Манай улс энэ оны эхний улиралд гадаад зээлийн үндсэн төлбөрт 19.4 тэрбум төгрөг төлжээ. Мөн дотоод зээлийн үндсэн төлбөрт 40.9, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 249.9 тэрбум төгрөгийг тус тус төлсөн байна. Үүнээс гадна 29.4 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл авч, Засгийн газрын 412 тэрбум төгрөгийн богино хугацаат, 102 тэрбум төгрөгийн урт хугацаат бонд тус тус арилжаалжээ. Тухайн улс орны өрийн сэрэмжлэх түвшин гэж бий. Монгол Улсын гадаад өрийн сэрэмжлэх түвшин энэ онд ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Манай улсын өрийн тогтвортой байдалд ОУВС, Дэлхийн банк хамтарч эрсдэлийн үнэлгээ дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал 2012 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад өрийн дарамт үүсэх эрсдэл бага түвшинд байна хэмээн дүгнэсэн байдаг. Гэтэл өнгөрсөн онд өрийн дарамтын эрсдэл дундаж түвшинд хүрч өсчээ.
Өрийн дарамт нь макро эдийн засгийн бодлого, институцийн чадамжаас ихээхэн шалтгаалдаг аж. Манай улсын бодлого ба институцийн чадамж Дэлхийн банкны үнэлгээгээр “дундаж” ангилалд ордог байна. Өрийн дарамтын сэрэмжлэх түвшний шинжилгээ хийхдээ сул болон хатуу гэсэн хоёр бодлогын хувилбараар тооцон үзжээ. Хатуу бодлого гэдэг нь мөнгө, төсөв хумихыг хэлж буй хэрэг. Харин сул бодлого нь манай улсын өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгө, төсвөө тэлэхийг хэлж байгаа юм.
Мөнгө төсвийн хатуу бодлогын үед гадаад өрийн дарамтыг дараах байдлаар төсөөлөн тооцжээ. Өнгөрсөн онд манай улсын гадаад өр ДНБ-ий 43 хувь байв. Энэ онд уг гадаад өрийн сэрэмжлэх түвшин ДНБ-ий 40 хувиас мөн л давах төсөөлөл бий. Харин урт хугацаандаа буюу 2033 онд 17.4 хувь болж буурах дүр зураг байдаг. ОУВС-гийн тооцоогоор энэ онд манай улсын гадаад өр ДНБ-ий 65 орчим хувийг эзлэх төсөөлөлтэй байгаа юм.
Ойрын хэдэн жилд өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ аажмаар буурч ирэх төсөөлөл байгаа. Тухайлбал, дөрвөн жилийн дараа 44.7 болж буурах таамаглал гарчээ.
Харин мөнгө, төсвийн зөөлөн бодлого баримталсан үед манай улсын гадаад өр, түүний тогтвортой байдал ямар дүр зурагтай байхыг сонирхоё.
Цаашдаа өнгөрсөн онд хэрэгжүүлж ирсэн макро эдийн засгийн тэлэх бодлого үргэлжилбэл ирэх жилийн эцэст төгрөгийн ханш 30-40 хувь сулрах тооцоо хийжээ. Үүнээс гадна манай улсын гадаад валютын албан нөөц шавхагдах дүр зураг гарсан байна. Тэгэхээр зөөлөн бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын өрийн дарамт нэмэгдэж өндөр эрсдэлтэй орны тоонд орж болзошгүй хэмээн ОУВС, Дэлхийн банкны эдийн засагчид тооцжээ.
Манай улсын нийт гадаад өрийн үлдэгдэл сүүлийн жилүүдэд өссөөр ирсэн. Тухайлбал, гадаад өрийн үлдэгдэл энэ он гарснаас хойш өнгөрсөн жилийнхээс 23 хувиар өсчээ. Үүнийг мөнгөн дүнгээр тооцон үзвэл 3.5 сая ам.доллар болж буй аж. Монгол Улсын нийт гадаад өрийн 2.8 сая ам.доллар нь хувийн хэвшлийнх байна. Монголбанк болон Засгийн газрын гадаад өр 644 сая ам.доллаар нэмэгджээ. Өнгөрсөн онд манай гадаад өрийн үлдэгдэл ДНБ-ий 36.5 хувьтай гарсан байна.