Хааны гэр бүлд төрнө гэдэг нэг талаас ховорхон тохиох аз гэмээр. Хар багаас нь л алхах гишгэх бүрт нь зарц, туслах, бойда нар урд хойно нь орж гүйн, өдөр шөнөгүй магтан сайшааж, бахархан зусардаж улыг нь долоох энүүхэнд. Хоол унд, тоглоом, зугаа цэнгэл, анхаарлаар дутна гэж байхгүй. Хүссэнээ хийнэ, дуртайгаа авна. Гэхдээ ганцхан болзолтой , яаж ч дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсан ч тэр бүх дуулиан шуугиан гэр бүлийн хүрээнээс гарахгүй байх ёстой. Учир нь эгэл жирийн иргэд хаан, хатан, хунтайж, гүнж нарыг ямар ч өөгүй, үлгэр дээр гардаг шиг хүмүүс гэж ойлгоод сурчихсан. Ийм нөхцөлд хааны гэр бүлийн хэн нэгний увайгүй авир, дүрсгүйтэл, агсам согтуу тавьсан тухай мэдээ гадагш гарч олон нийтийн хүртээл болно гэдэг хааны гэр бүлийн нэр хүндэд тун таагүй тусдаг.
Уншигч танд танхай, дэггүй, зохисгүй авир гарган олон нийтийн анхаарлыг татаж гэр бүлийнхээ нэр хүндийг сэвтүүлсэн хаад, хунтайж, гүнж нарыг түүхийг хүргэе.
Гүнж Теодора Зайн-Витгенштейн
Хэрэг: мини-стриптиз, архидан согтуурсан, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй
2014 оны долдугаар сард Шотландын шүүх германы 27 настай гүнжийг олон нийтийн газар зохисгүй авирласан, яс үндсээр ялган заналхийлсэн, баривчлахад эсэргүүцэл үзүүлсэн хэргээр 1700 долларын торгууль төлөх шийтгэл ноогдуулсан байна. Олон зууныг дамжсан алдартай язгууртан удмаас гаралтай гүнжтэн энэ оны гуравдугаар сард нэртэй " St Andrews " их сургуулийн оюутны үдэшлэгт оролцож байхдаа согтож хамаг хувцсаа тайчин стриптиз хийх гэж оролдсон, цугласан оюутнуудыг элдвээр дайрч доромжлон дуудлагаар ирсэн цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн. Агсам тавьж байхдаа гүнж ижил хүйстнүүдийг хараан зүхэж, лаланы шашинтан, арабудын алахыг уриалж байсан аж.
Хунтайж Жефри
Хэрэг: дэлгүүр хэсч асар их мөнгөөр хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдан авах донтой, завхай
Брунейн султаны төрсөн дуу хунтайж Жефрийг сексийн амьдралдаа хэрээс хэтэрсэн анхаарал тавьдаг хаан угсааны хүн гэж болно. Тэрээр аялах дуртай завинуудаа "Tits", "Nipple-1", "Nipple-2" гэж нэрлэсэн нь үүний жишээ. Дэлгүүр хэсч асар их мөнгийг яах ийхийн зуургүй үрэн таран хийдэг донтойгоороо алдартай. Жишээлэхэд, ганц сарын дотор 55 сая долларыг үрж жинхэнэ дуулиан тарьж байна. 55 сая ам.доллараар юу авсан бэ гэсэн чинь найман саяар арван хоё цаг тэгээд бусдыг нь аахаар шаахар зүйл гэж тайлбарлаж байв. Жефрийн гаражд 2300 машин бий гээд төсөөлөөрэй.
Ийм үрэлгэн байдал хаан ахынх нь анхаарлыг татсан нь мэдээж. Тэгээд Брунейн Сангийн сайдаар ажиллаж байсан түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж мөнгө үрсэн хэргээр буруутган огцруулжээ. Одоо тэр тун даруухан сардаа ердөө 22 мянган ам.доллар аваад бараг ядуу гэмээр амьдарч байгаа юм байх.
Гүнж Мешаэль Алайбан
Хэрэг: хүчээр боолчилсон
Саудын Аравийн хунтайжийн эхнэр Абдулрахмана Мешаэль Алайбан тун ч хэрцгий нэгэн. Тэрээр хар багаас хүн захирч, зандарч сурсан, гадна ертөнцөд хэддүгээр зуун байх нь хамаагүй ямагт тийм байх болно гэдэгт огтхон ч эргэлздэггүй хүн байсан бололтой. Учир нь, гүнжтэнг Калифорни мужийн цагдаа нар бусдыг хүчээр боол болгосон гэдэг хэргээр баривчилсан юм.
Кени улсаас ирсэн нэгэн цагаач эмэгтэй өөрийнг нь гүнжтэн АНУ дахь нэгэн харшдаа үйлчлэгчээр хөлсөн авсан хэдий ч цалин огт өгч байгаагүй, харин ч бүр паспортыг нь хурааж аваад элдвээр доромжлон дээрэлхэж боол шиг ажиллуулж байсан гэж гомдол мэдүүлсэн юм. Кени хүүхэн сэргэлэн хүн байсан тулдаа сиймхийг тааруулан зугатаж гараад цагдаагийн газар хандажээ. Цагаач эмэгтэйн дуудлагын дагуу гүнжийн харшид ирсэн цагдаа нар хүчээр боолын ажил хийж байсанөөр дөрвөн эмэгтэйг олж сулласан байна. Ингээд тун өвөрмөц хэргээр шүүх хурал болсон ч гүнжтэн гэрчүүдэд мөнгө өгсөн үү, өмгөөлөгч нь мундаг байсан уу ямар л байсан нотлох баримт олдоогүй гэдэг үндэслэлээр түүнийг суллан тавьсан юм.
Хунтайж Гарри
Хэрэг: архидсан, мариухан тасан, хэвлэлийнхэнтэй зодолдсон
Хунтайж Гарри нь Британий хааны гэр бүлийн хамгийн дэггүй хүүхэд. Гуч дөхсөн болохоор ойрд томоотой байгаа. гэхдээ л өмнөх хэргүүд нь хатан хаан эмээ, угсаа залгамжлах хунтайж аавыг нь багагүй бухимдуулж, улайлгаж байсан тул одоо ч мартагдаагүй хэвээр. Наад нь , 2012 онд Лас Вегаст хийсэн нүцгэн үдэшлэг байна. Энэ үдэшлэгийн нүцгэн зураг шар сонин хэвлэлүүдийн нүүрэнд гарч хатан хааны гэр бүлийг улайлгаж, сонины эздийг баяжуулсан. 2005 онд багт наадам дээр эсэсийн дүрэмт хувцастай гарч ирж ёслоод дэлхий даяар шүүмжлүүлж эцэст нь уучлал гуйж байв. 2002 онд ердөө 17 настай байхдаа мариухан татаж байгаад баригдан бас л бөөн юм болж байлаа.
Гүн Ирина Уолкер
Хэрэг: Азарган тахианы зодоон зохион байгуулсан
Америк хэдий эрх чөлөөтэй ч гэлээ хууль дүрмээ ягштал баримталдаг гэдгээрээ хатуу. 2013 онд хилийн чанадад байгаа Румыний хаан I Михай-ийн охин, Ирин гүнжтэн азарган тахианы зодоон зохион байгуулсан хэргээр буруудан шүүгдэж байв. Ийм зодоон нь амьтадаад хэрцгий хандан хэрэг гэж үзээд Америкт хориглосон байдаг. Гүнжтэн нөхрийнхөө хамтаар бүтэн жилийн турш өөрийн эдлэн газар азарган тахианы боцоотой зодоон явуулж, нэг зодооноос хамгийн багадаа хоёр мянган ам.долларын ашиг олдог байсныг тогтоожээ.
Хунтайж Маха Вачиралонгкорн
Хэрэг: Нохойндоо хүнээс илүү хайртай
Тайландын угсаа залгамжлах хунтайж Маха Вачиралонгкорн түүний гэргий Срирасми хоёр Фу-Фу нэртэй давжаа пудель нохойндоо дэндүү хайртай юм гэнэ. Ингээд 2009 онд нохойныхоо төрсөн өдрөөр өвөрмөц үдэшлэг зохион байгуулжээ. Стринг дотоожоос өөр хувцасгүй Срирасми нь нохойнд баярын бялу өргөж ирж яваа бичлэн интернэтэд топ хит болж байлаа. Ийнхүү хунтайжтан нохойныхоо төлөө эхнэрээ нүцэглээд зогсохгүй, маршал цол олгон цэргийн дүрэмт хувцас өмсгөөд албан ёсны арга хэмжээнд олон удаа оролцон олны анхаарлыг татаж байв. Нохойндоо үнэхээр хайртайдаа маршал цол олгож, дүрэмт хувцас өмсгөсөн үү эсвэл Тайландын бодит бүх эрх мэдлийг атгаж байдаг армийн удирдлагыг үзэн яддагаа илэрхийлсэн үү гэдэг нь тодорхойгүй үлдсэн.
Ганноверийн хунтайж V Эрнст Август
Хэрэг: архинд дуртай, зодоонч
Монакогийн гүнж Каролина Гримальдийн нөхөр, Британий хатан хаан II Елизаветагийн холын хамаатан Эрнст Август нь бүр тартагтаа тулсан архичин биш ч гэлээ архи, согтууруулах ундаа далай шиг цалгиж байдаг үдэшлэг цэнгээнд нугасгүй нэгэн. нэг удаа ийм үдэшлэгт хэт их ууснаас болж шартаад Испанийн хунтайжийн хуриманд ирж чадаагүй байдаг. Үүнээс гадна Эрнст Август папарацци нартай хайр найргүй нударга зөрүүлдгээрээ алдартай бөгөөд Зодоонч хунтайж гэсэн хочтой болсон.
Гүнж Маха Аль-Судаири
Хэрэг: тооцоо хийхээс бултдагаараа алдартай
Саудын Аравийн хааны гэр бүлийн гүнж Маха Аль-Судаири нь гэр бүлийнхээ нэр нөлөөг ашиглан энд тэндээс өр тавьж зээлээр их хэмжээний зүйл худалдан авчихаад дараа нь төлбөрөө хийлэгүй гол гардаг гэдгээрээ алдартай. Нэгэн удаа Парис хотын "Shangri-La" зочид буудалд хагас жил амьдарчихаад тооцоо хийхэд болоход тооцоо хийлгүй шууд л олон арван чемодануудаа цуглуулаад улаан цайм зугатах гэж яваад баригдаж бөөн дуулиан болж байв. 2008 онд Парисын янз бүрийн алдартай брэнд зардаг бутикуудаас нийт 16 сая еврогийн тооцооны бичиг хүлээж аваад шууд л Саудын Аравийн элчин сайдын яаманд очиж улс төрийн орогнол хүссэн байдаг. Энэ 16 саяын зөвхөн 89 мянгыг гэхэд л люкс ангиллын эмэгтэйчүүдийн дотуур хувцас зардаг бутикт үрсэн байж.
Испаний Хаан I Хуан Карлос
Хэрэг: эхнэрээ араар нь тавьсан, хариуцсан ажилтайгаа огт нийцэхгүй зүйл хийсэн
Испаний хаан I Хуан Карлос нь Дэлхийн унаган байгалийн сэнгийн Испаний салбарыг удирддаг байв. Энэ сан нь зэрлэг араатан амьтадыг агнахыг эсэргүүцдэг, мөхөж яваа амьтадыг хамгаалах янз бүрийн аян явуулдаг гэдгийг та санаж байгаа байх. Гэтэл 2012 онд хаантан Ботсвана улсад зэрлэг заан гөрөөлж яваад сэтгүүлчдэд баригдан дуулианы эзэн болсон. Уг нь, хамгаалах ёстой зэрлэг араатан амьтадаа агнаж явааг нь хэн ч мэдэхгүй өнгөрч болох байлаа. Даанч хаантан ан хийж яваа хөлөө хугалж эмнэлэгт яаралтай хүргэгдсэн аж. Хаан яагаад хөлөө хугалав гэж сэтгүүлчид эрэн сурвалжилсаар зэрлэг заан буудаж байсныг нь олж мэдсэн байна. Ийм хариуцлагагүй үйлдлийг нь испаничууд төдийгүй дэлхий нийт магтаагүй нь мэдээж. Ядаж байхад яр гэгчээр хаантан зааны анд ганцаар яваагүй, нөхрөөсөө салсан ганц бие герман гүнж Корина Зайн-Витгенштейнтай хоёулханаа явж байсан нь илэрч бөөн юм болжээ.