Улс орны хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрч, зарим нэг томоохон компаниуд ажлын байрны цомхотгол хийсэн ч хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар ажилгүй иргэдийн тоо огцом өссөнгүй. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгчдын тоо өнгөрсөн сарын эцэст 46.2 мянга болсны 24.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 38 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 мянган хүн буюу 6.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэвч тавдугаар сарын судалгааг өмнөх сарынхтай нь харьцуулан харвал 2.9 мянган хүнээр буюу 8.2 хувиар ажилгүй иргэдийн тоо өссөн байна. Түүнчлэн амь зуулгын хэмжээнд байгаа цалин хөлсний хэмжээ улсын дунджаар 762.9 мянган төгрөгт хүрсэн. Гэхдээ үйлчилгээний, боловсролын, зочид буудал, байр сууцны зэрэг ажлын байранд ажиллаж байгаа иргэд зарим нэг салбарын ажилчдаас гурав дахин бага цалин авч байна. Энэ нь тухайн иргэний боловсролын түвшинтэй шууд холбоотой бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 42 хувь буюу дийлэнхийг бүрэн дунд боловсролтой иргэд бүрдүүлж байгаа юм. Харин үүний араас дипломын болон бакалаврын боловсролтой иргэд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 30.9 хувийг эзэлжээ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх иргэд өндөр боловсролтой байх тусам богино хугацаанд ажилд орох боломж нээгдэж байгаа бол эсрэгээрээ нэг ажлын байранд олон тооны дундаж өрсөлдөгч байгаа нь ажлын байрны өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байгаа гэсэн үг юм. Эдгээрээс гадна тусгай мэргэжлийн, суурь боловсролтой, боловсролгүй, магистр, докторын зэрэгтэй иргэд ажил хайхаар бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй иргэдийн 0.5-9.5 хувийг эзэлж байна.
Харин улсын хэмжээнд ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хэмжээний хэд, хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Хөдөлмөрийн яамны зүгээс зохион байгуулж байгуулж байгаа хөтөлбөрт. Эзэнтэй Монгол, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аж, ахуй эрхлэлтийг хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөдөлмөрөөс гадна ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний нэг төсөл хэрэгжиж байна. Тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн дээрх хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр олон зуун иргэн ажилтай болж чадсан юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих болон аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэгийг жижиг, дунд бизнес эрхлэгч, ажлын байр шинээр бий болгогч иргэдэд олгож байна. Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа дээрх ажил дүүргүүдэд хэрхэн өрнөж байгаа талаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаас тодрууллаа.
-Танай дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлт ямар түвшинд байна вэ?
-Хан-Уул дүүрэгт одоогоор ажил идэвхтэй хайж байгаа 1036 иргэн байна. Идэвхтэй гэдэг нь ажилгүй гэртээ суух биш дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст хандаад, ажилд орох анкетаа бөглөчихсөн, ажилд хараахан орж амжаагүй байгаа бол сар бүр ирж өөрийн бүртгэлээ идэвхжүүлдэг иргэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, би ажил хайсан хэвээрээ шүү гэдгээ хөдөлмөрийн хэлтэстээ хандан сануулж, байнга ажил хайсаар байдаг. Бид энэ оны эхний зургаан сарын байдлаар 1119 иргэн, өнгөрсөн онд 3065 иргэнийг ажлын байранд зуучилсан. Ажлын байрны зар, захиалгын хувьд 4094 ирсэн. Хан-Уул дүүрэг аж ахуйн нэгж ихтэй учраас бид энэ онд шинээр 3000 ажлын байр бүртгэх ёстой байсан бол эхний зургаан сарын байдлаар 1528-г бүртгээд байна.
-Хөдөлмөрийн яамны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Зорилтот бүлэгт багтаж байгаа иргэд танай дүүргийн хувьд хэчнээн байна. Тэднийг ажлын байраар хангах ямар бодлого баримталж байгаа вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоо хоног, тандалтын судалгаа зэргийг хороодоор хийж төсөл, хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог тодорхойлдог. Мөн ажилгүй 6000 иргэн байлаа гэж үзэхэд, тэд бүгдээрээ ажилгүй, ажил олдохгүй зэрэг нөхцөлд байдаггүй зэрэг нь мэдэгддэг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхдээ гэртээ хардаг, эцэг, эхээ асран хамгаалдаг зэрэг олон шалтгаан байдаг юм. Тиймээс тэр 6000 хүнийг ямар шалтгаанаар ажил хийхгүй байгаа вэ гэдгийг нь юун түрүүнд ангилна. Харин хөгжлийн бэрхшээлтэй гээд тусгайлан авч үзвэл, манай нэг хороонд 200 гаруй иргэн байдаг. Яагаад гэвэл, хараагүйчүүдийн байр маань манай дүүргийн III хороонд байрладаг. Хараагүйчүүдийн холбоо, өөрсдийн гэсэн үйлдвэр, ажлын байртай учраас ажил, хөдөлмөр эрхлэлтийн хувьд харьцангуй сайн. Түүнээс гадна, Хөдөлмөрийн хуульд 25-аас дээш ажиллагсад тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн ажиллуулж байх ёстой гэсэн заалт бий. Хэрвээ ажиллуулаагүй бол төлбөр төлөх ёстой. Бид Мэргэжлийн хяналтын газартай хамтраад эхний зургаан сарын байдлаар 73.9 сая төгрөгийг өөрийн төсөвтөө төвлөрүүлээд байна.
-Энэ мөнгийг эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулах ёстой. Ямар хэлбэрээр гаргаж байгаа вэ?
-Хөдөлмөрийн яаманд дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн орлого төвлөрөөд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хуваарилагддаг. Манай хэлтэст энэ жил 90 сая төгрөг төсөвлөгдсөн.
-Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр ямар хэмжээнд хэрэгжиж байгаа вэ. Хамрагдсан иргэд байна уу?
-Нэгдүгээрт, 40-өөс дээш насны иргэнийг, хоёрдугаарт, ажил олоход хүндрэлтэй, гуравдугаарт, эдийн засгийн үйл ажиллагааны албан салбарт шилжсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байх юм бол нэг ажлын байрыг нэг сая төгрөгөөр бодож, иргэнд таван сая хүртэлх, нөхөрлөл хоршоонд 10 сая төгрөг хүртэл санхүүгийн дэмжлэг олгох бололцоотой байдаг. Харин өнөөдрийн байдлаар 45 иргэнд 54.8 сая төгрөгийн дэмжлэг олгосон байна.