Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт ихээхэн хэл ам, хэрүүл маргаан дагуулан байж дууслаа. Нийт төгсөгчөөс монгол хэл, бичгийн шалгалт авч бусад шалгалтад оруулах эрх олгох тухай Засгийн газрын тогтоол гарч туршилт хэлбэрээр хэрэгжүүлсэн. Энэ ажил эцэг эх, сурагчдын зүгээс чамгүй шүүмжлэлд өртөөд байсан ч шалгалтын дүн мэдээнээс үзвэл нүдээ олсон шийд байсан хэмээн шалгалтыг гардан зохион байгуулсан Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Монгол хэл, бичгийн шалгалтад нийт 38330 хүүхэд хамрагдсанаас чанар нь 50 хувьтай гарсан аж.
Ямартай ч, өнгөрсөн сарын 19-нд дууссан шалгалтын дүн өчигдөр гарч элсэгчид дүн, оноотойгоо танилцаж байна. Нэгдсэн дүн гарсаар шалгалтын материалаа дахин хянуулах 50 гаруй хүсэлт, өргөдөл тус төвд ирсэн нь энэ жилийн ЭЕШ шалгалт сайн зохион байгуулагдсантай холбоотой гэж албаныхан хэлж байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ЭЕШ-ын дүнтэй холбоотой саар мэдээлэл олны дунд түгээд байгаа юм.
Өчигдөр ЭЕШ-ын нэгдсэн дүн, оноог албан ёсоор танилцуулсан. Гэтэл үүнээс урьтаж олон нийтийн сүлжээ, зарим сайтуудаар ЭЕШ-ын дүн, оноо гарсан тухай хуурамч мэдээ, материал түгсэн нь шалгуулагчид болоод эцэг, эхчүүдийг ихээхэн гайхшруулсан байна. Уг мэдээнд ЭЕШ-ын ерөнхий тойм дүнг хувилан нийтэлсэн ба энэ жил нийт 38330 төгсөгч шалгалт өгснөөс давхардсан тоогоор 53.7 хувь нь тэнцсэн гэсэн итгэхэд бэрх тоо гаргасан байх юм.
Тухайлбал, математикийн шалгалт өгсөн төгсөгчийн 3.3 хувь нь, монгол хэл, бичгийн шалгалт өгсөн төгсөгчдийн 35.1 хувь нь тэнцсэн гэх мэт урьд жилүүдтэй харьцуулахад бэрх дүн байв. Мөн Говьсүмбэр аймгаас нэг ч төгсөгч математик, физикийн шалгалтад тэнцээгүй бол Баянхонгор, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгаас тус бүр нэг шалгуулагч физикийн шалгалтад тэнцсэн хэмээжээ. Энэ мэт ЭЕШ-ын дүн мэдээг хуурамчаар үйлдэн олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан нь иргэдийн дунд “Монгол Улсын боловсролын систем уналтад орж БШУЯ, харьяа агентлагуудын үнэн дүр төрх илэрлээ” гэх мэт цуурхал тарахад хүргэсэн.
Эл итгэхэд бэрх дүн мэдээг барьсаар БҮТ-ийг зорьсон юм. Өнгөрсөн оноос албан ёсоор ЭЕШ-ыг зохион байгуулж эхэлсэн БҮТ-ийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай дээрх асуудлаар уулзаж ярилцахад боловсролоор тоглож болохгүй хэмээж байлаа.
-ЭЕШ-ын дүн мэдээ албан ёсоор гараагүй байхад хуурамч мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр түгсэн нь чамгүй шуугиан тариад байна?
-Тиймээ, бид энэ тухай албан ёсоор мэдээлэл хийх гээд сууж байна. Энэ бол хэн нэгний тараасан хий хоосон цуурхал. Угтаа, амьдрал практикт хоёр төрлийн шалгалт байдаг юм. Шалгуурт тулгуурласан болон нормд тулгуурласан гэж. Нормд тулгуурласан шалгалт нь тухайн хүүхэд ямар болзол хангаж байгааг тогтоох зорилготой. Харин нөгөөх нь сурагч тухайн хөтөлбөрийн хүрээнд ямар чадвар эзэмшсэн, боловсролын систем, байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн ямар байгааг давхар тогтоодог. Үүний жишээ нь анги дэвшихэд авдаг улсын шалгалт юм. Гэхдээ энэ үнэлгээ нь яг боловсролын чанарыг үнэлж чаддаггүй. Харин нормд тулгуурласан шалгалт нь сурагчдыг эрэмбэлж жагсаах зорилготой. Тэр тусмаа ЭЕШ нь эрэмбэлж жагсаахад хамгийн чухал үүрэг бүхий ахисан түвшний томоохон шалгалт. Түүнчлэн энэ шалгалт хүүхдийн мэдлэг чадварыг тогтоохоос гадна дараагийн шат буюу их, дээд сургуульд суралцах чадвар байна уу, үгүй юу гэдгийг дүгнэдэг. Ийм ч учраас нөгөө улсын шалгалтаас харьцангуй ахисан түвшний шалгалт байдаг. Ахисан түвшнийх учир дүн оноо нь улсын дунджаас доогуур гарах нь бий. Гэхдээ энэ мэдээнд бичсэн дүнгээр бол Монголын боловсрол сүйрч гэж хэлэхэд болохоор байна. Энэ бол БҮТ-өөс гаргаагүй албан ёсны бус мэдээлэл.
Ер нь, ЭЕШ нь тухайн шалгуулж байгаа хувь хүний цаашдын амь амьдралд чухал нөлөөтэй байдаг учир маш эмзэг сэдэв. Энэ жил 38 мянга гаруй төгсөгч шалгуулсан. Үүний цаана эцэг, эхтэйгээ нийлбэл ЭЕШ-ын асуудал 100 гаруй мянган хүний анхаарлын төвд байгаа юм. Мөн эдгээрийн ард боловсролоор бизнес хийж, карьер хөөцөлдөх сонирхолтой хэсэг бүлэг байдаг нь энэ мэт шалгалтын дүн оноогоор тоглоом тохуу хийж нийгмийн сэтгэлзүйг өөрчлөхийг оролдож байх шиг. Магадгүй үүн шиг хуудас цаасаар улс төр ч хийж болно.
-Төгсөгчид хэмжээст онооны тухайд мэдээлэл муутай байгаа. Энэ талаар тодруулбал?
-Батламж хуудас 2.5 жил хүчинтэй байдаг. Энэ хүчинтэй хугацаанд буюу өмнө жилийн ЭЕШ-ын улсын дундаж оноо дараа жил нь тухайн жилийнхээ дундаж руу шилждэг. Жишээлбэл, өнгөрсөн оны монгол хэлний шалгалтын улсын дундаж оноо 42 байсан бол энэ жил 50 болон өссөн байх жишээтэй. Өнгөрсөн жилийн сэдэв магадгүй их хүнд сэдэв байсан байж болно. Тиймээс өнгөрсөн жил шалгалт өгчихөөд их, дээд сургуульд элсээгүй хүүхдүүд энэ жил элсэхэд онооны зөрүү гарч нэг үгээр хохирно гэсэн үг. Тиймээс хэмжээст оноонд шилжүүлдэг юм.
-Тэгэхээр өнгөрсөн оны төгсөгчид энэ жил батламжаа авч хэмжээст оноонд шилжүүлэх ёстой байх нь?
-Тийм, энэ жилийн шалгуулагчдын батламжийг орон нутаг, харьяа дүүрэг, сургуульд нь тарааж дууссан. Харин өнгөрсөн жилийн төгсөгчид БҮТ-өөс ирж батламжаа авч болно. Батламжийг маргаашийг хүртэл тараана. Үүний дараа элсэгчид их, дээд сургуульд орох ажил л үлдэж байгаа юм. Харин манай төвөөс ЭЕШ-ын нэгдсэн тайланг сарын сүүлээр гаргана. Одоохондоо дүн, оноо нарийвчлан хувьчилсан байдлаар гараагүй. Харин тайлангаас шалгалтын чанар, байр эзлүүлсэн байдалтай танилцаж болно.