Хүн болгон хүүхдээ сайн хүн болгоё гэж боддог. Хүүхдүүд ч гэсэн сайн хүн болно доо л гэж боддог. Тиймээс хүүхэд бүрийн авьяас чадварыг олж, нээж, түүнийг нь хөгжүүлж нийгэмд биеэ даасан, өөрийгөө илтгэдэг, шийдвэр гаргах чадвартай, ёс заншил уламжлалаа мэддэг иргэн бэлтгэхийн тулд БШУЯ-наас “Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого” гаргасан.
-БШУЯ-ны харьяа байгууллагуудын нэг нь БМДИ. Танай байгууллага ямар чиг үүрэгтэй ажиллаж байна. Багшийг дахин сургах ямар хэрэгцээ шаардлагатай байна вэ?
-Манай байгууллага 2012 оны ЗГ-ын тогтоолоор БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хэмээх биеэ даасан байгууллага болж үйл ажиллагаагаа явуулж байна. Байгууллагын чиг үүрэг бол СӨБ болон ЕБС-д ажиллаж байгаа багш нараас гадна захирал, сургалтын менежер, эрхлэгч, арга зүйч, нийгмийн ажилтан, номын санч, дотуур байрын багш, сургуулийн эмч зэрэг албан хаагчдын боловсролыг дэмжих хүрээнд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулж, арга зүйн дэмжлэг үзүүлдэг.
Манай байгууллага байгуулагдаад удаагүй ч гэсэн олон удаагийн сургалтыг үндсэн болон төрөлжсөн, захиалгат, ажлын байран дээр зөвлөн туслах гэсэн хэлбэрүүдээр зохион явууллаа. Үүнд одоогийн байдлаар давхардсан тоогоор 45 мянган багш хамрагдаад байна. Энэ сургалтуудын маань мөн чанар нь хоёр зүйл байсан. Нэгдүгээрт өнгөрсөн 20 жилийн турш багшийг хөгжүүлэх төрийн дэмжлэг бага байсан тэр л орон зайг нөхөх, хоёрдугаарт XXI зууны багш хүн даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд ямар чиг хандлагатай байх ёстойг тодорхойлъё гэсэн зорилго тавьсан. Хүн болгон хүүхдээ сайн хүн болгоё гэж боддог. Хүүхдүүд ч гэсэн сайн хүн болно доо л гэж боддог. Тиймээс хүүхэд бүрийн авьяас чадварыг олж, нээж, түүнийг нь хөгжүүлж нийгэмд биеэ даасан, өөрийгөө илтгэдэг, шийдвэр гаргах чадвартай, ёс заншил уламжлалаа мэддэг иргэн бэлтгэхийн тулд БШУЯ-наас “Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого” гаргасан.
Тиймээс хүүхэд бүрийг нээж хөгжүүлэх гэж байгаа багш бүр “боловсрох” хөгжих ёстой. Бидэнд тэр онцгой үүрэг оногдсон. Манай багш нарын мэдлэг бол хаана ч гологддоггүй. Энэ нь бид гадаадын зарим оронтой хамтран багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхэд харагдаж байна. Харин хүүхэд өөрөө өөрийгөө олоход багш тэвчээртэйгээр түүнд тусалдаг дэмждэг зан чанарт л суралцах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл багшийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна гэсэн үг.
-Манайхан хүүхдээ сургуульд өгөхөөрөө л тухайн сургуулийг нь онцлохын дээр багш нарыг нь ч онцолж харьцдаг. Ам дамжсан сургаар энэ багш сайн гэсэн. Энэ багшийн ангид л хүүхдээ өгмөөр байна гэсэн хандлага гаргадаг...
-Өмнө нь бид сайн багш гэж одон медаль, уралдаан тэмцээнээр хөөцөлдсөн эсвэл хичээлд идэвхтэй оролцдог олимпиадад амжилт үзүүлэх магадлалтай хүүхдүүдтэй ажилладаг багшийг л хэлдэг байсан. Гэтэл тухайн ангид нь байгаа үлдсэн бүх хүүхэд л хичээлдээ амжилт гаргаж, сайн сурах юмсан, эрдэм мэдлэгээ ахиулах юмсан гэдэг нэгэн ижил хүсэлтэй байдаг. Иймд өнөөдөр сайн багш гэдэг бол хүүхэд бүрийхээ авьяас чадварыг нээн хөгжүүлж ирээдүйд эрдэм мэдлэгтэй, ухаалаг зөв хүн болгон төлөвшүүлэх ариун үүрэгтэй. Энэ үүрэгтээ ухамсартай хандан ажиллаж байгаа багш л “Сайн багш”. Багш бүрийг ийм болгохын төлөө манай байгууллага үүрэг хүлээн ажиллаж байна. Үүний тулд “Багшийг хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулсан. Ингэснээр бид нэг л зүйлд хүрэх юм. Өөрийн чинь асуусан асуултын хариу болгож хэлмээр байна. Ямар ч эцэг эх гэртээ хамгийн ойрхон сургууль, цэцэрлэгт хүүхдээ аваачаад өгөхөд боловсролын чанартай үйлчилгээг авч чаддаг байх. Эцэг эхчүүдийн заавал энэ сургууль, энэ багшид хүүхдээ өгнө гэсэн хандлага их байгаа нь зарим сургуулийн болоод ангийн ачааллыг хэт ихэсгэж байна. Энэ нь нэг талаараа хувь хүний хандлаг ч гэсэн хэт олон хүүхэдтэй ангид сургалт явуулж байгаа багшийн ажлын ачаалал нэмэгдсэнээр эргээд боловсролын чанарт ч нөлөөлж болно. Ер нь аль ч сургууль цэцэрлэгийн багш бүр сайн байх ёстой. Монгол Улсын ирээдүйг гар дээрээсээ урлаж ирээдүйн эх орны эздүүдийг бэлтгэж байгаа багш хүн чадвартай, сэтгэлтэй байх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ багш хүн тэр олон хүүхдүүдийг ганцаараа сургаж хүмүүжүүлэхгүй ш дээ. Мэдээж эцэг, эх асран хамгаалагчидтай гар нийлж хамтран, бүгд нэг сэтгэлийн үзүүр дор ажиллах хэрэгтэй.
Миний харснаар багш хүн бүхнийг мэдэгч, багшийн өгсөн даалгаврыг хүүхдүүд цээжлэж үүний дагуу шалгалтаа сайн өгөх ёстой гэсэн зорилготой болчхож. Гэтэл ЕБС-д сурч байгаа хүүхдүүд би хэн бэ, би юуг илүү сайн чанартай хийж чадах вэ гэдгээ олж мэдэх л хамгийн чухал нь. Нэг үгээр хэлбэл өөрөө өөрийгөө олох таних нь чухал байна.
-Хэрэв үнэхээр багш бүр хөгжөөд таны ярьж байгаа биеллээ олбол сайн л хэрэг. Гэхдээ таны харж байгаагаар тэр үр дүнг үзэх хүртэл хэдий хэр хугацаа шаардлагатай бол?
-Хоёр жилийн өмнө энэ ажлыг хүлээн аваад багш бүрийг сайн багш болгоно гэж бодохоор л яах бол доо л гэж боддог байсан. Гэтэл асар хурдан шинэчлэл хийгдэж байна. Одоо бол санаснаас ойрхон харагдаж байна. Өөрөөр хэлбэл 2020 онд багш хүнд хамгийн сайн сайхан үгээ зориулдаг, нийгэм дэх багшийг үнэлэх үнэлэмж эрс сайжирсан байна гэж харж байгаа.
-Онц сурдаг хүүхэд багшийн мэргэжлийг сонгодоггүй болсон. Түүнтэй уялдаад зарим нэг багшийн ёс зүйгүй асуудлаас болоод багшид хүмүүс тэр бүр дуртай биш болсон?
-Нийгэм өөрчлөгдөөд, салбар бүрт л ийм асуудал тулгарсан. Одоо байдал өөрчлөгдөж байна. Гэхдээ бидний зорилго бол нэр хүндийн хойноос гүйх биш. Боловсролын үйлчилгээг хүүхэд бүрт л зориулж чаддаг сэтгэлтэй багш нарыг бий болгох. Үүнийг дагаад цаашид нийгмийн үнэлэмж ч гэсэн өөрчлөгдөнө. Улс орны хөгжил боловсрол, эрүүл мэндтэй шууд холбоотой. Хүнээ хөгжүүлээгүй бол хөгжлийн тухай ярих ч хэрэггүй. Хүний хөгжил боловсролтой шууд холбоотой юм.
-Танайхаас зохион байгуулдаг сургалт төрөлжсөн, үндсэн гэсэн хоёр хэлбэрээр явагддаг гэсэн. Тэр сургалтын ялгаа нь юу вэ. Мөн тухайн сургалтын хөтөлбөрийг хаана, хэн боловсруулаад байна вэ?
-Манай институт судлагдахуун бүрээр нийт 40 гаруй арга зүйчтэй. Арга зүйчид хөтөлбөрөө боловсруулахдаа тухайн салбарынхаа эрдэмтэдтэй хамтран ажилладаг. Үндсэн сургалт маань боловсролын байгууллагад нэг, тав, арав дахь жилдээ багшилж байгаа багш, удирдах ажилтанд зориулсан, багшлах эрх олгодог сургалт байдаг. Харин төрөлжсөн сургалтын зорилго нь үндсэн сургалтынхаа ялгаатай. Өөрөөр хэлбэл товлосон хугацаанд тодорхой ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгддэг ба энэхүү сургалтыг төрийн болон төрийн бус байгууллага зохион байгуулж болно гэж заасан байдаг. Энэ хүрээнд багшаас гадна нийгмийн ажилтан, номын санч, дотуур байрын багш, сургуулийн эмч зэрэг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулдаг чухал хүмүүст сургалтуудыг явуулж байна.
-Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдахаас өмнө багшлах эрхийг ямар байгууллага хариуцаж олгодог байсан юм бэ?
-Чиг үүргийн хувьд аймаг нийслэлийн боловсролын газарт түшиглэн БШУЯ хариуцан олгож байсан.
-Олон улсын багш солилцооны хөтөлбөр явуулдаг гэсэн. Одоо ямар ямар оронтой хамтран ажиллаж байна. Солилцооны хөтөлбөрийн санхүүжилт хаанаас гарч байна вэ?
-Одоогоор БНСУ-тай багш солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Солонгосоос багш нар ирж манай ЕБС-д ажиллах, манайхаас яг тэр тооны багш нар Солонгост ажилладаг. Багш солилцооны хөтөлбөр маш үр дүнтэй явагдаж байна.
Мөн ОХУ-ын Эрхүү хот дахь Зүүн Сибирийн Боловсролын Академитай хамтарч орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа. Гэхдээ үүнийг танхимын сургалтаар явуулах нь төдийлөн хангалттай биш байсан учраас бид хүсэлт тавиад өнгөрсөн нэгдүгээр сард Орос хэлний багш нараа Эрхүү хот руу туршлага солилцуулахаар явуулсан. Маш үр дүнтэй сургалт болсон. Сүүлийн үед Япон улстай хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Солилцооны хөтөлбөрт яваад ирсэн багш нар маань ихийг сурч мэдэж, хандлага нь өөрчлөгддөг. Цаашид гадаадын хамтын ажиллагаа улам илүү өргөжих байх. Солилцооны хөтөлбөрийн зардлыг хамтран ажиллаж байгаа тухайн улс орон бүрэн гаргадаг. Зарим тохиолдолд манайхаас зөвхөн хэрэглээний зардал л гардаг.