Өнөөдөр дэлхийн музейн өдөр. Энэхүү өдрийг угтаж Монголын хамгийн анхны түүхийн музей хэмээгддэг “Богд хааны музей”-д зочиллоо. “Билгийг хөгжүүлэн бадруулагч” буюу “Шаравпэлжээлин” нэртэй уг цогцолборыг 1893-1903 оны хооронд Монголын шарын шашны тэргүүн наймдугаар Богд Жавзундамбад тусгайлан зориулж барьсан түүхтэй. Түүхнээ 17 дугаар зууны хоёрдугаар хагасаас Монголд шарын шашин түгэн дэлгэрч улмаар энэ зууны дунд үеэс эхэн үе хүртэлх хугацаанд Монголын шарын шашныг Монгол, Түвдээс тодорсон Дарнатын хувилгаан Богд Жавзундамбын найман дүр тэргүүлж эхэлсэн хэмээгддэг.
Жавзундамба буюу Агваанлувсанчойжилням нь 1869 онд Лхас хотод төрсөн. 1871 онд Богд Жавзундамбын найм дахь дүрээр тодорч, 1874 онд Халх Монголд ирж, Богд гэгээний сэнтийд заларсан түүхтэй. 1911-1919 онд Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт нарангэрэлт, түмэннаст эзэн хаанаар өргөмжлөгдөж, 1921-1924 онд шашны асуудал эрхэлсэн хэмжээт эрхт хаан гэгдэж байгаад 55 насандаа өвчний улмаас таалал төгссөн байдаг. Ингэснээр 1924 оны Ардын намын төв хороо, Засгийн газар улсын музейг байгуулах товчоог байгуулж, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Богд хааны эзэмшилд байсан эд хэрэглэл, соёл урлагийн ховор зүйлээр музей байгуулж байжээ.
Одоогийн музей
Энэхүү музейд орж үзсэн хэн болов ч тухайн үеийн ахуй байдал, наймдугаар Богдын амьдралын нэгээхэн хэсэгт зочилно. Одоогийн музей нь Зуны мөргөлийн сүмүүд, Өвлийн ордон хэмээх хоёр хэсгээс бүрддэг. Үүний дотор Дорно дахины хийц бүхий бурхны шашны мөргөлийн Махранзын, Зээгт наамлын, Танка буюу уран зургийн, Эрдэм итгэмжит буюу Найдан, Олон бурхдын, Номын сангийн, Лаврин гэсэн долоон сүм, Европ маягийн хоёр давхар цагаан байшин бий. Мөн музейн урд талд Халхавч буюу Ямпай хаалга, ямба ёслолын үеэр ордог байсан Асарт гурван хаалга, Монголын тусгаар тогтнолыг бэлгэдсэн Амгалан Энхийн хаалга, тугны хоёр багана зэрэг байдаг юм.
Ямар ч хадаас ороогүй Амгалан энхийн /Анди мэн/ хаалга
Музейн үүдээр ороход хамгийн түрүүнд энэхүү сүрлэг хаалгатай тулдаг. Энэ нь Манжийн эрхшээл ноёрхлыг эсэргүүцсэн монголчуудын эрх чөлөөний тэмцэл 1911 оны сүүл үед ялалтаар төгсөхөд Богд Жавзундамба хутагт хаанаар өргөжлөгдөх үед энэхүү хаалгыг бариулж байжээ. Хаалганы зураг төслийг уран барилгач “зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зохион бүтээсэн гэдэг. Энэхүү хаалгыг бариулахад ард түмнээс 280 мянган лан мөнгө буюу 175 кг-тай тэнцэх мөнгөн хураамжаар өргөл барьц аван олон түмний хандиваар бариулж байсан гэдэг. Тус хаалга нь 108 төрлийн оньс сүлжээ, угсрах арга ухаанаар бүтсэн бөгөөд нэг ч хадаас ороогүйгээрээ дэлхийд алдартай урлагийн бүтээл билээ. Мөн тус хаалга нь найман үндсэн тулгуур багана, долоон үетэй асар маягийн дээвэр хэсгээс бүрдэж, хээ угалз, сийлбэр, амьтдын дүрсээр чимэглэгдэж дорно дахины үлгэр домог, Тансан ламын туужийн хэсгээс харуулсан зургууд дөрвөн махранз зэргийг өнгө будаг зохицуулан урласан онцлогтой.
Өвлийн ордон
Түүний өвлийн ордон болох хоёр давхар Европ маягийн цагаан байшин нь Хаант Орос улсын барилгачдын зураг төслөөр баригдсан. Манж Чин гүрний эзэн хаан буруу номтны барилга хэмээн тэрхэн үедээ үзэж байсан бөгөөд тухайн үед байшингийн дээвэрт алтан ганжир байрлуулж, хананд нь бадамлянхуа цэцгэн хээ зуруулж нэмэлт засвар хийлгэж тэрхүү хэл амыг дарж байсан удаатай хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Энэхүү барилга нь дотроо хүлээлгэ, хүлээн авалт, хаан хатны унтлагын өрөө, Богд хааны хувцасны өрөө, Алтан сан, Төрийн шар ордон, Хаш чулуун эдлэлийн өрөөнөөс бүрддэг юм.
Их хааны номын сангийн сүм
Наймдугаар Богд Жавзундамба хутагтын хамгийн зочлох, амрах дуртай газар нь түүний номын сүм. Энэхүү сүмд уйгаржин монгол төв, санскрит, манж, хятад хэл дээр бичсэн олон боть судрууд хадгалагдаж байжээ. Энэхүү судрууд нь одоо Улсын төв номын санд хадгалагддаг байна. Харин одоо музейд байгаа зарим нэгэн судар ном, номын бар, сүсэгтэн олны хэрэгцээнд зориулж цутгадаг байсан бурхдын шавар, гуулин хэвийг энэхүү цогцолборыг үзэн сонирхохоор ирсэн жуулчдад зориулан дэлгэн харуулдаг аж. Богд Жавзундамбын хувьд энэхүү номын өргөөнөө зуны цагаар ихэвчлэн сууж судар эргүүлдэг байжээ.
Ирвэсийн арьсан гэр
Уг музейг сонирхож үзэх гэсэн хэн бүхний үзэх дуртай үзмэр нь ирвэсийн арьсан гэр. Одоо цагт дэлхий даяар ховор амьтанд тооцогдох болсон уг араатнаар Монгол гэрийг бүрсэн нь бас л сонин тохиолдол шүү. Уг гэрийг наймдугаар Богдын 25 насны ойд зорилж Сэцэн хан аймгийн бэйс Сангилдорж түүнд бэлэглэсэн байна. Уг гэрийн бүрээсэнд нийт 150 ирвэсийн арьс оржээ. Богд хаан маань энэхүү өргөөндөө бясалгал хийх зорилготой ордог байж.
Г.БАТТОГТОХ: ТҮҮХИЙГ СЭРГЭЭНЭ
Музейн менежер Г.Баттогтохтой цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр дэлхийн музейн өдөр Богд хааны музейн зүгээс энэ өдрүүдэд үзэгчдэдээ ямар сюрприз барихаар төлөвлөөд байгаа вэ?
-Манай музейн хувьд арай өөрөөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Учир нь, зөвхөн өнөөдөр л дэлхий даяар музейн өдрийг дурсахаас илүүтэй, өдөр бүр яг энэ өдөр шиг байнгын нэгэн хэвийн үйл ажиллагаатай ажиллах болно. Зуны цагийн хуваарьт ч шилжлээ. Мөн бусад музейгээс манайх томоохон ногоон байгууламж газар талбайтайгаар ялгардаг. Тиймээс энэхүү өдөр жилийг угтаж илүү гоё ногоон төгөл байгуулахаар ажиллаж байна. Эрт дээр үед ч тэр Богдын ногоон ордон хэмээн яригддаг байсан. Тиймээс нэг талаараа түүхийг сэргээнэ гэсэн үг.
-Нийт талбайн 5.7 га газарт 300 орчим мод тарьсан гэсэн. Хаанаас санхүүжүүлсэн талаар?
-Манайх төрийн тусгай хамгаалалтад байдаг. Тиймээс газар зүй, геодизийн компанитай хамтарч энэхүү модыг тарьж эхлээд байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл шүү. Тун удахгүй зүлэгжүүлэх аян эхэлнэ. Бидний зорилго энэ сайхан түүхт музейгээ ногоон музей болгох.
-Богд хааны музейд жилд хэчнээн жуулчин ирдэг бол?
-Ойролцоогоор 17 мянган жуулчин ирдэг. Өнгөрсөн жилийн хувьд бараг л 20 мянга дөхсөн шүү.
-Богд хааны музейн 2.1 га газарт буудал барина хэмээн газрын маргаан гараад байгаа. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тавьчихсан. БСШУ-ны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гээд холбогдож болох бүхий л газарт албан бичиг хүргүүлсэн. Энэ бол төрийн хамгаалалтад байдаг газар. Одоогоор бичгийнхээ хариуг шаардах 14 хоногийн хугацаа арай л болоогүй байна. Тухайн үед нь танай сониноор дамжуулж мэдээлэл хүргэнэ ээ.