УИХ-ын төсвийн байнгын хорооныхон өнөөдөр цэцэрлэгийн байдлын талаар мэдээлэл сонсох гэнэ. Сонирхолтой нь цэцэрлэгийн хүрэлцээний талаар энэ УИХ бүрдэхэд л ярьж эхэлсэн санагдана. УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд харах үйлчилгээг бий болгох талаар санаачлага гаргаж, дэмжээд өгөөч гэж эрчүүдээсээ гуйж явсныг хүртэл мартаад цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгааг ахиад сонсч судлахаар болчихсон гэнэ.
Энэ жил эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд 1-7 хоног гадаа хоносон тухай дарга нарын сонорт юун түрүүнд хүргэх хэрэгтэй. Гэвч дугаарлаж дугаарлаж, нэг цэцэрлэг ихдээ хоёр анги авна гэснээр л эцэг эхчүүд хамран дундуураа “алгадуулаад” л буцаж байгаа. Сүйхээтэйхэн байвал авлигыг нь өгөөд хүүхдээ оруулна. Нэг ангид 50-55 хүүхэд байх нь тийм ч сонин зүйл биш. Уг нь 40 хүүхдийн багтаамжтай анги л даа. Аргагүйн эрхэнд 55 хүүхэд авчихаад байна гээд хэдэн багш нар нь мөрөө хавчаад зогсоно. Энэ жилийн хувьд харьяаллын цэцэрлэгт нь оруулахын тулд 500 мянгаас нэг сая хүртэл төгрөг өгч байгаа сурагтай. Нэг удаа өгөөд оруулчихвал ирэх жил асуудалгүй шүү дээ гэх нэгэн ч байна. Зарим нь бүр хоёр цагийн дотор мөнгөө аваад ирвэл хүүхдийг чинь одоохон оруулаад өгье ч гэх. Гэвч бэлэн сая төгрөг хармаалаад явах хүн хэд билээ. Сая төгрөг байхгүй учраас л улсын цэцэрлэгт өгөх гэж хонон өнжин дугаарлана биз дээ.
Хүсвэл хувийн цэцэрлэгт өг. Сарын төлбөр 200 мянгаас дээш. Үндсэндээ цалингийнхаа гуравны нэг хувийг хүүхдийнхээ цэцэрлэгт өгнө гэсэн үг. Гэтэл өнөөдөр Монгол өрхийн зээл, байрны зээл, машины зээлгүй залуу гэр бүл байгаа гэж үү. Байрны зээлэнд хамгийн багадаа 350 мянган төгрөг төлдөг. За тэгээд машиных бол бас л энэ хэмжээнээс буухгүй. Яг үнэндээ энэ амьдралын гортигт нэг удаа ч болов эргэлдэж үзээгүй сайд дарга нарт падгүй зүйл мэт санагдаж болох.
Есдүгээр сарын 1-нээс хотоороо нэг тойроод үзэх зоригтой УИХ-ын гишүүн сайд ер нь бий болов уу.Зундаа сургуульд сурдаг эгч ах нь амарчихдаг болохоор түгжээд ч болтугай гэрт нь үлдээнэ. Гэтэл есдүгээр сарын 1-нээс сургууль нь орно. Харин цэцэрлэгийн насны дүү нарыг харах хүн олдохгүй. Ээж аав хоёр ажил руугаа чирээд явах уу эсвэл нэг нь ажлаасаа гарах уу. Эцэст нь ээж л ажлаасаа гарч хүүхдээ гэртээ харна. За ингээд энэ гэрт аав ажил хийж байгаагаараа дархан эрх эдэлнэ. Ядарсан, ажил ихтэйгээ гайхуулна. Харин гэрт үлдсэн ээж ажилгүйгээрээ дуудуулна. Ингээд л гэр бүлийн хэрүүл уруул салалт...
Хэрвээ ээж аав хоёр хоёулаа ажил хийдэг бол хэрэлдэх зав гарах нь юу л бол. Ижил хэмжээний мөнгө олно. Ажил амьдралдаа ижил хэмжээнд зарцуулна.
Тэгэхээр төр нэгэнт цэцэрлэгийн асуудлыг шийдэж чадахгүй бол ээжийн нэр хүндийг өсгөх нэг л арга байна. Тэр нь ээж цалинтай байх. Төрөөс ээжид тэгвэл цалин олго л доо. Хэрвээ ээж цалинтай бол ядаж л цэцэрлэгт өгөх хүүхдийн тоо багасна. Тэгэхээр төсвийн байнгын хорооныхоон цэцэрлэгийн асуудлыг шийдэх арга байхгүй биш байна шүү.