Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Няндаг: Ажилсаг, эвсэг байвал хүүхэд бүр хөгжинө


Шинэчлэлийн Засгийн газраас Боловсролын шинэчлэлийг бага боловсролоос эхэлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулахаар лаборатор сургуулиудад туршилт хийсэн нь амжилттай болсон билээ. Тэгвэл энэ туршилтыг эхлүүлж, анхны төслийг гардан хэрэгжүүлж буй багийн зөвлөх,  доктор, профессор  Ц.Няндагтай ярилцлаа. Тэрээр боловсролын салбарын чиг шугам болгож буй  “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” онолыг боловсруулж, гоц авьяастны  93 дугаар дунд сургууль дээр амжилттай хэрэгжүүлсэн юм.

-БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” хөтөлбөрийг таныг анх санаачилсан гэх юм билээ. Анх энэ санаачлагыг хэрхэн гаргах болов. Энэ талаар яриагаа эхэлье?
-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд тэднийг ажилсаг, эвсэг болгох ёстой. Энэ хоёр аргад тулгуурлаж ажиллавал хүүхэд бүрийг хөгжүүлж болно гэдгийг  олон жилийн туршлагаас олж харсан. Хүүхдийг хөгжүүлэхэд заавал англи хэл сургаж, янз бүрийн авьяасыг нь хөгжүүлнэ гэж ойлгох шаардлагагүй. Эвсэг, ажилсаг болсон хүн ямар ч нөхцөлд, амьдралаа аваад явах чадвартай болдог. Сүүлийн үед өсвөр үеийг нийтээр нь хэрхэн ажилсаг, эвсэг болгох вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Залуус нийтээрээ ажилсаг биш болсон нь өнөөгийн нийгмийн сэтгэл зовоосон асуудлын нэг. Тиймээс ажилгүй залуус олон байна. Мөн ажилсаг байлаа гэхэд эвсэг байх чанар дутагдаж байна. Энэ хоёр зарчмыг хүүхэд залуус эзэмших хэрэгтэй байна. 

-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд ажилсаг, эвсэг болох дадлыг хичээлээр эзэмшүүлж болох хэрэг үү. Эсвэл сургааль үгээр хүмүүжүүлж ирсэн эртний заншлаа барих уу?  
-Бидний үед, өмнөх нийгмийн үед хүүхдийн хөдөлмөрийн бригад гэж байсан. 1963 онд Ардын их хурлаас ерөнхий боловсролын сургуулийг амьдралтай, сургалтыг хөдөлмөртэй хослуулж боловсролын системийг сайжруулах  тогтоол гарсан юм. Учир нь 1960-аад онд улсын хэмжээнд 10 жилийн сургууль анх бий болж, ахлах ангид хөдөлмөр хийх чадвартай хүүхдүүд олноороо цугласан. Тиймээс тэдний хүмүүжилд анхаарахын тулд сургуулийг амьдралтай, сургалтыг хөдөлмөртэй холбох хууль баталсан. Би сурагчдыг хөдөлмөрөөр иж бүрэн хүмүүжүүлэх ажлыг хариуцаж 20-иод жил ажилласан хүн. Энэ үед хүүхдүүдийн хөдөлмөр, сургалтыг хослуулах, тэднийг сурагчдын байгууллагаар нь дамжуулж хэрхэн  хүмүүжүүлэх вэ гэдэг хоёр том асуудал гарч ирсэн. Энэ асуудлыг тухайн үеийн төр засгаас дэмжиж, улс даяар нэвтрүүлэх тогтоол гарч,  хот хөдөөгийн олон сургуульд хэрэгжиж байлаа. Хүүхэд ажил хийх явцдаа өөрчлөгдөж, ухаан суудаг юм байна гэдгийг энэ бүхнээс олж харсан. Гэвч нийгэм  өөрчлөгдсөнөөр боловсролын хууль ч шинэчлэгдэж хууль эрх зүйн орчингүй болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх боломжгүй болсон юм.

-Тэгээд л Нийслэлийн 93 дугаар сургуулийг  байгуулжээ. Анхны төлбөртэй дунд сургуулиудын нэг байх аа?
-Хөдөлмөр, сургалт хоёрыг хослуулсан ёс суртахуунлаг, хүүхэд төлөвшүүлэх зорилгоор 1991 онд сургуулиа байгуулсан. “Шинийг санаачлагчдын сургууль” гэдэг нэрээр байгуулахаар хөөцөлдөөд “Гоц авьяастай хүүхдийн 93 дугаар сургууль” гэж нэрлэсэн. Тэр үед  би хөдөлмөр сургалтаар эрдмийн зэрэг цол хамгаалаад удаагүй байсан. Хөдөлмөрчин хүний хамгийн дээд хүмүүжил бол шинийг  санаачлагчдыг бэлтгэх гэдэг үзэл миний гол зорилго байлаа.  Боловсролын яамны харьяа сургууль учраас багш нар 25 хувийн нэмэгдэл цалинтай. Төсвөөс цалинждаг ч эцэг, эхээс төлбөр өгөх дүрэмтэйгээр байгуулагдсан. Сургууль байгуулагдаад эхний 2-3 жилдээ хөдөлмөрийн сургалттай байсан.   Хэсэг хугацааны дараа хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж  анхны зорилго зохион байгуулалт байхгүй болсон. Харин энэ жилээс  шинэчлэлийн Засгийн газар  манай энэ үзэл санааг дэмжин бодлого болгон  хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад баяртай  байна.

-Хөдөлмөр сургалт хоёрыг  хослуулсан арга хоцрогдсон ч гэмээр. Гэхдээ л энэ тэндхийн боловсролын хөтөлбөрийг оруулж ирээд, заавал ямар нэг шинэ өөрсдийн гэсэн зүйл үгүйлэгдэж байсан үе...?
-Шинэлэг биш гэж хэлж болохгүй. Яагаад гэхээр одоогийн манай сургалт бол олон төрлийн “Шинжлэх ухаан” нэртэй хичээл заадаг. Шинжлэх ухаан тус бүрээс их мэдлэг эзэмшүүлэх гээд түүнийгээ  ойлгуулах арга боловсруулсан нь эцсийн үр дүндээ хүүхдийн сургалт гэдэг зүйл  мэдлэг болоод хувирчихсан. Уг нь мэдлэг нь  чадвар болж  хүнийг хөгжүүлдэг. Чадвар болоогүй мэдлэг хүүхдийг хөгжүүлдэггүй. Тиймээс мэдлэгжүүлэх сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг чадваржуулах болгон шинэчилж байгаа юм. Амьдралд  чадвар, ухамсар хэрэгтэй. Чадваржуулах, ухамсарлуулах арга технологи манай сургалтын хөтөлбөрт байхгүй. Арван жилийн сургууль  төгссөн хүүхдүүд дээд сургуульд орохдоо элсэлтийн ерөнхий шалгалт өгч элсдэг ч тэднийг  ухамсрын,  ажлын үнэлгээгээр шалгаруулдаггүй.  Хэн мэдлэгтэй нь дараагийн сургуульд орох эрхээ авдаг. Өнөөгийн багш нар мэдлэгжүүлэх аргыг сайн эзэмшүүлдэг ч мэдлэгээ  чадвар болгон  хэрэгжүүлэх  аргад сургахгүй байна. Гэвч амьдрал дээр хэн бизнесийн ухаантай чадалтай нь сайхан амьдарч байна. Гэтэл Ерөнхий боловсролын сургуульд бизнесийн арга ухаан, мөнгө олох арга заадаггүй. Тиймээс сургалтын аргыг өөрчлөх цаг болсон. Боловсролын тогтолцоонд хувьсал хийхгүйгээр энд тэндэхийн улсын туршилтыг авчирч,  хуучин тогтолцоонд нааж шингээх журмаар боловсрол шинэчлэгдэхгүй. Ерөнхий боловсролын сургуульд сурдаггүй нэг ч хүүхэд байдаггүй. Тэр ч бүү хэл 10 жил сурчихаад нийгэмд гологдол болгочихвол төсвийн 20 гаруй хувийг авдаг  боловсролын байгууллагын  буруу болно.  

-Боловсролын салбарын суурь шинэчлэлийг юунаас эхэлвэл илүү хялбар байх бол. Ахмад багшийн хувьд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Энэ бол их том ажил. Юуны түрүүнд сургуулийн хүүхдүүдийг сургахын өмнө багш нарын ухамсрыг, сурган хүмүүжүүлэх онол арга туршлагыг шинэчлэх хэрэгтэй. Учир нь мэдлэгжүүлэх арга онолын сургалтаар  хэдэн зуун багш бэлдсэн. Одоо  ч бэлдэж байгаа. Тиймээс зарчмын өөрчлөлт хийх шаардлага байна. Ямар ч  юм багаасаа эхэлдэг учраас  бага сургуулийнхаа боловсролоос шинэчлэл эхэлье. Бага ангийн багш нарын ухамсар, арга туршлагыг нь өөрчлөх ажлыг эхлүүлэхээр бидэнд итгэл хүлээлгэсэн. Бидний шинэчлэл багшийн ажлыг асар их хөнгөвчилж байна. Эзэмшсэн арга барилыг өөрчилж байгаа нь эхний үед хэцүү ч  амьдралд ойртуулах тусам амархан болдог.

-Шинэчлэлийн хүрээнд багш нарыг ч гэсэн сургалтад хамруулж байгаа. Бид нээрээ эргээд харсан чинь хүүхэд рүүгээ л чиглээд байснаас тэднийг хэн боловсруулж байна гэдгийг харж байгаагүй юм шиг...?
-Манайд багш нарыг өрнийн сурган хүмүүжүүлэх ухаанаар бэлддэг. Өрнийн сурган хүмүүжүүлэх ухаан  дандаа мэдлэгжүүлэхээр голлож, мэдлэгийг нэгдүгээрт тавьдаг. Хүнд мэдлэг чухал боловч хэрэгтэй, хэрэггүй, зөв, буруу мэдлэг гэж байдаг. Тэгэхээр амьдралд хэрэгтэй, хүн болгон мэдвэл зохих мэдлэгийг сургуульд эзэмшүүлж чадаггүйгээс ийм болоод байгаа юм. Хүн бүрийн мэдвэл зохих мэдлэг их байх албагүй. Харин суурь гол мэдлэг нь миний хэлээд байгаа хүн болгоныг ажилсаг, эвсэг  болгох. Ажилсаг болоход их мэдлэг, эвтэй болгоход их ном судар заагаад байх хэрэггүй. Багаасаа эвсэг, ажилсаг, тусархаг болоогүй учраас том болоод эвсэг гэр бүл, хамт олон болохгүй. Тиймээс  нийгмийн сайн сайхан байх үндэс нь  нийтээр ажилсаг, эв нэгдэлтэй болох явдал. “Эвт шаазгай буга барина” гэдэг чинь энгийн мөртлөө яг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй. Үүнийг  хэрэгжүүлээд ирэхээр багш нар хоорондоо өрсөлддөгөө больж, бие  биедээ тусална. Хүүхэд нь дагаад бие биенээ дэмжээд ирэхээр багш сурагчгүй өөртөө итгэлтэй болдог. Тэгэхээр  бүх юмны нууц ажилсаг, эвсэг болгоход оршиж байгаа юм.  
 
-Одоо шинээр сургуульд орж байгаа болон бага ангийн хүүхдийг эвсэг болгож болох байх. Харин анхнаасаа суурийг нь тавиагүй хүүхдүүдийг яах вэ?  
-Бага ангийн хүүхдийг сургуульд орсон цагаас нь  өөрийгөө арчлах дадал хэвшилтэй болгоно. Энэ дадал хэвшлийг суулгахад  эцэг, эх гол  нөлөөтэй. Харин өөрийгөө арчлах дадал хэвшил сууж байгааг сургууль нь  үнэлдэг болох юм. Өөрийгөө арчилна гэхээр гутал хувцсаа зөв өмсөхөөс эхлээд олон юм орно. Дараа нь 3-4 дүгээр анги болоод ирэхээр гэр бүлийнхэндээ туслах хичээл орно. Хүүхдийн хийсэн ажлыг  үнэлгээнд оруулаад ирэхээр хүүхэд дорхноо сурдаг. Өөрийгөө арчилж сураагүй хүн хүнийг арчилж сурна гэж байхгүй. Ажилсаг болгохын цагаан толгой нь өөрийгөө арчлах. Аав, ээждээ тусалж сураагүй хүн өөр хүнд тусламтгай болно гэж байхгүй. Үүнийг өмнө нь   чухалчилдаггүй байсан. Албан ёсоор сургуулийн үзүүлэлтэд оруулчихаар хүүхдүүдийн ухамсар өөрчлөгдөж  эвсэг, тусархаг болно. Цаашлаад дээд сургуульд элсэхэд нь  тэр  үзүүүлэлтээр тодорхойлдог болгох хэрэгтэй.

-”Олон жилийн хөдөлмөр бараг л талаар болох гэж байтал Шинэчлэлийн Засгийн газар дэмжлэг үзүүллээ” гэж та хэллээ. Өмнө нь энэ тухай хөндөөгүй байсан гэж үү?
-Гэнэт ойлгосон юм биш л дээ. Өчигдрөөс маргааш өөр болоод явдаг юм байна.  Өмнөх амьдралын туршлага байж л ухаарна уу гэхээс гэнэт хүнд сайхан ухаарал ирдэггүй. Хүн өөрөө амьдралыг туулж тэмцэж байж шинэ юмыг ухаарах нөхцөлөө хангадаг. 40 жилийн мөрөөдөл энэ цаг үед биелж байгаад баяртай л сууна.  

-Тэгвэл таны хүссэн үр дүн хэзээ гарах вэ?
-Ер нь шинэ санаачилга, шинийг нэвтрүүлнэ гэдэг тухайн үеийн хууль эрхзүйн орчныг зөрчих эрсдэл ихтэй. Шинэ замаар явах гэж байгаа учраас үр дүнгийн тухай ярих болоогүй. Хамгийн гол нь бид багш нарыг сургах, хүмүүжүүлэх онол арга зүйг хэр чадамгай түргэн өөрчилж чадахаас  хамаарна. Багш нарыг хүссэн хэмжээндээ хүргэхийн тулд хугацаа хэрэгтэй. Багш нарыг өөрчилсний дараа тухайн арга барилаар сурагчдыг өөрчлөх юм. Тэгж байж  багш бусдад туршлагаа түгээх сургах нөхцөл бүрдэнэ. Гурван сургуулийн багш нар 30, 300 сургууль болж өргөжихөд хугацаа хэрэгтэй. Үүнийг л дэмжээд өгвөл хууль эрхзүйн орчин бий болгоход дөхөм болно.

-Таны санаачилсан бага боловсролын шинэчлэл буюу хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын бас нэг онцлог нь цаасгүй сургалт. Өөрөөр хэлбэл багш нар конспект, хичээлийн хөтөлбөрөө шалгуулж, дүгнүүлэхийн төлөө биш хүүхдээ хөгжүүлсэн байдлаа шалгуулахаар ажиллана гэж байгаа?
-Одоогийн манай Ерөнхий боловсролын сургуулиуд  багш нараас  дүрэм журмын дагуу конспектээс эхлээд үзүүлэн таниулах  материал гээд хүүхдэд биш өөр хүнд үзүүлдэг зүйл бэлдүүлчихдэг. Нөгөө багш нь тэрийгээ бэлдсээр байгаад хүүхдээ сургахад анхаарал төвлөрч өгдөггүй. Манай 93 дугаар сургууль энэ байдлыг халсан. Бид  хийсэн ажлын үр дүнгээр үнэлдэг учраас цаасаар  ажлаа тайлагнадаггүй. Үр дүнгээ бодоод хэрэгтэй ажлыг л  хийхээс олон ажил хийсэн гэж хүнд харагдахыг боддоггүй.  Энэ аргыг л бага боловсролын сисмемд хэрэгжүүлэхийг зорьж байна.  Үүнтэй холбогдуулж баг-шийн ажлыг үнэлэх үзүүлэлтийг шинэчлэгдэнэ.  Юу хийснээр бус ямар үр дүнд хүрснийг  тодорхойлдог болох. Мөн одоогийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг өөрчилье. Энэ шалгалтыг сүүлийн үед мэдлэгийн шалгуур үзүүлэлт болгочихсон. Тэгвэл бид чадварыг ухамсрыг үр дүнгийн үзүүлэлт болгох шинэчлэл хийх гэж байна. Чадварыг яаж олгодог, яаж үнэлдэг, ухамсрыг яаж олгодог, яаж үнэлдэг арга манай багш нарт бараг байхгүй. Үүнийг боловсруулж сургаж хэвшүүлнэ гэдэг том ажил шүү дээ.  Манай 93 дугаар сургуулийн бас нэг онцлог нь самбаргүй сургалт явуулдаг. Самбартай болохоор  наашаа хар гээд  багш л заагаад байдаг. Одоо заадаг багш биш  чиглүүлдэг, хөтөлдөг багш болох ёстой. Хүүхэд болгоны самбар дэвтэр нь байх ёстой.Багш самбар дээр ажиллахаар хүүхэд хараад хуулаад л байхаас өөрөө хийдэггүй. Харин дэвтрийг самбар болгох юм бол багш хүүхэд нэг бүртээ тулж ажиллах нөхцөл болдог.

1 Сэтгэгдэл
Багш минь цаг үеэсээ түрүүлж сэтгэдэг, гайхалтай эрдэмтэй энгийн даруу ,эгэл нэгэн байж дээ. Тантайгаа байнга л хамт байх юм шиг бодож явтал нэг л өдөр алсын алсад явдаг юм байна. Таныхаа үзэл сургаал, үнэт зүйлийг сэтгэл зүрхэндээ тээж өдөр тутмын үйл ажилдаа чиг шугамаа болгож ява даа хэдэн шавь нар нь
Хамгийн их уншсан