Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян өнгөрөгч сард АНУ-ыг зорьж элэг нэгт ахан дүүстэйгээ уран бүтээлээрээ учран золгохоор хүлгийн жолоо залсан билээ. Тэрбээр авъяслаг залуу уран бүтээлч бүсгүй маань АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч буй Монголчуудын холбооны урилгаар үндэсний их баяр наадмаар тус хотод очиж тэнд суугаа монголчууддаа ая дуугаа өргөн, хамтдаа баярлажээ. Ийнхүү сонсогч фенүүддээ уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байгаа авъяаслаг бүсгүй маань хоёр хоногийн өмнө алдарт дуучин Бэйонсе болон түүний нөхөр Жэй Зи нарын Сан Франциско хотод болсон "On The Run tour-2014" тоглолтыг үзжээ. Тэрээр гайхалтай уран бүтээлчдийн гайхимшигтай тоглолтыг үзсэн тухайгаа дуучин бүсгүй өөрийн фесбүүк хуудаснаа ийнхүү бичсэн юм. “Та бүхэн сайхан амарч байна уу? Миний бие АНУ-д амарч байгаа бөгөөд энэ хугацаандаа өөрийн шүтдэг дуучдын нэг болох Бэйонсе болон түүний нөхөр Жэй Зи нарын "On The Run tour-2014" тоглолтыг үзлээ. Тоглолт Сан Франциско хотын Эй Ти энд Ти /AT&T/ паркад 2014.08.06 ны өдөр маш гайхалтай болж өндөрлөлөө. Миний хувьд үзэхээр 2 хоногийн өмнө л шийдсэн бөгөөд бөөн догдлол болж урд шөнө нь шөнөжин зүүдлэн байж тоглолтоо үзлээ.
Эй Ти энд Ти /AT&T/ парк-ын үзэгчдийн суудлын тоо нь 41,503 бөгөөд нийт талбай нь хичнээн том гэдгийг би хэлж мэдэхгүй юм. Тоглолтын билетийн хувьд харагдах байдлаасаа болоод хол ойроосоо болоод ялгаатай үнэтэй юм билээ. Миний хувьд тоглолтын дуугаралтын хувьд тэр том талбайд бүхэл бүтэн дуу бичлэгийн студи авчирсан мэт сэтгэгдэл төрсөн.
Бэйонсе амьсгаа авах төдий л микрофон нь хичнээн ч лаг дуугардаг юм. Зүгээр л дуугаралт бол тасарцан... За тэгээд Бэйонсе бол дуучин гэхээсээ илүү бүжигчин гэж хэлэхэд буруудах юм алга аа. Зүгээр л бүжиглэдэг робот шиг л торох зүйлгүй бүжиглэж дуулж байна лээ. За тэгээд гуалиг бие, хувцаслалтын тал дээр яриад ч бүр илүү биз дээ. Жэй Зи-н хувьд бол үнэхээр хүчирхэг гэдэг нь мэдэгдэж байна лээ. Тэр том парк дүүрэн үзэгчид орилоод л үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Энэ хоёр хүчирхэг хүмүүс нэгдэхээрээ хичнээн ч лаг юм, хүчирхэг юм, сайхан ч хосууд юм гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа. Үнэхээр бие биенээ ойлгодог, дэмждэг, тэр сайхан үнэ цэнэтэй зүйлсийг хамтдаа хийж бүтээдэг гэж бодсон үнэхээр гайхалтай гэр бүл санагдсан. Тоглолт үнэхээр төгс болсон. Бүх зүйл төгс байсан” хэмээн бичжээ.
Энэ дашрамд дуулгахад авъяаслаг дуучин бүсгүй маань энэ сарын сүүлээр эх орондоо ирээд, тоглолтынхоо бэлтгэлд орж ирэх намар анхны бие даасан тоглолтоо хийхээр болсоноо зарлаад байгаа билээ.