Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чихээд, чихээд дотуур байрандаа 20 хүрэхгүй хувь нь л багтана


Оюутны дотуур байранд орохын тулд нэг оюутан сарын 78 мянган төгрөг төлж, 2014-2015 оны хичээлийн жилийн турш амьдрах боломжтой гэдгийг Монголын оюутны холбооны мэдээлэлд тулгуурлан хүргэж болохоор байна. Энэ нь төрийн зүгээс зохицуулалт хийж, бодлогоор баригдсан 1000 оюутны байрны ханш бөгөөд өнгөрсөн жилийнхээс сарын түрээс нь 10 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт. Гэсэн ч улирлын чанартай өсдөг орон сууцны түрээсийн үнийн хажууд дээрх үнэ нь хэд дахин хямд учраас эрэлт ихтэй хэвээр байна. Бид орон сууцны түрээсийн үнэ болоод оюутны байрны хүрэлцээний талаар дараахь зүйлсийг тодрууллаа.

Квот өнөөдөр шийдэгдэнэ

Энэ жил Их, дээд сургуульд элсэх нийт оюутны 83 мянга нь хөдөө, орон нутгаас ирнэ. Харин улсын хэмжээнд тэднийг 44 дотуур байранд хүлээж авахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Ингэснээр 16 мянган оюутан буюу орон нутгаас элсэн сурагчдын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь орон сууцны асуудлаа шийдэж байгаа юм. Харин сүүлд ашиглалтад орсон 1000 оюутны байранд 27 хувийн болон төрийн өмчийн Их, дээд сургуулийн 846 оюутан оруулахаар болжээ. Ингэхдээ сургууль бүрт квот өгөх бөгөөд квотын асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх нь. 4.5 тэрбум төгрөгийн өртгөөр боссон дээрх байр нь өнгөрсөн жил баригдаж дууссан ч байрны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх мөнгийг Засгийн газраас шийдвэрлээгүйн улмаас оюутнууд өөрсдөө дээрх асуудлыг шийдэж, байрандаа ороод байсан юм. Ингэхдээ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг буюу улсын статустай сургуулийн оюутнуудыг дотуур байранд оруулж байсан билээ. Харин хичээлийн шинэ жил эхлэхэд 10 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн эдгээр өдөр дотуур байруудын жижиг засвар дөнгөж эхэлсэн байдалтай байна. Тухайлбал, оюутны хотхны I болон II байрууд сарын 140 мянган төгрөгийн түрээсээр сууж байсан айлуудыг өнөө, маргаашгүй гарахаар болж, гарсан айлуудыг суллаж, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж эхэлжээ.

Зөвхөн оюутны дотуур байрны үнэ 10-13 хувиар өссөн


Оюутны сургалтын төлбөрийн нэмэгдэл болон дотуур байрны үнийн өсөлтийг аль ч газраас хязгаарлах боломжгүй байдаг. Хэдий төрийн бодлогын хэмжээнд зохицуулагдаж байдаг ч жилийн турш өрнөсөн эдийн засаг, нийгмийн үйл явдал нь үнийг автоматаар барих боломж бүрдүүлдэггүй. Дээрээс нь найм, есдүгээр сард оюутнууд нийслэлд олноор төвлөрч, орон сууцны түрээсийн эрэлтийг ихэсгэдэг учраас эдгээр сард түрээсийн үнэ өсч, таван сараас эхлэн бага зэрэг буурдаг тогтолцоо үүсээд байна. Харин оюутны дотуур байрнуудын хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 10-13 хувь өсчээ. Хэдийгээр өнөөдөр квот тогтоох үеэр дотуур байрны үнийг эцэслэн тогтоох байх гэсэн ч урьдчилсан байдлаар ШУТИС-ийн II байр, МУИС-ийн дотуур байр 300-450, СУИС, СЭЗДС 300-400 мянган төгрөг тус тус болсон байна. Энэ нь нэг оюутан жилд дунджаар 450-900 мянган төгрөг төлнө гэсэн үг юм.

Дахин мянган оюутны зай байна, гэвч…

Дотуур байрны үнэ нэмэгдсэн шалтгаанд өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн усны суурь үнэ болон усны үнэ нэмэгдсэнийг нэрлэж байна. Тиймээс байрны үнэ багадаа 20-30 мянган төгрөгөөр нэмэгдэх нь баталгаатай хэмээн Цайзад байрлах 1000 оюутны байрны коминдат хэллээ. Хуучин зөвхөн оюутан оруулах зориулалтаар баригдаж байсан тус байр нь одоо “Асат сервес” гэх компанийн хувийн өмч учраас сарын 250 мянган төгрөгийн түрээсээр айл өрхийг оруулж байгаа юм. Одоогоор тус байранд 1000 гаруй хүн амьдардаг ч хэд, хэдэн өрөө сул байгаа аж. Харин төрийн зүгээс усны болон цахилгааны төлбөрийг хөнгөлж, харилцан ойлголцож ажиллавал оюутнуудыг хөнгөлөлттэй үнээр байлгах бүрэн боломжтой юм байна. Түүнээс гадна хувийн бусад дотуур байруудыг дээрх зарчмаар дэмжвэл доод тал нь дахин мянган оюутны дотуур байрны асуудлыг шийдэж боломж байгаа аж.   
Дээр дурдсан шиг 83 мянган орон нутгийн оюутнаас дөнгөж 16 мянга нь дотуур байранд хамрагдаж чадна. Харин үлдсэн хувь нь хамаатан садан, хажуу өрөө, нийтийн болон подвал зэрэг хямд өртөгтэй байранд амьдарч хичээлийн жилийг дуусгадаг. Үүнээс үзвэл, дор хаяж 60 орчим мянган оюутны дотуур байрны хэрэгцээ байгаа юм. Гэвч, Найлайхад оюутны хотхон барих асуудал яригдаж, дэд бүтцийн асуудлыг шийдэхэд дор хаяж 5-10 жилийн хугацаа зарцуулна гэвэл оюутны дотуур байрны асуудал ойрын жилүүдэд бүрэн шийдэгдэхгүй гэдэг нь баттай юм. Нөгөөтэйгүүр, нийслэл хотын төлөвлөлт, их, дээд сургуулийн талаар баримталж байгаа бодлогоос үзвэл Улаанбаатар хотод дахин оюутны зориулалттай байр сууц барих баримт бичиг өнөөдрийг хүртэл үйлдээгүй байна. Тиймээс дээрх асуудал нь гацаанд орсон бололтой. Дашрамд дурдахад, оюутны дотуур байранд байгаа нэг оюутанд дөрвөн м.кв талбай оногдож байна.  

Хажуу өрөө 300 мянгад хүрчээ

3-4 өрөө байрыг тус бүрд айл болгон түрээслүүлдэг бизнес сүүлийн үед их болсон. Эдгээр нь түрээсийн зориулалттайгаар засч тохижуулсан байдаг учраас энгийн хажуу өрөөг бодвол үнийн хувьд арай хямд байна. Тухайлбал, өнгөрсөн онд энэ төрлийн байр байршлаасаа хамааран 250 мянга хүртэлх байсан бол өчигдрийн байдлаар багадаа 180 ихдээ 300 мянгад хүрчээ. Харин нийтийн байр 130-300 мянга, подвал 100-380 мянга хүртэл ханштай байна.    

0 Сэтгэгдэл
Дотуур байр ч кк, сайхан газар даа. Дуу дуугаа авалцаал. Эмсийн хүрээлэнд бга юм шиг л байлаа.
Хамгийн их уншсан