Ийм мэдэгдлийг Их Британийн Глиндор их сургуулийн судлаач Эмир Уильямс хийжээ. Эмир энэ нууц бүлэглэлийг 15 мянган гишүүнтэй гээд “Энэ далд соёл нь хүний цус уудах хүмүүсээс бүрэлддэг. Гэхдээ тэд өөрийн гэсэн хуультай бөгөөд хэнээс цус авч болох харин хэнээс ямар ч тохиолдолд цус авч болохгүй гэдгийг нарийн заасан байдаг. Жишээлэхэд, сангвиник цус сорогчид сайн дурын доноруудын биеийн зөвхөн тодорхой хэсгээс авсан цусыг ууна. Ингэхдээ хэт их цус авах хориотой. Үүний дээр бүлэглэлийн гишүүд, сайн дурын идэвхтнүүд гэж байдаг, цусаа өгдөг доноруудтай холбоотой далдыг харагч нар, цус сорогч ба энгийн хүний амьдралыг хослуулсан хоёрдмол амьдралтай хүмүүс бас бий юм гэнэ. Энэ бүхэн маш сонирхолтойн дээр 100 хувь бодит зүйл” гэжээ.
Эмир Уильямс зүгээр мэдээ өгснөөр хязгаарлагдсангүй цус сорогчдыг сэтгэцийн ямар нэг эмгэггүй эрүүл хүмүүс гээд нууц байдлаасаа гарч хүмүүст өөрсдийн амьдралын хэв маяг, дадал зуршлын талаар илэн далангүй ярихыг уриалж “Бид вампируудаас айх айдсаа дарахын тулд тэднийг судлаж, өөрсдийн нийгмийн нэг хэсэг гэдгийг зөвшөөрөн хүлээж авах ёстой. Би тэдэнд солиотой эсвэл муу гэх мэт шошго наахыг хүсэхгүй байна. Тэд бол бидний илүү ихийг мэддэг байх ёстой жирийн хүмүүс” гэсэн тайлбар өгч.
Профессор Эмир Уильямсын энэ уриаг англи вампирууд сонссон бололтой дуулиан тарьсан мэдэгдэл гарснаас хоёр долоо хоногрйн дараа кабелийн нэгэн сувгаар өөрсдийгөө 15 мянган гишүүн багтаадаг цус сорогчдын бүлэглэлийн гишүүд гэж нэрлэсэн Өмнөд Уэлсийн гэр бүл ярилцлага өгч бүр ч илүү дуулиан тарьсан байна.
Тэд өөрсдийн амьдралын хэв маягийн талаар хүмүүст танилцуулан айх эмээх зүйлгүй, хүний нийгэмэд ямар ч аюул занал учруулаагүй гэдгийг тайлбарлахыг хүссэн болохоор ярилцлага өгсөн гэнэ. Ингээд өөрсдийгөө хүний цус уух дуртай гэдгээс бусдаар олноос ямар ч ялгаагүй гэв. Пиретта ба Энди гэж өөрсдийгөө нэрлэсэн энэ хоёр хүний цус уух хүсэл төрөх үед нэг нэгнийхээ цусыг уудаг гэнэ. Хайртай хүнийхээ цусыг уухад секс хийхэд төрдөгтэй адил таашаал авдаг гэсэн байна. Цус сорогчдын цуглаан дээр вампирууд нэг нэгнийхээ цусыг уудаг аж. Цусаар халдвар тарах эрсдэл өндөр тул вампирууд бүгд цусны нарийвчилсан шинжилгээ өгч өвчин эмгэггүй гэдгээ бусдадаа баталдаг аж. Цугларалтын үеэр цус сорогчид шинжилгээ өгөөгүй, танихгүй хүний цусыг хэзээ ч уудаагүй тул гадуур ангуучлан танихгүй хүн рүү дайрч цусыг нь сорно гэдэг зүйл огт байдаггүй гэдгийг Пиретта Энди хоёр онцолжээ.
Цус сорогчид тусгай соёогүйгээр цус ууж чадахгүй гэсэн цуу ярианы талаар Энди нь “Бидэнд хүний хүзүүг ярах шаардлага байдаггүй. Энэ бол төөрөгдөл. Жинхэнэ вампир донорынхоо биенд маш хүндэтгэлтэй ханддаг тул олон шарх, сорви үлдээхгүйн тулд нэг л газраасаа хаздаг” гэсэн байна.
Энэ хосын яриа нь олны анхаарлын төвд орж, дуулианаар далимдуулан төлбөртэй ярилцлага өгөх замаар мөнгө олох арга байж ч болох. Гэхдээ л цус сорогчдын тухай олон кино шил шилээ даран гарсантай холбогдон Америкийн өсвөр насны хүүхдүүдийн дунд өөрсдийгөө вампир гэж бодсоноос үүдэлтэй сэтгэцийн эмгэг өөрчлөлтийн жинхэнэ тахал дэгдээд байгаа аж. Сэдэл нь ойлгомжгүй, шалтаг ба шалтгаан нь тодорхойгүй аймшигтай хэрэгтэй америк цагдаа нар маш ихээр тулгардаг болжээ. Хэрэгтнүүд нь өөрсдийгөө үхэшгүй мөнхийн амьдралтай цус сорогчдын нэг, цус сорохгүй бол үхэх дээрээ тулаад байсан гэх мэт солиототой тайлбар хийдэг өсвөр насны хөвгүүд ба охид.
Флорида мужид гарсан нэг гэмт хэрэг үүний тод жишээ. Жозефина Ребекка Смит гэгч өсвөр насны охин “Хутерс” сүлжээ зоогийн газрын довжооны хажууд тахир дутуу хүний цахилгаан тэргэн дотроо унтаж байсан орон гэргүй 69 настай Милтон Эллис руу дайрчээ. Охин дайрахынхаа өмнө “Би бол цус сорогч, одоо чамайг иднэ” гэж орилоод өвгөн рүү дайрч нүүр, хүзүү, уруулыг нь өм цөм таслан хазаж идэж эхэлсэн байна. Хөөрхий өвгөн энд тэндээ хазуулан, маш ихээр айсан байсан ч самбаачлан цахилгаанаар ажилладаг тэргээ асаан зугатаж чаджээ. Зугатсаар шатахуун түгээгүүрийн газар ирж автомат утаснаас 911 рүү залган тусламж дуудаад ухаан алдсан байна. Дуудлагын дагуу цагдаа нарын ирэхэд өөрийгөө вампир гэж бодсон Жозефина хамаг хувцсаа тайчан нүцэглэчихсэн цусанд будагдчихсан зогсож байхыг барьж авчээ.
Цагдаа нар яагаад ямар ч гэмгүй хөөрхий өвгөн рүү дайрах болсон тухай асуухад ойлгомжтой тайлбар хэлж чадалгүй кинонд гардаг шиг цус уухгүй бол үхэх гээд байсан, мөнх амьдралаа алдахгүйн тулд цус хэрэгтэй болсон гэх мэт ямар ч утгагүй, солиотой зүйлс хэлэхээс хэтрэхгүй байсан аж.