Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХ ТҮҮХИЙН ХЭЛХЭЭ БУЮУ ГУРВАН ЖИЛ ТУУРВИСАН ГУРВАН ЗУУНЫ ТҮҮХ

Бидний мэдэх Манж Чин гүрний үед Монголчууд гэж чухам хэн байв. Тухайн үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал ямар байсан, цөөхөн монголчууд харь гүрний эрхшээлд хэрхэн аж төрж байсан бэ.
Их түүхийн жимээр аялуулж эл асуултын хариуг дэлгэх шинэхэн ном олны хүртээл боллоо. Залуу түүх судлаач, эрдэмтэд болоод “Монсудар” хэвлэлийн газраас 300 жилийн түү­хийг гурван жил туурвиж “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” нэртэй “Монголчууд” цувралын хоёрдугаар ботийг эрхлэн гаргажээ.
ШУА-ийн Түүхийн хүрээлэн­гийн захирал, түү­хийн ухааны доктор, дэд про­фессор С.Чулуунаар ах­луул­­сан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг “Монсудар” хэвлэлийн газар­тай хамтран гурван зууны түүхийг эмхэтгэсэн энэ номыг “Түүх судлал тэр дундаа XVII-XX зууны үеийн түүхийн асуудалд жинтэйхэн хариулт өгсөн чансаатай бүтээл болсон” хэмээн эрдэмтэн судлаачид ихэд ам сайтай байгаа юм.
Учир нь, урьд урьдын түүхийн бүтээлүүдээс гэрэл зургаар баримтжуулсан нь тун ховор. “Монголчууд” цувралын хоёрдугаар боть нийт есөн бүлэг 1200 гаруй гэрэл зураг, баримт хэрэглэгдэхүүн, эд өлгийн зүйл, тухайн үед Монгол орноор хэрэн явсан жуулчид, тэдний тэмдэглэл, бүтээл тууривал, гар бичмэл, захиа занааг багтааснаараа түүхийн шинжлэх ухаан жин дарахуйц томоохон хэмжээний бүтээл хэмээн үнэлэгдэж байгаа юм. Мөн дэлхийн түүхэнд Манжийн үеийн монголчуудын түүхээр гарч буй анхны зурагт түүхийн ном гэж ойлгож болно.
Бидний мэдэх Манжийн дарлалын үед Монголын дотоод болон гадаад ертөнцөд юу болж байсан, бусдын эрхшээл, дарангуйлалд орох болсон шалтгаан хийгээд энэ хугацаанд хэрхэн аж төрж, оршин тогтносоор ирсэн тухай энэ цуврал өгүүлнэ. Эхний цуврал “Монголчууд XX зууны эхэн үед” нэртэйгээр гарч байсан бол энэ удаад 300 зууны түүхийг хөдлөшгүй баримт болох гэрэл зурагтай нь багтааснаараа онцлог болж байгаа юм.

Ж.Жамуха

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан