Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон даяар тоон системд шилжиж эхэллээ

Монгол Улс өнөөдрөөс телевизийн тоон системд шилжиж байна. Уг ажлын нээлт болгон өнөөдөр Чингисийн талбайд “Телевизийн тоон системд шилжих” нээлттэй өдөрлөг болж байна.

Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын 2006 онд болсон Радиогийн их хурлаар 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн бүх улсыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр гаргасан. Өнөөгийн байдлаар дэлхийн олон орон аналоги системтэй радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжиж байна. Тиймээс дээрх шийдвэрийн хүрээнд Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр батлагдсанаас хойш судалгаа шинжилгээ болон, тоон станцийн тоног төхөөрөмж суурилуулах зэрэг үйл ажиллагаа явагдсаны эцэст өнөөдөр биелэлээ олж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 10, хөдөө орон нутагт 244 тоон телевизийн дамжуулах станцыг суурилуулжээ. Эдгээр станц энэ өдөр асч, тухайн цэгийн хэрэглэгчид, тоон системээр телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авч үзэж эхэлж байгаа юм. Харин манай орны нийт нутаг дэвсгэрт тоон станц суурилуулаагүй 117 сум, суурин үлдсэн байна. Энэ газруудад ирэх наймдугаар сард багтаан тоон станц суурилуулж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан тоон телевизийн газрын сүлжээтэй болохоор ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн өдөрлөгийн нээлтэд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар (МТШХХГ)-ын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны дарга Б.Балгансүрэн, Радио, телевизийн сүлжээ УТҮГ-ын дарга Ч.Оюунбаатар болон “Монголын телевизүүдийн холбоо”-ны тэргүүн М.Уламбадрах болон бусад албаны хүмүүс оролцлоо.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа өдөрлөгийн нээлтийн үеэр, “Өнөөдөр телевизийг дүрс, дууны өндөр чанартайгаар үзэх боломжийг бүрдүүлж байгаа технологийн шийдлийг нэвтрүүлж байна. Дэлхий нийтэд тоон технологийн 4 төрлөөс DVB-T2 буюу европ технологийг сонгосон. Өнөөдөр тоон системд шилжсэнээр анологи системийг унтраахгүйгээр ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл тоон болон анологи системийг хослуулан телевизийн өргөн нэвтрүүлгийг цацна. Энэ хугацаанд иргэд хувиргагч төхөөрөмж буюу SET TOP BOX эсвэл DVB-T2 стандартыг хүлээн авах хүчин чадалтай зурагтыг сонгон авч, телевизийн өргөн нэвтрүүлгээ хүлээн авах боломжтой. Япон, Солонгос зэрэг орнууд тоон системд шилжихдээ таван жилийн хугацаан зарцуулсан бол манай улс 1.6 жил хангалттай гэж үзсэн. Ингэснээр ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тоон системд бүрэн шилжиж, анологи систем унтрах юм” гэв.

Телевизийн өргөн нэвтрүүлэг тоон технологид шилжсэнээр айл өрх бүр гэртээ орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, өндөр чанартай, олон төрлийн нэвтрүүлгийг хүлээн авах өргөн боломж бүрдэнэ. Мөн телевизийн сувгийн тоог нэмэгдүүлэх, радио давтамжийн хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглах зэрэг ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Одоогийн байдлаар ХХЗХ болон Стандарт хэмжилзүйн газарт 4-5 аж ахуйн нэгж хувиргагч төхөөрөмж зах зээлд нийлүүлэх өргөдөл хүргүүлжээ. Дээрх 2 газрын мэргэжилтнүүд тус төхөөрөмжүүдийг нь шалгаж үзээд, тохирлын гэрчилгээ олгох бөгөөд одоогоор борлуулах үнэ нь тодорхой болоогүй байгаа аж. Монгол Улсад тоон системд шилжигч төхөөрөмж болон DVB-T2 стандартын телевиз авах шаардлагатай 178 мянган өрх байгаа гэсэн судалгааг МТШХХГ-аас гаргасан байна. Тус газрын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар SET TOP BOX-ыг оруулж ирж буй улс болон зардлаас нь шалтгаалан 25-70 мянган төгрөгөөр борлуулах боломжтой аж.

Өдөрлөгийн үеэр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа Дорнод, Баян-Өлгийн аймгийн Радио, телевизийн станцитай холбогдож телевизийн гаралтын талаар мэдээлэл авлаа. Тус аймгуудад өглөөний 7.00 цагт тоон станцийг ажиллуулж эхэлсэн бөгөөд телевизийн дүрс, дууны чанар сайжирсан бөгөөд иргэд сэтгэл хангалуун байгаа тухай мэдээлэл өглөө.

Өдөрлөгийн үеэр иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Сүхбаатар дүүргийн 2 хорооны иргэн З.Долгормаа, “Манайх үндсэн зургаан суваг л үздэг байсан.  Одоо DVB-T2 стандартын телевиз болон Сэт топ бокс төхөөрөмжийг сонирхоод явж байна. Манайх зурагтыг нь сонирхож байна. Зурагтаа дүрс, дууны өндөр чанартай хүлээн авах нь гэртээ амарч байгаа хүн бүрийн хүсэл байдаг. Одоо энэ хүсэл биеллээ олж байгаад баяртай байна”

Баянзүр дүүргийн 5 хорооны иргэн М.Төмөрбаатар, “Манайх DDiSH-тэй. Гадуур DDiSH болон Юнивишн зэрэг кабелийн телевизтэй айлуудын зурагт гарна, гарахгүй гэсэн элдэв цуурхал их яригдах болсон. Тиймээс энэ өдөрлөгөөс баталгаатай мэдээлэл авахаар ирсэн. Кабелийн телевизтэй айлууд тоон системийн хувиргагч авах юм уу, телевизээ солих шаардлагагүй гэсэн мэдээлэл авлаа” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны ир Б.Сарантуяа, “Манайх MNBC кабелийг үздэг. Гэхдээ судлаад л явж байна. Телевизийн мэдээгээр бол дуу, дүрсний өндөр чанартай болно л гээд байгаа. Одоо бол сувгууд дуу дүрсний ялгаа ихтэй, зарим нь чанга эсвэл сул байхад, зарим суваг гарахгүй тохиолдол байдаг. Кабелийн мөнгөө цаг хугацаанд нь төлдөг ч дээрх байдлаар сардаа нэгээс хоёр суваг огт гардаггүй. Тийм зүйл л байхгүй, сувгуудын гаралт нь жигд болох болов уу гэж бодож байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан