Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Норжхорлоо:Бага насандаа хүлээн авсан мэдээлэл, эзэмшсэн дадал нь насан туршид нь хэрэг болдог


Монголын нийт хүн амын 7,3 хувийг сургуулийн өмнөх боловсролын насны 2-5 насны хүүхдүүд эзэлж байна.

БШУЯ-ны дэргэдэх Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх багийн ахлагч Н.Норжхорлоотой бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
_________________________________
_________________________________

-Шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулгын ямар стандартыг хэрэгжүүлэх вэ?
-Та стандарт гэж асуулаа. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулгын “стандарт” гэж байх нь манай улсын хувьд нэг л сайн тохирохгүй байгаа юм. Яагаад гэвэл стандартууд Стандартчилал, хэмжил зүйн газрын мэдэлд байдаг, олон түмэнд амархан хүргэх боломж муутай, үнэ өртөг төлж байж авдаг, наад зах нь интернэтэд нээлттэй тавьчихаж болдоггүй. Гэтэл бага насны хүүхдийн хувьд эцэг эх шийдвэрлэх нөлөөтэй, хүүхэд ямар хүн болж төлөвших нь гэр бүлд л үндсэндээ шийдэгддэг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ багаас нь яаж харилцаж, ажиллах, хүүхдээ юунд сурган, ямар чадвар дадал эзэмшүүлэхийг, өөрөөр хэлбэл тэр стандартыг чинь тун нарийн мэддэг байх шаардлагатай. Ийм боломж эцэг эхчүүдэд хомс. Иймээс бид өнөөгийн мөрдөж буй “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ыг шинэчлэн сайжруулж, бага насны хүүхэдтэй хэн аваад ашиглах боломжтой, энгийн “Сургуулийн өмнөх сургалтын үндсэн хүрээ” гэсэн баримт бичгийг боловсруулан гаргахаар ажиллаж байна.

-Гадаад улс орнуудын стандартад суурилсан чанарын тогтолцоог бий болгоно гээд байгаа?  
-2014 онд цэцэрлэгийн орчны стандартыг шинээр боловсруулж, батлан гаргана. АНУ гэх мэт зарим улс оронд бага насны хүүхдийн сургалтын стандарт гэж бий. Гэхдээ заримд нь бага насны хүүхдийн сургалтын стандарт гэсэн баримт бичгийг түгээмэл хэрэглээд байдаггүй. Жишээлбэл, манай нэг дэд багийн гишүүд сургуулийн өмнөх боловсролын агуулгыг шинэчлэх ажлын хүрээнд Сингапур, Япон, Канад, Герман, Финлянд, ОХУ-ын сургуулийн өмнөх боловсролд мөрдөж буй сургалтын хөтөлбөрүүдийг судалсан. Эдгээр улс орны алинд нь ч сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын агуулгын стандарт гэж байхгүй. “Бага насны хүүхдийн сургалтын хүрээ”, “Цэцэрлэгийн сургалт, хүмүүжлийн хөтөлбөр”, “Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хүрээ”, “Сургуулийн өмнөх боловсролын үндэсний цөм хөтөлбөр” гэсэн нэртэй баримт бичгүүдийг хэрэглэдэг. Үүнийг нь тухайн улсын Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь батлаад гаргачихдаг.

-Та бүхний шинээр гаргах гэж буй Сургуулийн өмнөх сургалтын үндсэн хүрээ гэдэг нь “Сургалтын үндэсний хөтөлбөр” гэж ойлгогдож байна. Энэ хөтөлбөр ямар онцлогтой байх вэ?
-Тэгж ойлгож болно. Ер нь сургалтын агуулгыг тодорхойлон хөтөлбөр боловсруулахдаа тухайн насны хүүхэд чухам хэн бэ, яаж суралцдаг вэ гэдгийг хамгийн эхэнд харах нь чухал. Хэрэв бага насныхан юм мэдэхгүй, чадахгүй жаахан амьтад, байнга зааж сургаж байхгүй бол болохгүй гэж хандвал сургалтын хөтөлбөрт томчуудаас заах зүйлийн жагсаалт давамгайлчихна. Гэтэл бага насныхан бол орчноо таньж мэдэх гэсэн идэвх, хүсэл эрмэлзлээр дүүрэн, бидний ярьдгаар “жаран чавганцын ажил нь эхэлчихсэн” өөрсдөө суралцах ихээхэн чадвартай  байдаг. 1-2 настай хүүхэд ч орчин тойронд юу болоод байгаа, өөрт нь хэн яаж хандаж буйг төвөггүй мэддэг. Тэгэхээр сургалтын үндсэн хүрээний нэг онцлог нь хүүхдэд зааж сургах зүйлийн өргөн хүрээний жагсаалтаас татгалзаж, энэ насны хүүхэд ямар чадамжтай байх вэ гэдэгт голлон анхаарна. Чадамж гэдэг нь хүүхдийн мэдлэг, чадвар, сонирхол, хандлага, төлөвшлийг багтаасан цогц ойлголт. Гадныхны хэллэгээр компетенц (Competence).
Сургуулийн өмнөх боловсролын стандарт бус сургалтын үндсэн хүрээ гэж байх нь манайд илүү тохиромжтой.
Мөн өнөөг хүртэл мөрдөж ирсэн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, стандартыг хүүхдийн нас тус бүрээр гаргаж ирсэн. Бид хүүхэд бүрийг хөгжүүлэхийг зорьж байна. Тэднийг байгаа түвшингөөс нь цааш хөгжүүлэхэд хүүхэд хэдэн настай байх нь чухал биш. Тэгэхээр сургалтын хүрээг боловсруулахдаа бид хүүхдийн эзэмших чадварыг ахисан түвшингөөр авч үздэг. Жишээлбэл, хувцсаа өмсөх, тайлах гэсэн нэг чадварыг хүүхэд эзэмшсэн байна гэж бодъё. Тэгэхэд хүүхэд эхлээд гутал, хувцасныхаа буруу, зөв талыг ялгадаг болно, дараа нь товчоо товчилж, тайлна гэх мэтээр чадвар нь сайжирсаар сургуульд орохдоо гутлаа үдээд сурчихсан, бие даан хувцасладаг болчихсон байх жишээтэй.
  
-Шинэ сургалтын хөтөлбөр хэзээ бэлэн болж хэрэгжих вэ?
-Нийт аймаг, нийслэлийн хэмжээнд БШУ-ы сайдын тушаалаар батлагдсан 12 түшиц цэцэрлэг байгуулсан. Эдгээр цэцэрлэг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийн шинэчлэлийг бусдад үлгэр загвар болохоор  хэрэгжүүлэхээс гадна шинээр гарч буй сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн баримт бичгүүдийг туршин сайжруулахад хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Эдгээр түшиц цэцэрлэг шинэчлэн боловсруулсан Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын үндсэн хүрээг 2014-2015 оны хичээлийн жилд туршина. Ингэж туршсанаар энэ баримт бичиг практик үйл ажиллагаагаар баяжигдана.

-Багачуудад үндэсний соёл уламжлалыг ойлгуулж, төлөвшүүлэх асуудлыг сургалтын хөтөлбөрт яаж тусгах вэ?
-Бага насанд хүлээж авсан мэдээлэл тэдний соргог оюунд амархан тусдаг, эзэмшсэн дадал хэвшил нь насан туршид хэрэг болдог. Жишээлбэл, бага насандаа хоолоо сайн зажилж идээд хэвшчихвэл тэр хэвшил насан туршийнх.  Энэ утгаараа таны асуулт их чухал. Хүүхдээ зан заншлаа мэддэг, зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд багаас нь анхаарч хэлд орохоос эхлээд бүх талаас нь сургах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Английн зохиолч Ф.Честерфилдийн хэлсэн үгийг дурдмаар байна. “Эрдэм мэдлэгийг номноос олж авдаг ч амьдралаас бид түүнээс дутахааргүйг олж чаддаг. Ийм мэдлэг илүү цогц байдлаараа давуу байдаг” гэж хэлсэн. Тэгэхээр би гэр бүлийн соёл, ёс, зан заншил бол хүүхдэд багаас нь үндэсний соёл, уламжлалыг ойлгуулж төлөвшүүлэх нь цэцэрлэгт зааж сургаснаас илүү  үр нөлөөтэй гэж хэлэх гээд байна. Гэхдээ энэ нь үндэсний соёл, уламжлалаас сургалтын хөтөлбөрт огт оруулахгүй гэсэн үг биш. Юуг нь яаж багачуудад ойлгуулж, төлөвшүүлэх талаар тодорхой чиглэл, аргачлал байх шаардлагатай. 

-Хүүхдүүдийг хүсэхгүй байхад заавал нэг цагт унтуулах албагүй гэж зарим мэргэжилтэн үздэг. Тэгэхээр хүүхэд хүмүүжүүлэх зарим хуучин арга барил орчин үед нийцэж байна уу?
-Цэцэрлэгүүдийн удирдлага, багш нарын үйл ажиллагаанд тогтсон хуучин загвар, арга барилаас салах зүйл цөөнгүй бий. Наад зах нь цэцэрлэгүүд эцэг эх хүүхдээ өглөө тогтсон цагт амжиж өгөхгүй бол хаалгаа тас хаагаад цоожилчихдог, бүх хүүхдийг албадаж унтахыг шаардах, хүүхдийг заавал нас насаар нь анги болгон хуваарилж, ангиудын тохижилт нэг хэвийн адилхан гээд олон зүйлийг дурдаж болно. Эцэг эхийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг, хүүхдийг сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай байлгадаг, хүүхэд бүр бүх талаасаа хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн байгууллага байх нь цэцэрлэгт тавигдах хамгийн наад захын шаардлага. Тэгэхээр эцэг эхчүүдийн ажил 9:00 цагаас эхэлдэг байх үед хүүхдээ заавал 8:00 гэхэд цэцэрлэгт өгсөн байх шаардлагагүй биз дээ. Ах эгч, дүү хүүхдүүд нэг цэцэрлэгт явдаг бол заавал хоёр өөр ангид явах шаардлагатай гэж үү. Тэд хамтдаа нэг ангид явж байвал аль алиных нь сэтгэл санаа таатай байх нь мэдээж.

-Янз бүрийн насны хүүхэд нэг ангид байхад, ялангуяа томчууд нь олигтой юм сурахгүй гэсэн хандлагын талаар юу хэлэх вэ?  
-Янз бүрийн насны хүүхэд нэг дор, нэг ангид байхад аль алинд нь ач тустай. Багачууд нь томчуудаа даган дуурайгаад тэднээс их суралцдаг. Томчуудын хувьд бол өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Мөн бага хүүхдэд туслах, анхаарч халамжлах сэтгэл, өөрөөр хэлбэл бусдад анхаарал тавих, хайрлаж хамгаалах зан чанар бүрэлдэхэд ач холбогдолтой. Дашрамд хэлэхэд, манай энэ шинэ Засгийн газар, сайд Гантөмөр болон яамны бусад удирдлага цэцэрлэгийн үйл ажиллагааг өөр өнцгөөс харж,  хүүхэд нэг бүрт заяагдсан төрөлхийн олон талт боломж, чадавхийг нээн, боломжийнх нь дээд хурдцаар хөгжүүлэх, багш нарт итгэл өгч, тэдний хүүхэдтэй ажиллах арга зүй, технологийг шинэчлэхэд анхаарч, дэмжиж ажиллаж байгаад мэргэжлийн хүний хувьд талархаж явдаг. Арга барил нь арай л өөр, шинэлэг. Нэг жишээ дурдахад, яамнаас оны өмнөхөн улсын хэмжээнд 330 цэцэрлэг тус бүрт өөрсдөө шийдэж зарцуулахаар хоёр сая төгрөг шат дамжлагагүйгээр шууд олгосон. Одоо үлдсэн бүх цэцэрлэгт энэ мөнгийг олгож байна. Өмнө нь яам л өөрсдөө шийдэж, худалдан авалт хийж, хэрэгцээ шаардлага хангасан, хангаагүй нь хамаагүй авсан зүйлээ цэцэрлэгүүдэд тараадаг байлаа  шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан