Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татгалзаад харамссан тохиолдлууд


Холливуд бол мөнгө ба нэр алдар хөөсөн амбицийн дэлхийн хамгийн өндөр оргил гэдэг. Ийнхүү энэ оргилд гарсан хүмүүсийг та бид од гэдэг ерөнхий нэрийн дор мэднэ. Од гэсэн зиндаанаас сайн дураар доошлох дуртай хүн гэж байхгүй. Тиймээс Холливудын одууд нэр алдрыг нь бататгаж, хэтэвчийг нь зузаатгаж өгөх сайн кино зохиол, сайн кино төслийн эрэлд үргэлж хатаж явдаг. Асар өндөр өрсөлдөөн, атаа жөтөө, элдэв явуулгын ертөнцөд амьдардаг тул кинонд тоглох санал хүлээж авсны дараа зохиол, хамтран тоглогч зэргийг маш нарийн шалгана, голно, шилнэ. Гэхдээ заримдаа голсон юм голоор, шилсэн юм шилээр татах гээч болно.

Жишээлэхэд, Жулия Робертс “Дурласан Шекспир” киноны Виола де Лесспесийн дүрээс татгалзсан байдаг. Жулияд бүр 1991 онд энэ киноны гол дүрийг санал болгожээ. Зохиол нь түүнд таалагдсан болохоор анхандаа тоглохыг зөвшөөрч. Гол эрэгтэй дүрд найз Дэниел Дэй Льюис тоглоно гэдэгт итгэлтэй байсан болохоор зөвшөөрсөн аж. Гэвч цаадах нь татгалзсан тул Жулия ч зураг авалт эхлэхээс зургаан долоо хоногийн өмнө татгалзжээ. Түүнийг орлуулах жүжигчин богино хугацаанд олох хэцүү байсан учраас зураг авалтыг хойшлуулсан аж.
Таван жилийн дараа “Дурласан Шекспир”-ийн зохиолыг дахин сөхөж зураг авалтаа эхлүүлсэн байна. Энэ удаад гол эмэгтэй дүрд Гвинет Пэлтроу тоглосон. 1998 онд олны хүртээл болсон энэ кино 25 сая ам.долларын төсвөөр бүтээд 298,3 сая ам.долларын орлого олж, янз бүрийн уралдаан, их наадмын 119 шагналд нэр дэвшин 58-г нь авсан юм. Түүний дотор Гвинет Пэлтроу “Оскар”, “Алтан бөмбөрцөг” авсан байдаг. Пэлтроу кинонд тоглоод авсан нийт урамшууллын хэмжээ 750 мянган ам.доллар болж. Харин татгалзсан Жулия Робертс гурван жилийн дараа буюу 2001 онд “Оскар” авч байв.

Алдарт Анжелина Жоли ч амаа барьсан жүжигчдийн нэг. Түүнд “Татах хүч” киноны цорын ганц бөгөөд гол дүр болох Райан Стоун эмчийн дүрд тоглох санал тавьжээ. Гэтэл Жоли өөрөө анх удаа найруулагчаар ажиллаж байгаа төслөө хэрэгжүүлэхийн тулд татгалзсан байна. Үүний дараа Сандра Баллокт санал тавихад удаж төдөлгүй зөвшөөрсөн. Баллок энэ кинонд тоглосны төлөө 20 сая ам.доллар, кино студийн орлогын 15 хувийг авахаар болж, киног “DVD” гэх мэт тээгч дээр хувилан зарсан, зурагтаар гаргаснаас ирэх орлогоос хувь авахаар тохиролцжээ. Ингэснээр Сандра Баллок “Татах хүч” кинонд тоглоод олсон ашиг нь 70 сая ам.доллар хүрнэ.  
Харин Анжелина Жолигийн найруулагчаар ажилласан анхны кино зардлаа нөхөж чадсангүй, кино шүүмжлэгчдээс ч өөдтэй үнэлгээ авсангүй. Жишээлэхэд, Белград хотноо болсон нээлтийн үеэр кино театрын танхимд 12 хүн сууж байсны долоо нь сэтгүүлч байв.

Холливудын өөр нэг од Лиам Нисон Жеймс Бондын дүрд тоглохоос татгалзсан байдаг. Түүний сүйт бүсгүй Наташа Ричардсон “Чамайг Жеймс Бондод тогловол гэрлэхгүй” гэж мэдэгдсэн байна. Үүний дараа Нисон нь арга буюу киноны продюсерүүдтэй хийж байсан хэлэлцээг төгсгөл болгон Бондын дүрээс татгалзсан аж. Лиам Нисон Наташа Ричардсон хоёр 1994 онд гэрлэсэн бөгөөд Ричардсон нь 2009 онд уулын цанаар гулгаж байгаад авсан гэмтлийн улмаас нас барсан юм.
Нисон татгалзсаны дараагаар Бондын дүрийг Пирс Броснан авч 1995 онд “Алтан нүд”, 1997 онд “Маргааш хэзээ ч үхэхгүй”, 1999 онд “Дэлхий бүхлээрээ байсан ч багадана”, 2002 онд “Үх, гэхдээ одоо биш” гэсэн дөрвөн цувралд тоглосон. Броснаны авдаг мөнгө ч киноноос кинонд өссөн байдаг. Анхны Бондод тоглоод дөрвөн саяыг авч байсан бол сүүлийн ангид тоглоод 16,5 сая ам.доллар авч нийт дөрвөн кинонд тоглосны төлөө 41,1 сая ам.доллар авчээ.

Анхны Жеймс Бондын дүрээр кино ертөнцөд хөл тавиад дэлхийд алдартай од болсон Шон Коннери ч ихээхэн ашигтай дүрээс татгалзсан байдаг. Түүнд “Бөгжний эзэн” киноны шидтэн Гэндальфийн дүрийг санал болгосон удаатай. Зөвшөөрвөл 10 сая ам.доллар, дээр нь “Бөгжний эзэн”-ий бүх гурван киноны нийт орлогын 15 хувийг амалсан байна. Гэтэл Коннери кино зохиол болон эх зохиолыг уншаад уран зөгнөлт зохиолд дургүй, эх зохиолын утгыг ойлгохгүй байна гээд эрс татгалзсан аж. Иймд өөр жүжигчинд санал тавьж Гэндальфийн дүрд Йен МакКеллен 25 сая ам.доллараар тоглосон юм. Хэрэв Коннери зөвшөөрсөн бол 10 сая ам.доллар дээр гурван хэсгийн нийт орлого гурван тэрбум орчим ам.долларын 15 хувь гээд 450 сая орчим ам.доллартай болох байлаа.
Иймэрхүү тохиолдол олон бий. Жулия Робертсын татгалзсан “Дурласан Шекспир”-т тоглоод Оскарын эзэн болж байсан Гвинет Пэлтроу “Титаник”-ийн Роузын дүрээс татгалзсан бол Кэйт Уинслейт харин миний дүр мөн гэж гуйж гүйсээр тоглон жинхэнэ супер од болж байв.

“Хөөрхөн хүүхэн”-ий Вивианы дүрийг Дерилл Ханнад санал болгоход тэрээр кинонд биеэ үнэлэгч хүүхэн өөрийн хүчээр бус харин баян, нөлөөтэй эрэгтэйн ачаар дээд зиндааны хүн болж байгааг харуулсан нь эмэгтэй хүнийг дорд үзэж гээд татгалзсан. Харин Жулия Робертс татгалзсангүй тоглоод супер од болсон.








“Х -хүмүүс”-ийн Нохой зээхийн дүрийг Рассел Кроуд санал болгоход хэт их мөнгө нэхсэн тул арай бага мөнгөөр тоглоход бэлэн байсан нэр алдарт гараагүй жүжигчин Хью Жекмен тоглон супер од болсон.

Жулия Робертс “Үл үзэгдэгч тал” киноны гол дүр тоглохоос татгалзсан бол Сандра Баллок зөвшөөрч тоглоод “Оскар” авч байв.
Жин Хекмен, Шон Коннери, Жереми Айронс нар “Хурга майлаа болино” киноны Ганнибал эмчийн дүрд тоглохоос татгалзсан бол Энтони Хопкисн гололгүй тоглоод “Оскар” авч байв.

Уилл Смитэд “Матриц” киноны Неогийн дүрийг санал болгоход ирээдүй муутай гэж үзээд “Зэрлэг баруун” кинонд тоглосон юм. Үр дүнд нь “Зэрлэг баруун” зардлаа нөхөж чадалгүй нурж, “Матриц” сая сая үзэгчдийн байлдан дагуулж Неод тоглосон Киану Ривз залуучуудын жинхэнэ шүтээн болсон билээ.

0 Сэтгэгдэл
Монголоор бол амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх гэдэг юм.
Хамгийн их уншсан