Үндсэндээ өчигдрөөс Үндэсний их баяр наадмын хөтөлбөр эхэллээ. Гэхдээ албан ёсоор энэ сарын 11-15-ны өдрүүдэд орон даяар амарч, наадамлах шийдвэрийг УИХ танилцуулсан. Энэ хүрээнд автомашины дугаарын сүүлийн цифрээр ангилан хөдөлгөөнд оролцуулах Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамж хүчингүй болж байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэлтэй 320 гаруй мянган автомашин албан ёсны амралтын өдрүүдэд хөдөлгөөнд ямар нэг хориггүйгээр оролцох боломжтой болсон хэмээн ойлгож болно. Энэ нь дугаарын хязгаарлалттай үед замын хөдөлгөөнд оролцож байсан автомашины тоо багадаа Улаанбаатар хотын хэмжээнд 30 гаруй мянгаар нэмэгдэнэ гэсэн үг юм.
Харин эсрэгээрээ дээрх хэмжээний автомашины ачааллыг үүрэх гол замууд болон туслах зарим замын засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажил дуусаагүй байна. Тухайлбал, Хүй долоон худаг руу зорчиж болох Яармаг, Нисэхийн замын ажил үргэлжилж, түр гүүрээр тээврийн хэрэгсэл зорчиж байгаа ч өглөө, оройдоо хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх болжээ. Энэ нь Яармагийн гүүр хүрэх, гүүрнээс цааш “Вива сити” хүртэлх замын нэг урсгалыг хааж, нөгөөг нь хоёр урсгалтай болгон зохицуулсан, мөн гүүр өнгөрөөд аюулгүйн тойрог хийх замын ажил эхэлсэн зэрэг шалтгаантай холбоотой юм.
Улмаар энгийн үед Мишээл экспогоос Яармагийн гүүр өнгөртөл түгжрэл үүсч байгаа талаар мэдээлэл бий. Мөн Хүй долоон худаг руу зорчих боломжтой Сонсголонгийн зам нь засвартай, одоогоор зорчиж байгаа хэсэг нь их хэмжээний эвдрэлтэй учраас хөдөлгөөний хурд саарч байгаа аж. Тиймээс хүй долоон худаг руу гарч болох 22-ын товчооны замын ачаалал баяр наадмын үеэр эрс нэмэгдэх нь. Харин Хүй долоон худагт очсон хойно автомашин байрлуулах зогсоол хүрэлцээтэй байх аж. Тэнд эко хавтангаар 500 тээврийн хэрэгсэл зогсох зогсоолын талбай нэмж байгуулсан бөгөөд автомашины зогсоолоос үйлчилгээний гэр, бариа хүртэл явган хүний хатуу хучилттай замыг шинээр хийжээ.
Харин Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байх шийдвэр гарсан. Ингэснээр Энхтайваны гүүрийн урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд” хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талд таксины зогсоол гаргаад байна. Гэхдээ тусгай зөвшөөрөлтэй автомашинууд 120 мянгатын зам дагуу заасан тэмдгийн дагуу цэнгэлдэх хүрээлэн орчим руу нэвтрэх юм. Гэсэн ч наадмын үеэр замын хөдөлгөөний ачаалал их байдаг учраас ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвөөс наадамчдад үнэ төлбөргүй, буухиа чиглэлээр 18 автобус 5-10 минутын зайтайгаар, Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү гурван автобус тус тус үнэ төлбөргүй үйлчлэх болжээ.
Энэ жил Хүй долоон худаг руу зорчих шинэ чиглэл гаргасан нь төмөр замын сүлжээг ашигласан явдал. Тодруулбал, Рэйлбус Давааны өртөө зогсоол хүртэл наадамчдыг тээвэрлэж, цааш эко автобус Хүй долоон худаг хүртэл иргэдийг үнэ, төлбөргүй тээвэрлэх юм. Тиймээс хязгаарлалт хийх болон автомашингүй зорчих боломжуудыг хүргэж байна.
-Долдугаар сарын 11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс хоёр цагийн өмнө Нийслэлийн Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
-Харин маргааш өдөр нь “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртэлх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсний дараа “Г, Ү” зогсоолоос Архангай руу салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулах юм байна.
-Харин баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хот доторх болон хот орчмын 83 чиглэлд их багтаамжийн 593, туслах 21 чиглэлд бага оврын 165, зуслангийн долоон чиглэлд бага багтаамжийн долоо, их багтаамжийн 10, нийт 775 автобус ажиллана.
-Дүнжингарав худалдааны төв рүү долдугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс их багтаамжийн 120 автобус Олимпын гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс их багтаамжийн 54 автобус Нарны гүүрээр очиж үйлчилнэ. Мөн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны зогсоолд зогсон үйлчлэх 121 автобус үйлчлэхээр зохицуулжээ.
-Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс найм, Дунд голоос гурван том оврын автобус Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 5-10 минут тутамд үйлчилнэ. Энэ нь богино эргэлтийн нийт 21 автобус наадамчин олонд төлбөргүй үйлчилнэ гэсэн үг юм.
-Хүй долоон худаг руу энэ сарын 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дахь зогсоолоос, дараа өдөр нь Хотын төвөөс буюу “МУБИС”-ийн зогсоолоос том оврын 20 автобус наадамчдад үйлчлэхээр болжээ. Мөн баяр наадмын өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн таван чиглэлээс нийт 40 автобус үйлчилнэ.
-Долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос Рэйлбус Хүй долоон худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын таван автобус наадамчин олонд төлбөргүй үйлчлэхээр болжээ. Ингээд баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд 841 тээврийн хэрэгсэл ажиллахаар болсон байна.