Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

232 шүдээ авахуулсан залуу байна

Генийн өөрчлөлт, ураг боловсрон шатанд гарсан гажиг эсвэл одоогоор хараахан тодорхойлж чадаагүй байгаа шалтгааны улмаас шүд заримдаа огт байх ёсгүй газраа ургадаг тохиолдол цөөнгүй. Заримдаа ингэж ургах ёсгүй газраа ургасан шүд маш олон, заримдаа санаанд оромгүй, заримдаа бүр аймаар байх. Эдгээрийн заримаас танд сонирхуулъя.


1.  232 шүдээ авахуулсан залуу

Энэтхэгийн нэгэн эмнэлгийн эмч нар 17 настай залуугийн амнаас 232 ширхэг шүд авчээ. Зургаан цаг үргэлжилсэн мэс ажилбар хийж байж олон шүдийг суга татан авсан байна. Улмаар нэг хүний амнаас авсан хамгийн олон шүд гэдгээр Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэхэээр мэдүүлэг явуулаад байгаа гэнэ. Ашик гаваи гэгч энэ залуу Энэтхэгийн Амравати мужийн жижиг тосгонд амьдардаг.

Ойролцоогоор жилийн өмнө хүүгийн доод эрүүн дор нь хавдар байхыг гэрийнхэн нь анзаарч эмчид үзүүлсэн ч орон нутгийн эмч нар юун хавдар, яаж эмчлэхээ мэдэхгүй байж. Ар гэрийнхэн нь хорт хавдар байж магадгүй гээд арай арай өндөр түвшний эмч нарт үзүүлэхэд түүнд "одонтом" буюу шүднээс тогтсон хоргүй хавдар гэсэн онош тавьжээ. Энэ хавдраас болж зажлах залгихад бэрхшээлтэй болсон байна.

Хүүгийн хавдар дотроос эмч нар 232 шүдийг авч хавдрыг нь үгүй болгожээ. Одоо хүү 28 шүдтэй, бусдын адил хэвийн амьдарч байгаа аж.


2. Хамар дотор ургасан шүд

Хамраас цус гарах нь түгээмэл үзэгдэл. Ноцтой өвчин эмгэг байхгүй бол хэт халсан, хөөрсөнөөс үүдэн хамраас гарсан цус удалгүй тогтдог. Харин Саудын Аравид амьдардаг энэ залуугийн хамраас ёс юм шиг сардаа хоёр удаа их хэмжээний цус гардаг болоод гурван жил болжэээ.  

Ингээд хөөрхий залуу эцэст нь аргаа бараад эмчид үзүүлтэл эмч хамар дотор нь зааны соёо шиг цагаан 1 см урттай ясархаг зүйл байгааг олж харжээ. Дараа нь шүдний эмчид давхар үзүүлэн зөвлөлдөөд хамар дотор байгаа ясархаг зүйл нь шүд гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үүний дараа жижигхэн мэс ажилбар хийгээд шүдийг сугалан авчээ. Харин шүд яагаад гэнэт хамар дотор ургах болсныг тайлбарлаж чадаагүй аж.


3. Цус сорогчийнх шиг шүд

Хятадын Чунчин хотод аж төрдөг жаалын үүдэн хоёр шүд нь хурц соёо хэлбэртэй ургаснаас болж цус сорогчтой төстэй болжээ. 2012 оны сүүлээр хүүгийн эх орон Ван ХУэй нутгийн эмнэлэгт үзүүлэн зөвлөгөө авсан байна. Хүү төрснөөсөө хойш өсөлт удаан,сульдаа гэсэн онцлогтой явсаар дөнгөн данган шүд ургатал ийм цус сорогч шиг шүдтэй боллоо гээд зовлонгоо тоочиж.

Гол зорилго нь яагаад ийм шүд ургах болсныг эмч нараас тодруулах. Ингээд маш олон эмнэлэг, эмч нартай уулзсан ч тодорхой тайлбар, хариу авч чадаагүй гэнэ. Тэгээд явсаар Баруун Өмнөд мужийнй цэргийн эмнэлгийн эмч нар хүүг чинь насанд хүрч өсөлт нь тогтож гүйцсэний дараагаар л хагалгаа хийж байж асуудлыг шийдэх боломжтой гэсэн хариу өгчээ.

Хагалгааны төлбөр 70 мянгаас 80 мянган юань болно гэсэн байна. Харин тэр болтол хүү нь шүднээсээ болж  сургууль дээрээ ангийнхантайгаа байнга зодолддог, өдөр ирэх тусам зожиг, бүрэг болж хувирч байна гэж Ван Хуэй хэлсэн байна.


4. Тархинд ургасан шүд

Америкийн Мэрилэнд мужд амьдардаг дөрвөн сартай хүү тархинд нь шүд ургасан анхны хүн болжээ. Хүүгийн толгой тухайн насандаа байх ёсгүйгээр хурдан томорч эхлэхэд эмч нар сэжиг авч шинжилгээ хийжээ.

Тархийг скандаж үзтэл дотор нь ердийн үед доод эрүүнд ургадаг шүдтэй төстэй бүтэц агуулсан хавдар байгааг илрүүлжээ.Удалгүй хагалгаа хийж хавдрыг авсан бөгөөд хүүгийн бие, өсөлт хэвийн байгаа аж.


5. Хараа оруулдаг шүд

Мартин Жонс гэгч англи эр арав гаруй жил хараагүй явжээ. Гэвч 2009 онд эмч нарын хийсэн зоримог хагалгааны ачаар хараа орсон байна. эмч нар түүнд хараа оруулахын тулд шүднийх нь нэг хэсгийг нүдэнд нь суулгажээ. Бүр тодруулбал соёоных нь нэг хэсгийг авч нүдэнд нь суулгасан.

Соёны угт нь хиймэл болор суулгаад, дараа нь соёог цусаар хангахын тулд буйлнаас хэсгийг авч нийлүүлэн цусан хангамжтай болгосон байна.

Мөн эмч нар нүдний эвэрлэг бүрхүүлийн нүхийг багасган дотогш нэвтэрдэг гэрлийн хэмжээг багасгажээ. Ингээд бэлэн болсон өвөрмөц нүдийг Мартинд суулгасан байна. Энэ өвөрмөц аргаар зургаан ч хүнд хараа оруулжээ.


6. Чихэнд ургасан шүд

Английн Шеффилд хотод аж төрдөг 47 настай Стивен Хирст чих нь өвдөж үйлээ үздэг нэгэн байж. Анх өсвөр насанд байхад нь баруун чихний хонгилд нь хурц өвдөлт мэдрэгдэсний дараа тасралтгүй өвддөг болсон гэнэ. эмч нарт үзүүлэхээр чихэнд нь халдвар орсон байна гээд элдэв эм, тан бичиж өгдөг ч тусыг үл олдог. Яагаад өвдөөд байгааг тодорхой хэлчих эмч ганц ч гаралгүй 30 гаруй жил үйлээ үзсэн байна.

Өвдөлт заримдаа маш хүчтэй болж Стивен өвдөсөндөө орь дуу тавин бөөн юм болдог байв. Ингэж яваад Халламширийн вангийн эмнэлгийн эмч нарт нарийн үзлэг хийлгэтэл чихэн дотор нь шүд ургаж байгааг илрүүлэн шүдийг нь авчээ. Шүд яахаараа чихэн дотор нь ургасныг эмч нар одоо хүртэл тайлбарлаж чадахгүй байна. Харин чих нь өвдөхгүй болсон Стивен их аз жаргалтай байгаа аж.


7. 28 шүдтэй төрсөн хүүхэд

2010 онд Кений улсын Ньяндэруа гүнлэгт аж төрдөн олон хүүхдийн эх Марта Матони ээлжит удаагаа төрж хүүтэй болжээ. Гэтэл нярай хүү нь шууд 28 шүдтэй төрж олныг гайхуулсан байна. Уг нь Марта гэртээ төрсөн, урьд нь ч дандаа гэртээ төрдөг тул орон нутгийн эмч нар "аан, чи бас ахиад төрчихсөн үү, хүүхэд зүгээр үү" гэхээс хэтэрч сонирходоггүй байсан гэх.

Гэтэл хүү 28 шүдтэй төрсөн гэдгийг мэдээд хүүг, эхийн хамтаар эмнэлэгт хүргэн судалж, бөөн юм болсон гэнэ. Мванги нэр авсан хүү одоо дөрвөн настай, өсөлт бойжилтод ямар нэг гажиггүй хэвийн. Төрөхөөсөө л шүдтэй байсан МВанги найман сартайгаасаа л шоштой шөл иддэг болсон гэнэ.


8. Нүдэн дотор ургасан шүд

Нагабхушэнэм Шива нэртэй 23 настай энэтхэг бүсгүй төрөлхийн нүднийхээ хажууд булцуутай байжээ. Булцуу нь сүүлийн хэдэн жил хэмжээгээр томорч хавдар шиг болж, хараа нь муудаж эхлэхэд эмчид үзүүлжээ.

Хавдрыг эмчлэхэд хэтэрхий оройтсон, нүдний мэдрэлийг гэмтээсэн байв. Иймд Нагабхушэнэмийн нэг нүд бүрэн хараагүй болжээ. Эмч нар хавдрыг эмчлэхэд оройтсон хэдий ч авсан зүйтэй гэж үзээд хагалгаа хийж хавдрыг авчээ. Хагалгааны явцад хавдар дотроос нь шүд гарч ирсэн байна.

0 Сэтгэгдэл
Ug mugee zov bicheech
unshih bish uhaan aldlaa bi
yamar zavaan yum bee
Хамгийн их уншсан