Үүсэл
ХБНГУ-ын Канцлерын 2011 оны 10-р сард манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нар Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийг (МГТИС) байгуулахаар харилцан тохиролцсоноор манай сургуулийн үндэс суурь тавигдсан билээ.
Тус сургууль нь хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн хоёр жилийн судалгааны үр дүнд Монгол залууст эх орондоо олон улсын түвшний инженерийн боловсрол эзэмшүүлэх зорилготойгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2013 оны 3 дугаар сардалбан ёсоор байгуулагдсан юм.
Хэрэгжүүлэгч байгууллагууд, хамтран ажилладаг их сургуулиуд
Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү их сургуулийг байгуулж, бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлэгч байгууллагаар БШУЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) ажиллаж байгаагаас гадна Германы эрдмийн солилцооны алба (DAAD) хамтран оролцож байна.
МГТИС нь Германд төдийгүй олон улсад нэр хүнд бүхий Фрайбергийн техникийн их сургууль, Аахены техникийн их сургууль болон бусад их, дээд сургуулиудтай сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах, мэргэжлийн хичээлийг заах профессор багш нарыг урих, сургалт, судалгааны үйл ажиллагаанд дэмжлэг авах, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, үйлдвэрлэлийн дадлага, бакалаврын ажлыг удирдуулах зэргээр өргөн хүрээтэй хамтран ажиллаж байна.
Сургалтын орчин, материаллаг бааз
МГТИС нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах 600 оюутны хичээлийн байр, 160 оюутны дотуур байр бүхий орчин үеийн кампустай бөгөөд суралцагчид олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн лаборатори, номын сан, хоолны газар, компьютерийн танхим, чөлөөт цагаа өнгөрөөх болон фитнесийн өрөө зэргээр үйлчлүүлэх боломжтой.
Чанартай сургалт, судалгаа, үйлчилгээ
Тус сургуулийн гол онцлог нь үйлдвэрлэлийн бодит практиктай нягт уялдсан сургалтыг явуулах бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг хамгаалсан монгол багш нар болон германы хамтрагч их сургуулиудаас уригдан ирэх мэргэжлийн профессор багш нар англи хэлээрхичээл заах юм.
МГТИС нь уул уурхайн болон дагалдах үйлдвэрлэлийн салбарын компаниудад хэрэгцээтэй мэргэжилтний талаар явуулсан судалгаандаа үндэслэн 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн механик инженер, уул уурхайн боловсруулах инженер, хүрээлэн буй орчны инженерийн бакалаврын хөтөлбөрүүдээр англи хэлээр сургалт явуулахаар бэлтгэлээ хангаад байна. Тус сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэхийн өмнө 1 жилийн инженерийн бэлтгэлд суралцах боломжтой. Тус сургууль 2013 оны 9-р сараас сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж, өнгөрсөн хичээлийн жилд анхны бэлтгэл хөтөлбөрийн сургалтыг амжилттай явуулаад байна.
2014-2015 оны хичээлийн жилд инженерийн бэлтгэл болон дээр дурдсан 3 мэргэжлээр буюу механик инженер, уул уурхайн боловсруулах инженер, хүрээлэн буй орчны инженерийн бакалаврын хөтөлбөрүүдээр элсэлт авна.
Өндөр ур чадвартай элсэгчдийн хувьд бакалаврын хөтөлбөрт шууд элсэн суралцах боломжтойгоос гадна бусад элсэгчид инженерийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдсанаар бакалаврт элсэн суралцахад шаардлагатай англи хэлний зохих түвшний болон байгалийн ухааны суурь мэдлэгийг эзэмшинэ. МГТИС нь суралцагчиддаа ЭЕШ-ын оноо,МГТИС-ийн элсэлтийн шалгалтын дүн болон сурлагын амжилтыг нь харгалзан 100 болон 50 хувийн тэтгэлэгт хамруулах бөгөөд тус сургуулийн оюутнууд Монгол Улсын Засгийн газраас олгож байгаа Үндэсний тэтгэлэг болон Сургалтын төрийн сангийн санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болно.
Оюутнууддаа хувь хүний хувьд хөгжиж, төлөвших олон талт арга хэмжээнд оролцох, Монголд болон Германд үйлдвэрлэлийн дадлага хийх, оюутны солилцоогоор Германы их дээд сургуульд суралцаж, бакалаврын дипломын ажлаа бичих зэрэг боломжуудыг санал болгож байна.
Цаашид Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр нэн шаардлагатай байгаа нарийн мэргэжлүүдээр бакалаврын бусад хөтөлбөрүүд болон магистр, докторын хөтөлбөрүүдийг Германы хамтрагч их сургуулиудтайгаа хамтран хэрэгжүүлж, олон улсын түвшний инженерүүдийг бэлтгэх, кампусаа өргөжүүлэх, хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.