Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA-ийн санхүүжилтээр Монгол Улсын инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх 7.5 тэрбум иен буюу ойролцоогоор 129.9 тэрбум төгрөгийн зээлийн хэлэлцээрт өнгөрсөн гуравдугаар сард гарын үсэг зурсан. Энэ хүрээнд энэ оноос эхлэн 2023 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн дагуу 1000 гаруй хүнийг Японы КООСЭН техникийн коллежид суралцуулахаас гадна дэлхийн шилдэг сургуулийн жагсаалтын эхний 100-д багтдаг Японы их, дээд сургуульд суралцуулах аж. Суралцагчдын бүртгэлийг ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн есдүгээр сарын 5-ны хооронд www.mjeed.edu.mn цахим хаягаар бүртгэх юм байна. Ингэснээр дэлхийн жишигт нийцсэн шилдэг их, дээд сургуулийн боловсролыг 8.4 дахин хямд өртгөөр эзэмших боломж бүрдэж байгаа юм.