Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жил аргацаах тусам барилгыг нь нураах сургууль цэцэрлэгийн тоо нэмэгдэнэ


Шинэ хичээлийн жил эхлэхэд сар ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс сургууль цэцэрлэгийн засварын ажил болон зарим актлагдсан сургуулийн барилгын ажлыг сурвалжиллаа. Энэ жил нийслэлийн 26 сургууль, цэцэрлэгийн их засварт хоёр тэрбум 255 сая төгрөг зарцуулахаар улсын төсвөөс баталсан. Гэвч 80 саяас дээш төгрөгийн өртөгтэй засвар хийх сургууль, цэцэрлэг олон байсан тул нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгч шалгаруулах шаардлагатай болсноор ийнхүү засварын ажил удаашрахад хүргэжээ. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын барилга төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Ундралаас тодруулахад “Одоогийн байдлаар Багануур дүүргийн хоёр цэцэрлэг, Баянгол дүүргийн нэг цэцэрлэгийн засварын ажил урагштай явж байгаа бол 10 сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг эхлүүлэх гээд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай гэрээ хийхээр хүлээгдэж байгаа” гэлээ. Үүнээс харахад хичээлийн шинэ жил эхлэхэд сургууль, цэцэрлэгийн их засвар амжиж дуусахгүй нь тодорхой боллоо.
Харин урсгал засвар хийж буй сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон гэнэ. Гэсэн ч сургуулиудад жилийн урсгал засварын мөнгө гэж 1-3 сая төгрөг төсөвлөдөг нь чамлалттай байдгийг сургуулийн захирлууд ярьдаг. Ганцхан давхрын шал будах хэмжээний энэ мөнгийг нэмэгдэх байх гэсэн хүлээлт хаа хаанаа байсан ч эдийн засгийн хямрал гэсэн шалтгаанаар харин ч буурсан бололтой.

Өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр актлагдсан 13 сургууль, цэцэрлэгийн барилга байсан. Тэдний дунд буулгаж амжаагүй ч барих төсөв нь батлагдсан гурван цэцэрлэг бий. Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж, барих төсөв нийслэлийн төсөвт суусан учраас энэ зундаа багтаж буулган “шуурхай” ажилласан.
Харин Баянгол дүүргийн 47, Сонгинохайрхан дүүргийн 26 цэцэрлэгийн зураг төсөл хийгдэж дууссан учраас удахгүй буулгах болон барих тендерийг хамтад нь зарлах болжээ. Тэгвэл үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод хоёр ч жилийн нүүр үзсэн Баянгол дүүргийн 73, 38 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 146 цэцэрлэгийн буулгах төсвийг нийслэлийн төсвөөс гаргаж шийдвэрлэсний дагуу ажлыг гүйцэтгэсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 10 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг болон саяхан актлагдсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийг үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч барилгыг нь буулгаж, барих зардлыг Засгийн газар концессын дагуу хэрэгжүүлэхээр тогтоол гарчээ. Гэхдээ энэ асуудлыг гурван сарын өмнө Эдийн засгийн яаман дээр хэрхэн зардлыг шийдэх талаар яригдаж байгааг албаны хүн дуулгасан ч одоо болтол сураггүй байгааг Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн хэлсэн.
Харин актлагдаад дөрвөн жилийн нүүр үзэх гэж буй нийслэлийн гурав, 16, 32 дугаар сургуулийн үндсэн барилгын ажлууд эхлээгүй байсаар. Ингээд эдгээрийн нэг 16 дугаар сургуулийн захирал Б.Энхжаргалтай холбогдож барилгын ажлын явцыг сонирхлоо.

-Танай сургуулийн барилгыг актлах шийдвэр гарснаас хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрлөө. Барилгын явц хэр байна вэ?
-Энэ жилдээ багтаан барилгын нурангийг цэвэрлэж дууслаа. Мөн зураг төсөл гарч батлагдсаны дагуу энэ сардаа багтаад тендер зарлагдаж, барилгыг барих компанийг шалгаруулна гэсэн. Тэгэхээр ямар ч байсан энэ жилдээ багтаад барилгын ажил эхлэх байх.

-Яг хэзээ ашиглалтад өгөхөөр тогтсон билээ?
-2015 оны хичээлийн жилд ашиглалтад орно гэсэн.

-Танай сургууль 31 дүгээр сургуулийн зарим ангид хичээлээ явуулж байгаа. Тэр байрандаа энэ жил засвар хийсэн үү?
-Яг одоо хийгдэж байна. Анх нүүж орохдоо өөрсдийнхөө чадлаар тохижуулсан болохоор энэ жил хийх ажил нэг их байхгүй. Засварын ажил удахгүй дуусна.
Ингээд бусад сургуулийн захиралтай холбогдох гэсэн боловч чадсангүй. Ямар ч байсан одоогоор шинээр баригдсан, шинэ байрандаа орно гээд бэлтгэл хангаж байгаа сургууль байтугай байшинг нь барих эзэн нь тодорсон нь ховор байгаа юм.
Цаашид нураах барилга ч нэмэгдэнэ. Учир нь, Нийслэлийн хэмжээнд 24 сургууль, 51 цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дууссан ч арай актлаагүй. Долоо, найман баллын газар хөдлөлтөд тэсвэргүй болсон гэсэн дүгнэлт гарчихсан байгаа гэнэ. Тэгэхээр ирэх жил 13 гэсэн тоо арав дахин нэмэгдэхгүй гэх газаргүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан