11 настай хүү золгүй ослыг мэдэрч чадсан байна. Энэ сарын 3-нд Бразилийн зүүн хойд зүгт орших Балсас хотод хоёр мотортой жижиг онгоц удирдлагаа алдан осолдож, айлын байшин дээр унасан юм. Тэрхүү байшинд Андрегийн гэр бүл 11 настай хүүгийн хамт амьдардаг. Азаар ослын дараа Андрегийн гэр бүлийнхэн амьд гарсан байна.
“Миррор”-ийн хуудаснаа бичсэнээр 11 настай Аугусто хүү тэр өдөр өөрийн аавтай эцэг эхийнхээ өрөөнд унтах зөвшөөрөл авч чадна хэмээн мөрийцсэн байна. Андре түүний эхнэр хоёр хүү нь тэднийг зөвшөөрөхөөс нааш унтахгүй нь гэдгийг мэдсэн учраас хүүгээ өвөртлөөд унтахаар хэвтжээ. Гэтэл хэдхэн цагийн дараа газар хөдлөх мэт их чимээ гарч, тэдний байшингийн зарим хэсэгт гал дүрэлзэж эхэлжээ. Андре 11 настай хүүгийнх нь өрөөг жижиг оврын онгоц цөмлөн унаад шатаж байгааг харжээ.
Хүүгийн ээж Сабрина “Яг хар салхи эсвэл газар хөдлөлтөд өртөж байгаа мэт дуу чимээ утаа униар гарч бид орноосоо унасан. Өрөөнийхөө хаалгыг онгойлгоод хартал бөөн утаа униар гал гарч байсан учраас бид гурав шууд л цонхоороо үсэрсэн. Уг нь манай нөхөр их тайван хүн хэдий ч тэр үед үнэхээр их цочирдсон” гэжээ.
Хүүгийнхээ өрөөг хараад эцэг эх нь ямар нэгэн далдын хүч хүүг нь амьд үлдээлээ гэдэгт итгэсэн гэнэ. “Энэ явдал биднийг заримдаа хүүхдийнхээ үгэнд орж байх ёстой гэдгийг санууллаа” хэмээн Сабрина сэтгүүлчдэд ярьжээ.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр онгоц 87 настай Марию де Хесус Крус э Сильваг Балсас хотын эмнэлгээс хөрш Пиауи мужид хүргэхээр явж байжээ. Онгоцонд настангаас гадна түүний охин, ач хүү, онгоцны жолооч түүний гэргий гэх таван хүн явж байсан аж. Харамсалтай нь тэд амь үрэгдсэн байна.