Их дээд сургуулийн шинэчлэлийн бодлогын талаар БШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл”-ийн төслийн зөвлөх Р.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газраас боловсролын салбарт олон зөвлөл байгуулсны нэг нь дээд боловсролынх. Зөвлөл бүр өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ дээд боловсролын зөвлөл нэлээд их ажлыг амжуулж байх шиг?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа боловсролын шинэчлэлийн асуудлаар яамны дэргэд яамны аппаратаас гадна энэ чиглэлээр судалгаа хийдэг, туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулсан. Түүний нэг нь Дээд боловсролын бодлогын зөвлөл. Энэ зөвлөлд сургууль удирдаж байсан, энэ чиглэлээр мэргэшсэн, туршлагатай хүмүүс багтсан. Бид олон удаа зөвлөлдөх уулзалт хийж, шинэчлэлийн бодлогын ерөнхий чиглэлийг тодотгосон. Бидний гаргасан ерөнхий чиглэл нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцэж байгаа учраас ажлаа үргэлжлүүл гэсэн. Дээд боловсролд чанарын шинэчлэл хийхийг бид зорьж байна. Чанарын шинэчлэл гэдэг бол сурч байгаа оюутнууд сайн боловсрол эзэмших нөхцөлийг сайжруулах, сургуулиуд оюутнуудад хүртээж буй сургалт, судалгааны ажлынхаа чанарыг ахиулах, эдгээр асуудлыг бүрэн дүүрэн хариуцаж явуулахын тулд бие даасан байдлаар хангагдах тухай асуудал юм. Гэхдээ сургуулиудад хэмжээ хязгааргүй эрх мэдэл өгч, дураар нь тавина гэсэн үг биш.
-Гэхдээ энэ бүхний эцсийн зорилго нь дэлхийн түвшнээс хол гээгдэхгүй байх. Тэгэхээр сургуулиуд бие дааж, сургалтынхаа чанарыг ахиулж байна гээд өөр өөрийн гэсэн бодлого бариад ажиллахаар энэ зорилт маань биелэх болов уу?
-Сургуулиуд бие дааж шийдэл гаргадаг, шийдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээдэг болох юм. Энэ гурван цогц асуудлын хүрээнд маш олон зүйл хийгдэх ёстой. Шинэчлэл бүр орцоосоо эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмших шийдвэр гаргаж байгаа элсэгчид суралцахад хэр бэлэн болсон буюу ЕБС-ийн ахлах ангийг төгсч байгаа хүүхдүүд мэргэжлээ зөв сонгоход зориулсан мэдээллийн нийлүүлэлтийг сайжруулах асуудал юуны өмнө хамаарна. Цаашилбал, сургуульд орж ирсний дараа мэдлэг олгох сургалтын хөтөлбөрүүдийг цэгцлэх гэх мэтээр маш олон зүйлийг хамарч байгаа. МУИС-д бүтцийн том өөрчлөлт хийж эхэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Үүнээс өмнө нь МУБИС-д багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж, суралцах хүүхдүүдийг сонгон шалгаруулах, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн талаар багагүй ажил хийсэн. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ түүнийг сайжруулах, хэрэгжүүлэх зорилгод ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоо, хамтарсан түншлэлийг бий болгохоор тусгасан. Энэ ажилд улсын төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг авч байна. Үүнтэй зэрэгцээд Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээгээр “Дээд боловсролын шинэчлэл” төсөл нэлээн эрчимжлээ. 20 сая ам долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүнийг үр нөлөөтэй хөрөнгө оруулалт болгож ашиглах ёстой. Бидэнтэй дотоод, гадаадын зөвлөхүүд ажиллаж, дээд боловсролын эрх зүйн шинэчлэл, засаглал, чанарын баталгаажуулалт буюу магадлан итгэмжлэл, хүний нөөц зэрэг чиглэлээр Засгийн газар, БШУЯ-наас төлөвлөж байгаа шинэчлэлийн бодлогыг практик алхмууд болгох чиглэлээр ажиллаж байна.
Ерөнхийдөө системийн хувьд бие даасан, гэхдээ үйл ажиллагааныхаа үр дүнг хариуцах чадвартай институцийн тогтолцоо руу оруулах өөрчлөлт хийгдэнэ. Эцсийн дүндээ суралцагсдын эзэмшиж буй боловсролыг чанартай болгох, төгсч гарсны дараа хөдөлмөрийн зах зээлд амжилттай өрсөлдөх чадварыг бүрэн хангахад чиглэж буй юм. Их сургуулиудын түвшинд судалгаа хийх чадавхийг нь ихээхэн сайжруулах чиглэл барьж байна. Манай их, дээд сургуулиуд өнөөдөр үндсэндээ сургалтын байгууллага болсон. Үүнийг өөрчилж, их сургуулийнх нь түвшинд хүргэх, судалгааны баазыг дорвитой шинэчлэх шаардлага зайлшгүй.
-Их дээд сургуулийн сургалт шинэчлэгдээд, хүүхэд бүр хүссэн багшаараа хичээл заалгаад л өмнө байгаагүй олон дэвшил гарлаа. Гэхдээ нэг санаа зовоож байгаа асуудал бол сургалтын төлбөр. Үүн дээр танай зөвлөлөөс ямар чиглэл барьж байгаа вэ?
-Монголын нийгэмд дээд боловсролын хэрэгцээг нийлүүлэгч олон бий болсон. Гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиуд ч олноор байгуулагдсан. Тэдний нэлээд хэсэг нь гаднаас санхүүгийн дэмжлэгтэй. Энэ нь манай сургуулиудтай харьцуулахад төлбөрийн хувьд бага байх боломж олгож буй юм. Тэр ч байтугай оюутанд үзүүлж байгаа дэмжлэг нь ч өндөр. Гэтэл дээд боловсролын үр шимийг хэн хүртдэг юм, зөвхөн сурч байгаа хүний л хэрэг гэж үү. Дэлгүүрээс талх худалдаж авах, дээд боловсрол эзэмших хоёр үр шимийг нь хүртэж байгаа эзний хувьд адил уу гэсэн асуудал гардаг. Өндөр боловсролтой иргэнтэй байх нь тухайн нийгэм улс орны өөрийн эрх ашиг юм. Тэгвэл нийгэмд үр шимээ өгч байгаа юм бол нийгмээрээ зардлыг нь хуваалцах ёстой гэсэн ерөнхий концепц байдаг. Хамгийн өрсөлдөөнт зах зээлтэй нийгэмд ч гэсэн дээд боловсролыг санхүүжүүлж байгаа хувь хэмжээн дотор төрөөс, татвар төлөгчдөөс санхүүжүүлж байгаа хувь талаас илүү байдаг. Хүнээ суралцуулахад гарч байгаа зардлыг үр ашиг талаас нь үзвэл манай дээд боловсролын систем хамгийн үр ашигтайд тооцогдоно. Төлж байгаа мөнгөтэй харьцуулахад хүний авч байгаа боловсрол нь хамаагүй өндөр. Гэхдээ бага мөнгө төлж байгаа учраас түүндээ л тохирсон чанар байгаа гэж харж бас болно. Дэлхийд тэргүүлэгч Харвард гэх мэт их сургуулийн зарласан төлбөрийн хэмжээ жилд дунджаар 40 мянган ам.доллар байдаг. Тэдний тайланг харвал нэг оюутанд жилд дунджаар үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэг жишээ нь, Харвардын их сургуульд 32 мянган ам.доллар байдаг. 40 мянган ам.долларын төлбөртэй, сургуулиас авч байгаа санхүүгийн дэмжлэг нь 32 мянган ам.доллар. Үнэн хэрэгтээ оюутан 8000 ам.доллар л төлж байна гэсэн үг. Зардал талд нь үзэхээр нэг оюутныг нэг жил сургахад дунджаар 50-60 мянган ам.доллар зарцуулж байгаа юм. Тэгэхээр энэ сургуулиуд бусад эх үүсвэрээс санхүүжилтээ авдаг байх нь. Мөн төр санхүүжүүлдэг сургуулиуд ч байна.
-Гэхдээ энэ нь манай нөхцөлд боломжтой эсэхийг мэдэхгүй байна. Судалгааны бүтээлээсээ санхүүждэг болох, оюутан эрдэмтний нөөц бололцоог зарим сургуулийн санхүүгийн чадварыг дээшлүүлэхэд ашиглах хэрэгтэй гэсэн бодлого ч бас явж байгаа...
-Манайд их сургуульд хийсэн судалгааны ажил тэр хүнийхээ зохиогчийн эрх болдог. Их сургуулийн тоног төхөөрөмжийг ашиглаж хийсэн ч тэр. Их сургуулийн професоруудын хийдэг судалгааны ажлын санхүүжилтийн хэмжээ нэлээн өндөр. Дээд боловсролын түвшинд хийж байгаа өөрчлөлтөөр судалгааны санхүүжилт авах “бяртай”, итгэл даах судалгааны баазууд бий болгох юм. Өнөөдөр манай их сургуулийн багш нар хичээлдээ л хамаг цаг заваа зарцуулж байна. Нэг багшид ногдож байгаа оюутны тоо олон. Гэтэл их сургууль байхын тулд үйл ажиллагааны тал хувь нь судалгааны ажил байх ёстой. МУИС-д хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлтөөр багш нар үндсэн хөдөлмөрийнхөө хуваарьт өөрчлөлт оруулах байх. Их сургуулийн багш нар судлаач болж хувирах ёстой. Тэрчлэн оюутан олон багш нараас сонгож, хичээлээ заалгах боломж нээгдэж байгаа.
-Ер нь манай төрийн болон төрийн бус дээд боловсролын байгууллагын амьдрах эх үүсвэр нь үндсэндээ сургалтын төлбөр л байгаа. Тийм ч учраас амьжиргааны өртгөө дагаад л өсч байдаг?
-Бид дээд боловсролын байгууллагуудыг бие даасан болгох, сургалт судалгааны ажлыг чанаржуулах тухай сая ярилаа. Судалгаа бол орлого олох эх сурвалж гэж хармааргүй байгаа юм. Их сургууль байя гэвэл хөтөлбөр нь байнга ахиж дэвшиж байх ёстой. Үүний тулд түүнийг эрхэлж байгаа хүмүүс тэр мэдлэгийн хамгийн эхний фронт дээр ажиллах ёстой байхгүй юу. Тэгж байж тухайн сургуулийн хөтөлбөр өөрөө өрсөлдөх чадвартай болно. Тэгэхээр мөнгө олох нь дараагийн асуудал. Гол нь энэ ажлыг эрхэлж байгаа багш нар судлаач байх ёстой. Тэр судлаач нарын мэдлэгийг тэлж байгаа үйл ажиллагааны үр дүн эргээд сургалтынхаа процесст маш хурдан шингэж, суралцаж байгаа хүмүүст хүрэх ёстой. Ийм л хэв шинжтэй сургууль болгохыг их сургуулиудын өөрчлөлт зорьж байна даа. Америкийн их сургуулиудад ойролцоогоор 20-30 хувьд нь судалгаа, бусад хэлбэрээр, мөн төрөөс үзүүлж байгаа санхүүжилт байгаа шүү дээ. Дээр нь оюутнуудын авдаг зээл тусламж байгаа. Тэгэхээр энэ хөрс суурийг бий болгож, дээд боловсролыг дэмжиж хандив өгөхийг хуульчлах хэрэгтэй байгаа юм. Манай хуульд дээд боловсролын байгууллага ашгийн төлөө байж болно, ашгийн бус байж болно гэж хуульчилсан. Тэгсэн хэрнээ аль хэлбэрээр нь явбал ямар хөнгөлөлт давамгайлах юм, ялгаа нь юу вэ гэдэг дээр зохицуулалт байхгүй. Ашгийн бус хэлбэрээр явж байгаа сургуулиуд нийгмийн баялгийг бүтээж байгаа. Энэ сургуульд орж байгаа бүх хөрөнгө нийгмийн баялгийг бүтээхэд бүрэн зарцуулагдаж байна гэсэн үг. Түүнийх нь төлөө тэр сургууль руу орж байгаа хөрөнгө, хандивлаж байгаа мөнгийг татвараас чөлөөлдөг, хөнгөлдөг систем рүү оруулаад, харин хэрхэн зарцуулагдаж байна вэ гэдэгт хяналтын механизм тогтоох ёстой. Манайд тэр бүтэц байхгүй. Хандиваар дамжуулж татвараас зугтаах оролдлого бий болно гэсэн өнцгөөр манай санхүүгийнхэн харж байгаагаа өөрчлөх цаг болсон.
-Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг шинэчилж баталсны дагуу их, дээд сургуулиуд өөрсдийн хөтөлбөрөө эргэн харах боломж олдлоо. Аливаа шинэчлэлийн зорилго өмнөхөө сайжруулах. Хөтөлбөр шинэчлэгдснээр ямар давуу тал бий болж байгаа юм бэ?
-Шинэчлэлийн шаардлага өмнө нь БШУЯ-аас их, дээд сургуулиудад тавьдаг байсан шаардлагаас хэд хэдэн онцлог, давуу талтай. Хамгийн гол ялгаа нь өмнө нь яамнаас маш олон хичээлийг заавал үзүүлэхээр шаардаж мөрдүүлдэг байсан. Мөн заавал үзэх хичээлийн тоо олон, түүгээр олгох кредит өндөр байсан тул мэргэжлийн хичээлийн цагийг багасгаж байгааг багш, эрдэмтэд, оюутнууд ч их шүүмжилдэг байсан. Харин энэ удаад яамны зүгээс хянаж, заавал оруулахыг шаарддаг байсан хичээлийн тоог цөөлсөн байна. Өмнө нь бүх оюутан заавал судлах ерөнхий суурь хичээлийн нийт кредит 40 хүрч байсан гэж багш нар ярьдаг. Одоо бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хэрэв заавал судлуулахаар хичээл оруулах бол түүнд ногдох нийт кредитийн хэмжээ 12-оос хэтрэхгүй байхаар заасан. Энэ нь тус бүр гурван кредиттэй дөрвөн хичээлээс хэтрэхгүй гэсэн үг. Гэхдээ ерөнхий суурь хичээлийн нийт кредитийг хөтөлбөрийн бүх кредитийн 30 хувь хүртэл байлгаж болохоор тусгасан нь энэ бүлэгт тус бүрдээ гурван кредиттэй 12 хичээл байж болно гэсэн үг. Үүний наймаас цөөнгүй тооны хичээлийг сургууль өөрөө шийдэж оруулах юм. Ингэж Монголын оюуны чадвар хамгийн өндөр хүмүүс төвлөрсөн институц болох их, дээд сургуулиудад шийдвэр гаргах эрх мэдлийг нь өргөтгөсөн. Үүгээрээ сурч байгаа хүмүүст, энэ сургалтыг гардаж явуулдаг хүмүүст ч өөрсдөө ажлаа мэдэж хийх эрх мэдэл, эрх чөлөөг нь нэмж өгсөн байна.
-Мэргэжлийн индексийг шинэчлэн баталсантай холбоотойгоор их дээд сургуулиудын оюутан элсүүлэх хөтөлбөр цөөрч байгаа. Тэгэхээр элсэгчдийн тоо цөөрнө гэсэн үг үү?
-Элсэгчдийн тоо цөөрнө. Гэхдээ хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, БШУЯ-наас элсэгчдэд тавих шаардлагыг тодорхой болгоно. Элсэгчдийн ерөнхий шалгалтыг улс даяар авдаг. Тухайн оюутан шалгалтад хэдэн оноо авснаас үл хамаарч, аль нэг сургуульд элсчихдэг тогтолцоо одоо байгаа. Иймээс хэмжээст оноо буюу босго оноог 450 байхаар ярилцаж байна. Хэмжээст оноог гүйцэтгэлийн онооноос ялгах хэрэгтэй.
-Их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн асуудал нэлээд шүүмжлэл дагуулдаг. Өөрчлөгдөх ёстой нэг зүйл мөн байх аа?
-Шинэ хөтөлбөр бий болгох, тэр хөтөлбөрт үндэсний хэмжээний нэгдсэн стандарт мөрдүүлж, сахиулж байх чиг үүргийг харьцангуй хөндлөнгийн шинжтэй магадлан итгэмжлэх байгууллага хийнэ. Энэ байгууллагын үйл ажиллагааны талаар зөрчилтэй үнэлэлт, дүгнэлт, байр суурь байгаа нь олон шалтгаантай. Энэ байдлыг засч, тус байгууллагын боловсролын байгууллагад үзүүлдэг чанарын үйлчилгээг өгөөжтэй болгох, улсын хэмжээнд боловсролын нэгдсэн стандартыг сахиулахад үр нөлөөтэй ажилладаг хэрэгсэл байлгах талаас нь шийдлүүд төлөвлөсөн. Үүнд, дотоод, гадаадын зөвлөхүүд, сургуулийн удирдлагууд хамтарч ажиллаж байна. Ялангуяа мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мэргэжлийн ашиг сонирхлын үүднээс хяналтын механизм ажиллаад эхлэхээр дээд боловсролын чанарын талаар төлөвлөж байгаа олон ажлыг мэргэжлийн байгууллагад нь өгөх, үр нөлөөтэй хянуулах, сургалт явж байгаа процессыг үйл явц дунд нь засч, залах ийм сайн хөшүүрэгтэй болно. Энэ чиглэлд шинэчлэлийн бодлогын нэлээд хэсэг нь чиглэж байна.