Мэдээллийн сайтуудаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн “Автобус 3” компани дампуурч байгаа тухай яриа ажилчдынх нь дунд гарч байгааг мэдээлсэн. Бүр дампуурлаа зарлах цагийг хүртэл нарийвчлан бичсэн байсан. Цаашид хэвийн ажиллах боломжгүй болсон тиймээс тус компанийн автобус болон ажилчдаа “Автобус 1” болон “Цахилгаан тээвэр” компаниудад хувааж өгөх гэж байгаа тухай ч зарим хэвлэлд мэдээлсэн. Иймээс тус компанийн ажилчид үүнийг эсэргүүцэж гарын үсэг цуглуулж эхэлсэн гэдгийг мэдээлсэн. Уг мэдээлэлийн дагуу “Автобус 3” ОНӨҮГ-ийг зорьж, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Бүтэмжээс дараах зүйлсийг тодрууллаа.
-“Автобус-3” компанийг дампуурлаа зарлах болсон талаар яриа гарсан. Чухам ямар үндэслэлээр ийм яриа гарах болов?
-Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Яагаад ийм цуу яриа гарсныг мэдэхгүй байна. Энэ бол ам дамжсан яриа. Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 80 автобус ээлжиндээ гараад 170 мөнгө хураагч, 170 жолооч хоёр ээлжээр ажилладгаараа ажиллаж л байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэл түгээхээсээ өмнө биднээс асууж лавлах хэрэгтэй.
-Орон нутгийн өмчит нийтийн тээврийн компаниудыг нэгтэх талаар яригдаж байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар л ийм зүйл ярьсан. Гэхдээ баттай шийдэгдсэн зүйлгүй. Ер нь бол Улаанбаатар хотод явж байгаа автобусны 70 хувь нь хувийн хэвшлийнх бусад нь төрийн өмчит гурван компанийх. Тэгэхээр төр эдгээр гурван компаниа нэгтгэхээр ярьж байгаа. Хэдийгээр тэгж нэгтгэсэн ч үйл ажиллагаа хэвийн явна.
-Ухаалаг тооцооны машин нэвтрүүлэх талаар яригдаж л байна. Энэ жилдээ багтаад автобусны мөнгө хураагчийн орон тоог цомхотгоно гэж ярих юм билээ. Магадгүй үүнээс үүдсэн яриа ч байж болох талтай...?
-Бидэнд бол гардаж хийсэн юм алга. Хотын удирдлагуудын санаачилгаар энэ есдүгээр сард хийгдэхээр яригдаж байгаа. Гэлээ гээд мөнгө хураагч нараа ажилгүй болгохгүй. Шугам шалгагч гэсэн орон тоонд ажиллуулна. Мөн манайхаас мөнгө хураагч хийж байгаад жолооч болсон хүн олон бий. Тэднийгээ жолоочоор ажиллуулах зэргээр ямар ч байсан л ажилтай байлгах арга хэмжээг авна.
-Газрын маргаантай холбоотой асуудлаас улбаалж “Цахилгаан тээвэр, “Автобус-1” компанид ажилчид болон автобусаа шилжүүлэх талаар яригдсан гэсэн энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?
-Газрын маргаантай холбоотой асуудал байхгүй. Манай компанийн л өмч.
-Дампуурлын тухай яриа хамгийн гол нь танай ажилчдын дунд гарсан гэсэн. Тэд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Ажилчиддаа цаг үеийн мэдээллийг дор бүрд нь өгдөг. Сар бүр яриа хийдэг. Энэ удаагийн хурал дээр компанийн дампуурлын талаар ажилчид их асуусан. Тэр болгонд нь зохих хариулт өгч ойлгуулсан. Ажилчид бол яг одоогийн байдлыг ойлгосон байгаа.
-Нийтийн тээвэр бол хүнд салбар. Ажилчдын ажиллах идэвхжлийг нэмэх тал дээр ямар ажил хийдэг вэ?
-Манайх сургалт семинар ажилчдынхаа дунд тогтмол зохион байгуулдаг. Мөн нийгэмд байр сууриа олсон, манлайлагч эмэгтэйчүүдээр ажилчиддаа лекц уншуулдаг. Мөн нийгэм, гэр бүлийн асуудлаар эмч нараар ч яриа хийлгэдэг. Спортын арга хэмжээ болон аялал жуулчлалын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.
-Наадмын дараа намар гэдэг удахгүй өвөл болно. Өвлийн бэлтгэлээ хангаж байна уу?
-Нийтийн тээвэр бол тэр чигээрээ улирлын чанартай ажил. Манайх автобусаа нэмэх тал дээр анхаарч байгаа. Өвлийн бэлтгэлээ хангахаар олон ажил зохион байгуулж байна. Зуны улиралдаа багтаад ажилчид маань амраад ажилдаа орж байна.