Энэ сарын 2-7-ны өдрүүдэд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын төв Чита хотноо Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллагын гишүүн ба түнш орнуудын “Оюутны хавар” их наадам болж өнгөрлөө.
Их наадамд ОХУ, Монгол, БНХАУ, Киргиз, Тажикистан, Казахстан, Иран, Беларусь, Венесуэл, Узбекистан, Турк, Энэтхэг, Шри-Ланка, Афганистан гээд 14 орны 3500 гаруй залуучууд оролцсон юм. Оролцсон залуучууд тав хоногийн туршид “Боловсрол”, “Залуу улстөрч”, “Залуу сэтгүүлч”, “Урлаг”, “Спорт”, “Цэрэг спортын тоглолт”, “Хатан хаан” долоон чиглэлд хуваагдан мэдлэг туршлагаасаа хуваалцан, эрдмийн дуу сонсож, илтгэл тавьж, спортын талбайд өрсөлдөж, дуу хуурын дээж, үндэснийхээ онцлогийг бусдадаа харуулан өчүүхэн ч завгүй байв. Манай улсыг “ШХАБ-ын оуютны хавар” их наадамд 36 залуу төлөөлөн амжилттай оролцлоо.
Олон орон, түүний төлөөлөл болсон олон залуусыг хамарсан ийм арга хэмжээ ойрын хэдэн жил болоогүй тул арга хэмжээг зохион байгуулагчид бүх чадлаараа хичээсэн нь харагдаж байв. Аливаа зүйл дээр гараа сайн бол бариа сайн гэдэг тул нээлтийн ажиллагаанаас л тус арга хэмжээ цаашид ямаршуу түвшинд болж өнгөрөх нь харагдахаар байлаа. Харин зохион байгуулагчид тун ч их хичээсэн тул нээлтийн ажиллагааг үнэхээр сэтгэлд хоногшим, сүрлэг, маш өндөр түвшинд болж өнгөрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй.
Ойрын хэдэн жил олон мянган залуусыг хамарсан ийм том арга хэмжээ зохиогдоогүй тул нээлтийн арга хэмжээнд оролцсон хүмүүс үнэхээр их баярлан бахдаж байгаагаа нуухгүй байв. Зарим нь “Миний хувьд Олимп эсвэл дэлхийн аварагын том арга хэмжээний нээлт шиг санагдаж байна” гэж сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Нээлтийн ажиллагааны үеэр зохион байгуулагчид нь Чита хот, Өвөрбайгалийн хязгаарын газар орон, байгаль орчин, ан амьтадын онцлогоос эхлээд оюутнуудын оролцох сэдэв тус бүрээр тун ч онцлог, нүд булаам хийсэн.
Ингээд оролцогчдыг байранд хүргэсний маргаашнаас тус бүрийн салбараар хуваагдан лекц, давталт, хэлэлцүүлэг гээд хоорондоо уулзах зав бараг гарахгүй болсон гэдгийг онцолмоор байна.
Энэ бүхний эцэст ямартаа ч Монголын оюутан залуусын төлөөлөл нь 14 орны дотроос хамгийн шилдэг “Спорт” багтай болж тодорсон. Ингэхээс ч өөр аргагүй гэж болно. Манай бүрэлдэхүүнд спортын таван хүн байсан. Сагс, гарбөмбөг, хөлбөмбөгийг төлөөлсөн таван хүн байсан. Оросын төлөөлөл болж тус тусдаа оролцсон 50-60 хүнтэй бүрэлдэхүүний өмнө биднийн энэ тоо хангалтгүй нь мэдээж. Гэтэл зохион байгуулагчид өвөрмөц шийдэл гаргалаа. Тэд спортын бүх оролцогчдыг нийлүүлээд цэвэр тохиолдлын журмаар багуудад хуваасан юм. Улсын харьяалал хамааралгүй нэгнээ огт танихгүй хүмүүс нэг баг болон тоглоно гэдэг хүмүүс хоорондын харилцан ойлголцлыг хөгжөөхөөс өөр яалтай. Ингэтэл сагсанбөмбөг дээр манай хоёр тамирчин бас нэг буриад хүү нэг багт, өөр нэг залуу маань дан оросуудын багт, хөлбөмбөг дээр манай нэг залуу нэг багт, гарбөмбөг дээр манай хоёр залуу хоёр багт хувиарлагдан таарсан. Ингээд гурван өдөр үргэлжилсэн тэмцээний явцад манай тамирчин орж тоглосон нэг баг сагсанбөмбөгийн төрөлд алт авав, манай хоёр тамирчин нэг буряд залуугийн орж тоглосон баг хүрэл медаль авав, манай нэг тамирчин орж тоглосон мини хөлбөмбөгийн тэмцээнд баг нь мөнгөн медаль авав.
Үр дүнд нь спортын төлөөлөл бараг л 100 хувь медаль авсан цорын ганц баг нь манайх болсноор Монгол улсын төлөөлөгчид энэ их наадмын Спортын хамгийн шилдэг баг болсон. Сагсан бөмбөг дээр монголчууд сагс тоглож чаддаггүй гэж анхнаасаа үзэж байсан бололтой харагдсан. Гэтэл манай Санчир бөмбөг эзэмшээд эхэлмэгц бүх зүйл өөр шүү гэдгийг тэнд хуран цугалсан тамирчид, хөгжөөн дэмжигчид бүгд харсан юм. Үгүй байсан бол 12-13 насны жаал аав, ээжийгээ дагуулж ирээд хамт зураг татуулж, гарын үсгийг нь авч, орон нутгийн бүх ТВ сувгийнхан ирж ярилцлага авахгүй байсан байх.
Заавал онцлох ёстой дараагийн нэг оролцогчид нь манай урлагийнхан байлаа. “Жонон” хамтлаг тэнд цугласан олныг үнэхээр гайхуулсан. Би өөрөө гэрч нь. Улс орны урлагийн төлөөлөгчид болгон 40 минутад багтсан үзүүлбэр хийх ёстой байв. Гэтэл манай урд тоглосон Узбекистаны баг яагаад ч юм бэ бүтэн хоёр цаг тоглож, үзэгчдийг уйдааж залхаасан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүний дараа манай “Жонон” хамтлагийн хийсэн тоглолт халуун өдөр цэв хүйтэн ус балгасантай адил боллоо. “Сэрсэн тал” аяз ба түүнийг дагуулан хийсэн видео үзүүлбэр олныг үнэхээр байлдан дагуулав. Дараа нь манай уран нугараач дуу дуулахтай хамтран уран нугаралт үзүүлж,бүжигчид гайхамшигтай үзүүлбэр үзүүлж тэнд байсан бүгдийг жинхэнэ байлдан дагуулсан юм.
Тоглолтын дараа бидэнтэй хамт байрлаж байсан гадаадын бүх л хүмүүс таарах болгондоо “Монголчуудаа танай тоглолт ийм мундаг болсон. Бидэнд бичлэгийг нь өгөөч. Хаанаас авч болох вэ? “Youtube” дээр байрлуулах уу” гэж асууж байсныг хэлэх хэрэгтэй.