Хятадын Гуандун мужийн Жаньцзян хотын иргэн 101 настай эмээ гэнэт нас баржээ. Түүний төрөл төрөгсөд эмээг эрүүл саруул байж байгаад гэнэт нас барсан гашуудан оршуулах ёслолд нь бэлтгэж байв. Гэтэл маргааш нь 16 цагийн дараа нас барсан эмээ гэнэт сэргэсэн тухай тус хотын “Өмнөд муж” сонин мэдээлсэн байна. Шэньшуйтун тосгоны 101 настай Пэн Сюхуа эмээ хоёр охинтой. Тэд аль эрт 70 хүрсэн учраас хааяа ээжийгээ эргэж ирдэг байна. Харин Пэн эмээд хөршүүд нь тусалж, гэр орныг нь янзалж өгдөг байв. Гэтэл нас барсан өдрөөсөө 10 хоногийн өмнө эмээ шургаж унаад хэвтэрт орсон байна. Охид нь энэ тухай сонсоод ээжийгээ асрахаар түр ирээд байжээ. Гэтэл нэгдүгээр сарын 19-ний 10,30 цагт Пэн эмээ нүдээ аниад амьсгалахаа больчихов. Бие нь хөрж, зүрх нь зогсжээ. Охид нь ээжийгээ сэрээх гэж үзсэн ч эмээ огт амьсгалахгүй байсан учраас үсийг нь хусч оршуулахад бэлтгэсэн байна. Хөршүүд, төрөл төрөгсөд нь гунигт мэдээг сонсоод олноор цугларсан аж.
Маргааш нь эмээгийн цогцсыг хийх авсыг захиалгын газраас авчирч, охид ээжийгээ өргөөд хийх гэтэл гэнэт хөдөлжээ. Пэн эмээ нүдээ нээн инээмсэглээд “Хүүе та нар ирчихээ юу” хэмээн хэлэв. Оршуулах ёслолд бэлтгэж байсан хүмүүс цочирдон айж, гудамжинд гарч хашгиралдаж эхэлжээ. Сэхээ ороод хүмүүс Пэн эмээг амьд байгаад үнэхээр итгэв.
Түүний охин 67 настай Лю Мэйцзюнийн ярьснаар Пэн эмээ 101 настай. Эмээ 8 ах, дүүтэй байсан бөгөөд тэрээр 5 хүүхэд төрүүлсэн ч хоёр нь л өнөөдрийг хүртэл амьд байгаа гэнэ. Хэдийгээр маш ядуу, хүн амьдралыг туулсан Пэн эмгэн маш сайхан сэтгэлтэй тусч, зөөлөн ааштай нэгэн байж. Тэр хэзээ ч хань нөхөртэйгээ муудалцаж, бас хүүхдүүдээ аашилж загнаж байгаагүй гэнэ. 11 жилийн өмнө өвгөнөө нас барахад Пэн эмгэн ганцаар үлджээ. Сүүлийн жилүүдэд Пэн эмээ өөрөө хоол ундаа хийж, хувцас хунараа угааж чадахаа больсон учраас хөршүүд нь түүнд санаа тавьж байсан аж.
Нас барсан гэдгийг нь эмч нар тогтоогоод байсан ч эргэж сэргэсэн тохиолдол ганцхан энэ биш. Өнгөрсөн жил гэхэд Гуанси Жуансын мужийн 95 настай иргэн Ли Сюфэнь ухаан алдаж унаад толгойн өвчтэй болж, эмчийн хяналтад хэвтэрч ороод байхдаа гэнэт нас барсан аж. Хөршүүд нь эмгэнийг оршуулахаар бүх бэлтгэлийг хангаад түүнийг авсанд нь хийн салах ёс гүйцэтгээд түр ганцааранг нь орхих зуур гэнэт цогцос алга болсон гэнэ. Сандарсан хүмүүс наагуур цаагуур гүйлдэж байтал эмгэн гал тогооныхоо өрөөнд суучихсан юу ч болоогүй мэт хүүхдийн будаа идэж суусан гэнэ.