Тэртээ 33 жилийн өмнө Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамтаар Монгол Улсын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч “Салют-6” станцтай холбогдон долоон хоног 20 цаг 42 минутыг задгай сансарт өнгөрүүлж, дэлхийг 125 удаа тойрсон гэдэг. Энэ бол эх дэлхийн тойрог замд Монгол хүн “мөрөө гаргасан” анхны тохиолдол байв. Үүнээс хойш Монгол хэмээх нэрийн өмнөөс сансар огторгуйн уудамд хөөрч алтан соёмбот тугаа ахин мандуулсан хүн үгүй. Харин энэ эрхэм хүндтэй үүргийг энэ цагт сурагчид гүйцэтгэхээр зэхэж байна. “Сансар дахь бидний мөрөөдөл” хэмээх төслийн хүрээнд Монгол Улсын бүхий л бүрэн, дунд боловсролын сургуулийн сурагчид задгай сансарт хиймэл дагуул хөөргөх уралдаант шалгаруулалтад хамрагдах боломжтой болоод буй юм. Энэ төслийг санаачлан хэрэгжүүлэгчийн нэг Ц.Нандинбаатартай уулзахад “Хүмүүс хиймэл дагуул гэхээр дотор нь хүн суудаг аварга том пуужин мэт сэтгээд байдаг юм. Угтаа, алгын чинээ, 10х10 хэмжээтэй ч байдаг. Бид үүнийг л хийж, хөөргөх гэж байна” гэсээр угтсан. Тэрээр программ хангамжийн чиглэлээр Шведийн “AAC Microtec AB” корпорацад ажилладаг залуу боловсон хүчин. 2006 онд сансарт хиймэл дагуул хөөргөх санаагаа олж, удаан бодож явсны эцэст 2011 оноос хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн аж.
Өдгөө төсөл санаачлан хэрэгжүүлж Монгол Улсын нэрийн өмнөөс задгай сансарт анхны хиймэл дагуул хөөргөхөөр зэхэж буй түүнтэй уулзаж ярилцлаа.
-Монгол Улс түүхэндээ анх удаа хиймэл дагуул хөөргөхөөр оролдлого хийж байгаа нь энэ байх, тийм үү?
-Тийм, анх удаа. Манай улс сансрын тойрог замд хиймэл дагуулгүй. Харин 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн нь монгол хүн сансарт ниссэн ганц тохиолдол. Тэр цагаас хойш сансрын хөгжил дэвшлээс холдчихсон байсан.
-Сансар огторгуй дахь монгол хүний ганц ул мөр нь тэр. Харин одоо хиймэл дагуул хөөргөж хоёр дахь удаагаа нэр, мөрөө гаргах нь?
-Хөөргөх гэхээс урдаар хийх ажил нь чухал. Яагаад гэвэл бидэнд энэ салбарын ямар ч технологи байхгүй. Тиймээс юуны өмнө технологийг нь эх орондоо нутагшуулъя гэсэн зорилгоор “Сансар дахь бидний мөрөөдөл” нэртэй төсөл санаачлан хэрэгжүүлээд эхэлчихсэн байна. Нутагшуулна гэдэг ойлголтыг бид хүүхдүүдээр дамжуулах буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулж энэ хиймэл дагуулаа хийж, хөөргөх гэж буй юм. Өөрөөр хэлбэл төслийн хүрээнд нийт гурван хиймэл дагуул бүтээнэ. Нэг нь л гэхэд хааш хаашаа арван см хэмжээтэй, шоо хэлбэртэй байх юм. Үүнийг олон улсад “Cubesat” гэж нэрлэдэг. Жин нь 1,33 кг. Ер нь, энэ төрлийн хиймэл дагуулыг оюутнууд багш нартайгаа хамтарч хөгжүүлдэг байсан бол сүүлийн үед дунд сургууль руу орж эхэлж байна. Чиг хандлагаараа бол дунд сургуулийн хүүхдүүд хиймэл дагуул хийж цаашид хөгжүүлэх бүрэн боломжтой. Хэрэв манай улсын дунд сургуулийн хүүхдүүд хийчихвэл дэлхийд анхдагч болох юм.
-Дунд сургуульд гэхээр энэ талын мэдлэг боловсрол олгох хөтөлбөр, дамжааг сургалтын хөтөлбөрт нь тусгасан байдаг байх нь?
-Яг Америкт бол нэг дунд сургуульд нь ийм хиймэл дагуул хийгээд эхэлчихсэн. 2015-2017 оны хооронд хөөргөнө гэж байгаа. Харин манай төсөл 2014 оны арванхоёрдугаар сарын 21 гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй хэрэгжиж байна. Төлөвлөсөн хугацаандаа хийгээд дуусгачихвал 2015 ондоо багтаад хөөргөх боломжтой юм. Хэрэв тэгж чадвал бид Америктай өрсөлдөж байна гэсэн үг л дээ.
-Хүмүүс хиймэл дагуул гэхээр их олон антеннтай асар том зүйл мэтээр төсөөлдөг шүү дээ. Гэтэл 10х10 хэмжээтэй гэхээр гайхах хүн цөөнгүй байх. Яг энэ хиймэл дагуулыг задгай сансарт хөөргөх үндсэн зорилго чиглэл нь юу байх вэ?
-Бид төслийн хүрээнд хиймэл дагуул хийх, хөөргөх ажлыг уралдаан хэлбэрээр зарлан явуулж байгаа юм. Нэг үгээр, сургачдад ийм хиймэл дагуул хий гэж зааварчлах бус тэдний сэдэж сэтгэсэн санаа шийдлээр хийхээр төлөвлөж байна. Ингэхийн учир нь хүүхдүүдэд чөлөөтэй сэтгэх боломж олгож байна гэсэн үг л дээ. Эхний шат, шалгаруулалтад хүүхдүүд маань хиймэл дагуулынхаа үндсэн үүрэг зориулалт, зохиомж зэргээ тодорхойлох юм.
-Гэхдээ, багш нар, мэргэжилтэн, боловсон хүчний оролцоо байна биз дээ?
-Уралдаан маань ерөөсөө үндсэн гурван үе шаттай байх юм. Эхний шатанд бүтээлийн шийдэл, санаа, гүйцэтгэх үүрэг, зохиомжоо ирүүлсэн нийт сурагчдаас 200-г нь сонгон шалгаруулна. Харин хоёрдугаар шатанд 50 хүүхэд сонгоно. Тэдгээр хүүхдүүд зургаа гаргаж хаана нь юу байх, эд ангиуд нь ямар үүрэг гүйцэтгэх гэхчлэн ерөнхий зураг төслөө гаргасан байх юм. Жишээлбэл, дүрс бичлэг хийх, зураг хөрөг авах зориулалттай хиймэл дагуул бол камер нь эндээ байна, хүндийн төв нь ийм байна гэх мэт. Гуравдугаар шатанд мөнөөх 50 хүүхдээ “Найрамдал” зусланд вакум орчинд ажиллуулж 15-ыг нь дахин шалгаруулна. Уг 50 хүүхэд бүтээлээ биет, загвар хэлбэрээр хийнэ, туршилт явуулна, багаар ажиллана. Үүний дараа 15-ыг нь бүтээлийнх нь хамтаар эцсийн шатанд сонгон шалгаруулж гурван баг болгох юм.
-Төсөл хэрэгжүүлж эхэлснийг бодоход манайд өөрийн тань хэлсэн технологи нь нутагшиж эхэлж байгаа бололтой.
-Тийм, хүүхдүүд шинийг сэдэж баг, хамт олноор ажиллана, практик дээр ажиллана гэдэг нь нэг ёсны энэ салбарын технологи боловсон хүчин нутагшиж эхэлж байна гэж ойлгож болно. Бидний төлөвлөж буйгаар хиймэл дагуул хийхэд шаардагдах тоног төхөөрөмж, эд ангиудыг дотоодоосоо хангах боломжтой. Антенн, их бие, тэнцвэржүүлэгч, батерей, нарны энерги хуримтлуулагч буюу эрчим хүчний эх үүсвэр мөн дотоод систем гэсэн үндсэн эд ангиуд шаардагдана. Эдгээрээс хамгийн чухал бөгөөд үнэтэй тусахуйц эд анги бол дотоод систем буюу программ хангамж юм. Хиймэл дагуулын программ хангамжийг би өөрөө туршин хийж байна. Хэрэв амжилттай болвол хиймэл дагуулдаа ашиглана. Бүтэлгүйтвэл гадаад улс орноос худалдан авч болно. Үүнээс гадна чухал нөлөө бүхий зүйл бол дээр дурдсан тэнцвэржүүлэгч. Хиймэл дагуул задгай сансарт гараад соронзон орны нөлөө, жингүйдлээс шалтгаалж дороо эргээд байдаг. Тиймээс тэнцвэржүүлэгчээр энэ асуудлыг шийдэж эргэлдэх хөдөлгөөн болоод бусад хөдөлгөөнийг удирддаг. Энэ тэнцвэржүүлэгчийг бид өөрсдөө хийх боломжтой. Хамгийн гол нь сансарт ажиллах боломжтойг хийж чадах уу гэдэгт л гол асуудал бий. Одоо вакум орчинд сурагчдаа бэлтгэхдээ л үүнийгээ туршиж үзэх гэж байгаа юм.
-Үнэ өртгийн хувьд хэдий хэр хөрөнгө шаардагддаг юм бол?
-Нэг хиймэл дагуулыг нэг баг хийхдээ 100 мянган ам.долларт багтаана гэсэн төсөв тооцоо гаргасан.
-Санхүүжилт нь хаанаас гарах вэ?
-Үнэнийг хэлэхэд бид өөрсдөө л босгоно гэж үзэж байна. Гурван хиймэл дагуул хийх учир бид ямар нэг байдлаар 300 мянган ам.доллар босгох хэрэгтэй болчихоод байна.
-Энэ их хөрөнгө зарж хийсэн бүтээл маань задгай сансарт гараад ямар үүрэг гүйцэтгэх вэ. Яахав, манай сансар судлалын ч юм уу бусад харьяа шинжлэх ухааны хөгжилд ахиц гарах нь мэдээж. Гэхдээ үндсэн үүрэг зориулалт нь эргээд ашгаа өгөх үү?
-Манай төслийн зорилго товчхондоо хүүхдүүдийг мөрөөдөлтэй болгоё гэж байгаа юм. Мөрөөдөл гэж юун тухай яриад байна гэвэл манай монгол хүүхдүүд гадаадын өндөр хөгжилтэй орны хүүхдүүдтэй өөрсдийгөө харьцуулахдаа “Бид нараас илүү л байж таарна, том зүйл хийж бүтээх боломжтой” гэж сэтгэдэг. Бид энэ ойлголт, төөрөгдлийг нь л үгүй хийхээр энэ төслөө санаачилсан юм. “Тийм юм байхгүй, та нар тэд нараас ч илүүг хийж бүтээж, сэтгэж чадна, илүү өндөр амжилтад хүрч чадна” гэдгийг л ойлгуулах гэсэн хэрэг. Нэг ёсны бид хүүхдүүдэд хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг нь эргүүлэн өгөх юм. Манай хүүхдүүдэд чиглүүлэгч л байхгүй. Чиглүүлэгч байвал оюуны чадамж, потенциалиар тэднээс дутахгүй. Харин ч илүү. Үүнийгээ нотлохын тулд чадахгүй гэж цэрвэдэг, хаа холын сансар огторгуйн хиймэл дагуул хийлгэчихвэл маш их урам зориг болно. Мөн мөрөөдөлтэй болно. Түүнчлэн, төслийн өөр нэг зорилго бий. Манай монголчуудын сансар огторгуйн салбарын мэдлэг маш нимгэн. Хиймэл дагуул, пуужин гэхээр үгээ мэдээд байгаа хэр нь яг аль вэ гэдгээ ялгаж мэддэггүй. Мөн бид ядуу учраас сансар, огторгуйн салбарт өрсөлдөх хаа ч байсан юм гэж боддог. Тиймээс, олон нийтэд энэ тухай сууль мэдлэг түгээе, салбарын шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулъя л гэсэн зорилготой.
-Зөв, зөв. Шуудхан хэлэхэд сансар оргторгуй судлал гэсэн энэ том шинжлэх ухааны бүтээлд хүүхдүүдтэй хамтарч ажиллана гэдэг нэг ёсны хүндрэлтэй, удаашралтай байх талтай. Гэхдээ алсыг харсан, холч ухаанаар сурагчдыг татан оруулж байгаа байх нь. Нэг ёсны нийгмийн хариуцлага ч гэж ойлгож болох нь ээ?
-Тийм, нийгмийн хариуцлага. Одооноос хүүхдүүдээ бэлдсэнээр сайн инженер, сайн хүний нөөцтэй болно. 30, 40 настай хүнд энэ тухай зааж сургаад нөгөө хүн маань цаашид энэ салбарт ажиллах эсэх нь эргэлзээтэй. Тийм ч учраас бага насанд нь хүсэл мөрөөдөлтэй болгож ирээдүйн хүний нөөц бэлтгэхээр хүүхдүүдтэй хамтран ажиллаж байгаа юм. Хүүхэд ч гэсэн хүний нөөц шүү дээ.
-Орчин цагаа дагаад ч юм уу хэт даяаршаад ч тэр үү нийгмийн ухаан, хэлний талын мэргэжил эзэмших хүсэлтэй залуус их болж. Тиймдээ ч сайн инженерийн хомсдол үүсээд байгаа байх. Яг өөрийн чинь хэлж байгаа шиг мөрөөдөлгүй, эцэг эхийн зөвлөгөөгөөр мэргэжил сонгодог?
-Санал нийлж байна. Манайх инженерийн хомсдолд орсон нь үнэн. “Таван Толгой”-д очоод ажиллая гэхээр тэнцэх хүн цөөхөн. Тэр талын мэргэжилтэй боловсон хүчин ч хомс. Ер нь, одоо хурдацтай даяаршиж буй энэ эринд шинжлэх ухааны хөгжил дэвшлийг тэргүүн эгнээнд тавих болсон. “Таван толгой”-г ухаад дуусна, харин оюун ухааны нөөц шавхагдашгүй шүү дээ.
-Манайд сансар огторгуй судлал ч юм уу, хиймэл дагуул хийх тухай сургадаг сургалт, дамжаа байдаг болов уу?
-Яг энэ талын юм огт байдаггүй. Энэ төслийг санаачилж, хамтран ажиллаж буйн хувьд Нэгдүгээр сургууль анхдагч болж байна гэж ойлгож болно. Төслөөр дамжуулж сурагчид, сургуулиуд хиймэл дагуул хийх боломжтой гэдгийг харуулах гээд байгаа юм. Тэгвэл цааш цаашдаа сургуулиудаар салбарлан хөгжинө. Мөн зүгээр нэг хиймэл дагуул хийх бус цаашид хоёр, гурван ч сургуульд лабораторын тоног төхөөрөмж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс улбаалан тэдгээр сургуулиуд ч хиймэл дагуул судалдаг, хийдэг, шинэ загвар, загварчлал туршдаг клуб, дамжаа хичээллүүлэх боломжтой. Мөн Залуу техникчдийн ордон гэж байсныг ч сэргээх бодолтой байна. Төсөл маань энэ ажилд нөлөөлнө гэж бодож байна.
-Сансрын тойрог замд хиймэл дагуулаа хөөргөсөн, энэ салбарт тэргүүлэгч улс орнууд ч ийм жижиг зүйлээс л эхэлсэн байх?
-Тийм шүү. Анхны хиймэл дагуул ЗХУ-ын “Спутник”. Үүрэг зориулалтын хувьд зүгээр л долгион цацдаг. 40,02 болон 20,05 мегаГерцийн хоёр янзын долгион цацаж байсан. Нийт жин нь 83,6 кг байсан бол сүүлд АНУ-ын хөөргөсөн хоёр дахь хиймэл дагуул 1 кг жинтэй байсан гэдэг. Ер нь, хиймэл дагуулууд үүрэг, зорилгоосоо хамаарч өөр өөр мэдээлэл цацна л даа. Жишээлбэл, харилцаа холбооны хиймэл дагуул гэхэд Орбитын тойрог замынх гэж байна. Дэлхийн эргэх хурдтай адил хурдаар эргэж байх жишээтэй. Энэ нь, тоон сүлжээ, интернет, гар утсанд ч дохио дамжуулах үүрэгтэй. Нэг үгээр яг бидний дээр байгаад байна гэсэн үг. Эсвэл ямар ч хамаагүй эргэдэг орбитууд байна. Тэдгээрт хөөргөсөн хиймэл дагуулууд тандан судалгаа хийх үүрэгтэй байж болно. Жишээ нь, газрын гадаргуу, бэлчээрийн нөөц, хуваарилалт, усны нөөц, урсац, тархац, цөлжилт, хээрийн гал түймэр гэхчлэн тэр болгоныг хянахад ашиглах боломжтой.
-Манай хөөргөх гэж байгаа хиймэл дагуулын үндсэн үүрэг зориулалтыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлно гэсэн. Магадгүй хүүхдүүд болсон хойно гайхалтай шинэлэг зүйл ч сэдэж болох талтай байх болов уу?
-Миний хувьд үндсэн мэдлэг, боломжуудыг нь зааж өгнө. Хүүхдүүд маань үндсэн үүрэг зорилтоо тодорхойлно. Ямар ч үүрэгтэй хиймэл дагуул хийж болно шүү дээ. Энэ бол хүүхдүүдийн л шийдэх асуудал. Зураг авч цацдаг, видео цацдаг дохио сигнал дамжуулдаг гээд ямар ч байж болно. Тэр ч бүү хэл өчигдөр ШУТИС-ийн Хүнсний технологийн оюутнуудтай уулзахад “Бид хүнсний бүтээгдэхүүнээ задгай сансарт хөөргөн урвалд оруулж туршилт хийж болох нь ээ” гэж хэлэх нь ч байсан. Тэгэхээр үүрэг зориулалт юу ч байж болно. Хамгийн гол нь шинэлэг байх ёстой. Тиймдээ ч бид хүүхдүүдийг сонгож тэдний сийрэг, сэргэг оюун ухааныг ашиглахаар шийдсэн хэрэг. Хүүхэд мөрөөдлөөрөө сэтгэж хэний ч төсөөлөөгүйг сэтгэж, хийж чаддаг. Томчууд хэт баригдмал болсон байдаг учир хоосон сэтгэхээс айгаад, эмээгээд байдаг. Хүүхдүүд ямар нэг эрсдлээс айлгүй сэтгэдэг учир тэндээс гайхалтай шинэ санаа, шийдэл ч гарч болохыг үгүйсгэхгүй.
-Магадгүй дараагийн Эйнштейн ч төрж болох?
-Үгүйсгэхгүй, төсөлд хамрагдах хүүхдүүдээс дараагийн Эйнштейн ч төрж болно.
-Та нар тэгэхээр боловсон хүчнээ зөв сонгож авч дээ?
-Хүүхэд бидний ирээдүй болохоор бид ирээдүйдээ санаа тавьж эртнээс бэлтгэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр дунд сургууль дүүргээд хаачихаа мэдэхгүй ойд төөрсөн сармагчин шиг байлгаж болохгүй. Тэднийг одооноос хүсэл мөрөөдөлтэй болгож хэрхэн мөрөөдөхийг зааж сургах хэрэгтэй. Энэ тал дээр салбар яам ч гэсэн хамтран ажиллаж манай төслийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. БШУЯ-аас нэг хиймэл дагуулын маань шаардлагатай хөрөнгийг гаргаж өгье гэсэн. Энэ бол маш том тус дэм. Түүнчлэн, энэ талын шинжлэх ухаанд сонирхолтой биднийг дэмжиж ажиллаж, хүүхдүүдийг хүсэл мөрөөдөлтэй болгохыг хүссэн хувь хүн албан байгууллагууд ч биднийг аль ч талаар тусалж дэмжиж болно. Үлдсэн хоёр хиймэл дагуул хийх 200 мянган ам.доллар гэдэг бага мөнгө биш, тиймдээ ч бидэнд сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэм их хэрэгтэй.