдсэн болохыг Нийс­лэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэл­лээ. Өөрөөр хэлбэл, жилд төдий хэмжээний цэцэрлэг шинээр ашиглалтад орж, зах зээлээ тэлж байна гэсэн үг. Харин 2-5 настай хүүхдүүдийн тоо үүнээс хэд дахин хурдан өсч байдаг аж. Өнөөдөр Улаан­баатарт цэцэрлэгийн нас­ны 104481 хүүхэд бий. Тэд­ний 75579-ийг өнгөрсөн жил цэцэрлэгт хамруулжээ. 2012-2013 онд төрийн өмчийн долоон цэцэрлэг ашиглалтад орсон байхад төрийн бус өм­чийн 84 цэцэрлэг нээгджээ. Энэ он гарсаар 28 цэцэрлэгт тус­­гай зөвшөөрөл олгосноор үйл ажиллагаа нь эхэлсэн бол 45 тусгай зөвшөөрөл хэ­лэл­цэх шатандаа яваа гэнэ. Товч­­хондоо, улсын хөрөнгөөр барьж буй цэцэрлэг, хувийн хэвш­­­лийнхний нээж буй цэ­цэр­­­лэгийн тоо хол зөрүүтэй аж.

Төрийн өмчийн үнэгүй цэцэрлэгт явж буй хүүхдүүдийн тоог авч үзэхээр зохих ачааллыг 1.7 дахин хэтрүүлснийг албаныхан онцолдог. Дээр дурдсан нийт 75.5 мянган хүүхдийн 59 мянга гаруй нь улсын цэцэрлэгт оочерлосны эцэст орж чаддаг. Гэвч ингэхдээ төр хүчээ шавхаж, 100 хүүхэд орох ёстой цэцэрлэгт 180 хүүхэд бүртгэдэг гэнэ. Ингээд л дунджаар 28 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй өвөө, эмээгийндээ, ах, эгчтэйгээ гэртээ үлддэг аж. Дээрх тоонуудыг тоймлож үзвэл улсын үнэгүй цэцэрлэг цөөхөн хэрнээ багачуудын ихэнхийг хүмүүжүүлдэг. Харин хувийн цэцэрлэг олон хэрнээ 10 хүрэхгүй мянган хүүхэд хүлээн авдаг. Дүгнээд үзвэл улсын цэцэрлэг хавьгүй том, багтаамж ихтэй, хувийнх нь орон сууцны өрөө, давхарт ажил­ладаг. Өнөөдрийн нөх­цөл бай­далд тохируулж хүн амын өсөлтийг харгалзаж цэцэр­лэгийн эрэлтийг бүрэн хан­гая гэвэл 150 хүүхдийн баг­таамж­тай 374 цэцэр­лэг шинээр байгуулах шаард­лагатай гэдэг тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

“Улстөрчдөд угаасаа хамаагүй асуудал”

Үүр шөнө хаяарах сэрүүнд суугаад дугаарлаж буй хүмүүсийг хараад олон нийт улс төрчдийг, эрх баригчдыг, Засгийн газрыг, УИХ-ыг үзэн ядахаас наагуур юм боллоо. Тамхины хууль баталж, хогны ногоон уут тарааж, нийслэлийн нийтийн тээврээр оролдож, дугаарын хязгаарлалт үйл­дэж... Энэ дунд хүүхдийн цэцэр­лэгийг тултал нь барьж олшруулаад ард түмний нуруун дээрх хүнд ачааг хуу татаад өгөх асуудал алга.  Гэвч шүүмжлэл эзнээ олж төрийн институц бүрэн дөжирчихөөгүй гэдгийг илтгэх үйл явдал өчигдөр боллоо.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Да­ваасүрэнгийн урилгаар найман гишүүн цуглаж, холбог­дох яамныхан оролцов. Уг уулзалтад байнгын хорооны гишүүд оролцож, Боловсрол шинжлэх ухааны яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, нийслэлийн удирдлагууд мэдээлэл өгч, нөхцөл байдлыг шийдвэрлэх тодорхой саналд хүрэх ёстой байсныг Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн. Гэвч Ч.Улаан сайдаас бусад нь орлогчоо, газрын даргаа, асуудал хариуцсан мэр­гэжилтнээ явуулсан тул зөвхөн одоо байгааг харилцан ярих байдлаар уулзалт өндөрлөв. Хэдийгээр хариуцлага хүлээх, тодорхой шийдвэр гаргаж, удирдах эзэн биетүүд ирээгүй ч Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаа­ны байнгын хорооны албан бичгээр Засгийн га­зарт албан тоот хүргүүлж, хариуц­лага тооцуулна гэдгийг хэлж байсан юм.

Ирц ес байв. Байнгын хо­роон даргын хувиар Ц.Да­ваа­­сүрэн ирж, Засгийн газ­раас Ч.Улаан ганцаараа. Сөрөг хүчин МАН-аас Д.Сумъяа­базар гишүүн ирсэн байлаа. Бусад гишүү­нийг анзаарвал УИХ-д анх удаа сонгогдсон, гудам­жинд жагсаал, цуглаан, тэм­цэл хийж явсан нөхөд байх юм. Д.Батцогт, С.Ганбаатар, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Ж.Бат­зандан. Нэмээд Аюулгүй бай­дал, гадаад бодлогын байнгын хороон дарга Ц.Оюунбаатар уулзалтад оролцож саналаа хэл­лээ. Парламентын 76 гишүү­нээс ердөө есөн хүн л цэцэрлэгийн оочер, дугаарыг хараад зүгээр суух нь утгагүй гэдэгт санал нэгджээ. Засгийн газрын 17 сайдаас дөнгөж нэг нь л уг асуудлыг улсын чухал асуудал хэмээн үзэж уулзалтыг хүндэтгэн биеэрээ ирж, ажлаа танилцуулж, асуултад хариуллаа. Ийм л төр, засагтай ард түмэн бид намар хаяанд ирсэн энэ үеэр дээл нөмөрч, цэцэрлэгийн үүд сахиж суух тавилантай аж. Дашрамд хэлэхэд, эрх баригч Ардчилсан намаас ирсэн ганц хүн нь Ж.Батзандан гишүүн байлаа.

Тэдний зарим нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг сүүлийн хоёр жил хав дарж, хэлэлцэлгүй дөрвөн ч чуулган өнгөрөөснийг сануулж, шүүмжилж байв. Хэрэв ийм үйлчилгээ нэвтэр­чихвэл улсын бүх хүүхэд асрамж, халамжинд өсч торних тухай хэлээд хуулийн автор булаацалдсан амбиц, шоу, явуургүй улстөржилт хэмээн хатуухан дуугарсан нь ч бий. Мөн УИХ-ын гишүүдийн хувьд хариуцлага ярих гэхээр салбарын сайд нар, хотын дарга нь байхгүй учраас бид ярилцах, бодлоо хэлэхээс хэтрэхгүй нь гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн. Түүнч­лэн парламентынхаа дээр гар­чих­сан Засгийн газарт хариуц­лага тооцъё гэдэг үгсээ ч дайж амжсан юм. Уулзалт хэлэл­цүүлэг дуусах дөхөхөд зарим гишүүн өөрийнхөө тойргийн цэцэрлэгийн байдлыг тус бүрч­­лэн асууж, тодруулав. Харамсалтай нь, цаг үеийн шуу­гиан болсон асуудлаар шоудах төдий, хуралдсан дүр үзүүлж өнгөрсөн улстөрчид улам муухай харагдсан.

Байгууллагын дэргэдэх цэцэрлэг гэх санал

Нийслэлийн ЗДТГ болон БШУЯ-ны хамтарсан ажлын хэсэг тулгараад буй асуудлаар тодорхой саналууд гаргасан. Нэгдүгээрт, нийс­лэлийн цэ­цэр­лэгийн хүүх­дийн хоолны мөнгө буюу хувьсах зардлыг хоёр дахин нэмэх.
Ингэхдээ хагасыг нь эцэг эхчүүдээс гаргуулах боломж­той эсэх санал дэвшүүлсэн. Өнгөрсөн хавар хотын төвийн зургаан дүүргийн цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс дээрх саналыг асуухад 80 гаруй хувь нь дэмжсэн гэнэ. Тиймээс үүнд эрх зүйн зохицуулалт, шийдвэр хүлээгдэж буй юм. Хоёрт, энэ хичээлийн жилд хотод 292 хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Гэсэн ч эдгээр нь бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүй байгаа аж. Тодруулбал, 71 цэцэрлэгт 2552 ор сул байхад наана нь хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй.

Тиймээс үүнийг шийдэ­хийн тулд зөвшилцөж үзжээ. Хувийн цэцэрлэгийнхэн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс олгочихвол 3150 хүүхдээс төлбөр авахгүйгээр хүлээж авах боломжтой гэсэн аж. Гуравдахь санал нь, шаардлагатай 374 цэцэрлэгээс 2016 он хүртэл улсын төсөв, бололцоогоор 270-ыг нь барьж байгуулна. Гэвч хүүхдийн өсөлтийг цэцэрлэгийн бүтээн байгуулалт гүйцэхгүй байгаа тул албан байгууллагын дэр­­гэд цэцэрлэгтэй болох са­нал дэвшүүллээ. Дөрөвт, цэцэр­лэгийн бүтээн байгуулал­тын ажил удаан үргэлжилдэг тул хуучин цэцэрлэгүүдэд давхрын өргөтгөл хийх боломжтой 38 цэцэрлэгийн судалгаа гаргажээ. Нэг цэцэрлэгт дунджаар 75 ор нэмэгдэх бөгөөд тус бүрийн зардал нь 500 сая төгрөг гэж тооцоолсон байна.

0 Сэтгэгдэл
ulsaas hoolini mongiig ogdog bolsnoos hoish iim bolson bna sh tee bid nar huuhdeetsetserlegt ogdog bahad etseg ehchuud oorsdoo hooli mongiig ogdoh baihad tiim baidagui baisan
Хамгийн их уншсан