МУБИС-ийн сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Х.Тамиртай дээд боловсролын шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Танай төлбөр энэ жил 15 хувиар нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна. Удирдах зөвлөлийн хурлаар энэ тухай шийдсэн үү?
-Улсын сургуулиудаас манайх хамгийн бага төлбөртэй нь. Өнгөрсөн жил хамгийн бага төлбөр нэг сая 260 мянган төгрөг байсан бол энэ жилээс нэгдүгээр курсийн төлбөрөө 15 хувиар нэмэхээр болсон. Энэ нь кредитийн системд шилжиж байгаатай холбоотой. Нэгдүгээр курсын оюутнууд энэ жилээс хичээлээ өөрсдөө сонгоод кредитийн тогтолцоогоор сурна. Харин түүнээс дээд курсийнхэн бол хуучнаараа сурна. Нэг кредитийн төлбөр 49-60 орчим мянган төгрөг гэж тооцож байгаа. Энэ нь гэхдээ бусад сургуулиас харьцангуй доогуур. Лекц ордог хичээлийн кредит бага, лабораторт ордог хичээлийн кредит өндөр үнэтэй байгаа.
-МУБИС 100 хувь уламжлалт аргаар хичээлээ явуулж байсан. Одоо харин их, дээд сургуулиуд бүгд кредитийн тогтолцоонд шилжих нь...?
-Манайх сургалтын шинэчлэл дээр хэд хэдэн зүйл хийхээр төлөвлөж байгаагийн эхэнд кредит тогтолцоог сонгодог утгаар нь нэвтрүүлэх юм. Хоёрт, үнэт зүйлд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх. Гуравт, оюутны бие даан сурах чадварыг хөгжүүлэх, сургалтын орчин, номын сан, оюутны үйлчилгээний алба, нэгж бий болгож, сургалтыг үйл явцад биш гарах үр дүнд чиглэсэн байдлаар зохион байгуулах менежмент бий болгож байна. Эдгээрийг дагаад сургалтын агуулга, аргазүй, технологи иж бүрэн шинэчлэгдэх ёстой.
-Их, дээд сургуулийн бүтцийн шинэчлэл МУБИС-д яаж хэрэгжиж байна. Өмнө нь 13 салбар сургуультай, нүсэр том сургууль байсан. Хамгийн гол нь сургуулийн албан хаагчид шинэчлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Бид МУБИС-ийн шинэчлэлийг нэг сургуулийн бүтцийн өөрчлөлт төдий бус Монгол Улсын боловсролын салбарын хүний нөөц бэлтгэх тогтолцооны шинэчлэл гэж үзэж байгаа. Манай сургууль 13 мянган оюутан, 1000 гаруй багш ажиллагсадтай том айл. Шинэчлэлийн хүрээнд бүрэлдэхүүн 13 сургууль маань Математик байгалийн ухааны, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны, Урлаг, биеийн тамирын, Боловсрол судлалын, Багшийн сургууль гэсэн таван нэгжтэй болж шинэ бүтцээр зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл таван сургуультай болсон гэсэн үг. Манай профессор багш нар МУБИС-д шинэчлэл хийх цаг нь болсон гэж үзэж бүрэн дэмжиж байгаа.
-Салбарын яамнаас төрийн өмчийн их, дээд сургуулийг хөгжүүлэх талаар төлөвлөхдөө МУБИС-ийг сургалт-судалгааны их сургууль болгоно гэж байгаа. Одоо бол дан сургалтаар л яваа байх аа?
-Тийм ээ, бодит байдал дээр сургалт голлосон сургууль л даа. Дээд боловсролын бодлогод манай сургуулийг Сургалт-судлагааны их сургууль болгон хөгжүүлнэ гэж туссан. МУБИС-ийн бүтцийн үндсэн нэгжийн хувьд тэнхим байхаас гадна судалгааны төв, профессорын баг байхаар зохион байгуулсан нь сургалт судалгаа хосолсон их сургуулийн хэв шинж бий болгох бүтэц үүсгэсэн гэж үзэж байна. Шинэчлэлийн хүрээнд сургалт голлосон байдлыг өөрчлөх, орчин үеийн багш бэлтгэх их сургуулийн сургалтын тогтолцоог хэрэгжүүлэхийг зорьж байна. Бакалаврын оюутны төлбөрөөр амь зуух хандлагыг өөрчилнө.
-Амь зуух гэснээс суралцагчийн тооноос сургуулийн эдийн засаг, хөгжил хамаардаг. Цаашид суралцагчийн тоонд танай сургууль ямар бодлого барих вэ?
-Монголд бакалаврын сургалтын төлбөр дэндүү бага байгаагаас манай бүх их, дээд сургууль чанарын хойноос явахаас илүү тооны хойноос хөөцөлдөж амь зууж ирсэн. Ашгийн бус учир оюутны төлбөрөөс өөрөөр орлого олох боломж нь хуулиар хязгаарлагдмал. Тэгэхээр оюутны тоог өсгөхөөс өөр арга байгаагүй байх. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого болон боловсролын тухай хуулийн шинэчилсэн хувилбар дээр их, дээд сургуулиудын орлого нь олон эх үүсвэртэй байж болохоор тусгасан. Энэ нь томоохон их сургуулиуд оюутны тоогоо өсгөх замаар орлогоо нэмдэг хандлагыг өөрчилнө. Манай сургууль шинэчлэлийн бодлогодоо бакалавр оюутны тоог өсгөхгүй, лаборатор түшиц сургууль болон ахисан түвшний суралцагчдын өссөн тоогоор бакалаврын оюутны тоог бууруулна гэж заасан
-Тэгвэл бүтцийн өөрчлөлтөөр МУБИС-ийн амьдрах чадвар хэр дээшлэх вэ?
-Сургуулийн удирдлага зохион байгуулалт, сургалт, эрдэм шинжилгээ, эдийн засаг, санхүүгийн тогтолцоо гэх мэтээр бүх түвшинд чанарын шинэчлэл хийж байна. Чанарын шинэчлэлийн үр шимийг эхний ээлжид суралцагч, багш, дараа нь сургууль, боловсролын салбар, улс орон хүртэнэ гэж харж байна. Шинэ бүтэц эдийн засгийн хувьд хэр үр ашигтай вэ гэсэн асуулт гарч ирнэ. Сургалтын чанарыг бий болгоход бүхнийг тэгшитгэх, дотоод хуваарилалтын системээс татгалзах шаардлагатай. Бүх зүйл өөрийн хөгжлийн зам мөр, зардал, өртөгтэй байхаар өөрчлөгдөнө. Амьдрах чадваргүй нэгж байхгүй болно гэж харж байгаа. Тэгэхээр МУБИС-ийн амьдрах чадвар дээшлэх ёстой.
-Боловсролын салбарын бодлого буруу тийш явснаас хамгийн гол зүйлээ мартчихсан. Тэр бол багш мэргэжлийн чанарт тавих анхаарал суларсан гэх хүн олон байдаг. Элсэгчдийнхээ чанарыг яаж дээшлүүлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газраас боловсролын шинэчлэлийн хүрээнд багшийн мэдлэг, ур чадвар дээшлүүлэх чиглэлд нэлээд хүч хаяж байгаа. Мөн багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, багшийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг дэмжих, элсэгчийн суурь түвшний мэдлэг нэмэгдүүлэх зорилгоор өндөр оноотой элсэгчдэд суралцах хугацаанд нь 100 хүртэлх хувиар тэтгэлэг олгоод жил боллоо. МУБИС-д өнгөрсөн онд элсэгчдийн мянга гаруй нь өндөр оноотой байсан. Өндөр оноотой элсэгчид багшийн мэдлэг, ур чадварыг чанартай эзэмшиж байгаа нь багш боловсрлын чанарт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Элсэгч ерөнхий шалгалтад 650-иас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 70, 750-иас дээш оноо авсан бол суралцах хугацаандаа 100 хувь сургалтын төлбөрөөс хөнгөлнө. Энэ нь оюутнуудад үзүүлж байгаа том дэмжлэг болох төдийгүй элсэгчдийн чанарыг дээшлүүлэх замаар төгсөгчдийн чанарт нөлөөлөх, улмаар мэдлэг, ур чадвартай багш бэлтгэх тогтолцоо бий болгоход чиглэсэн бодлого, бодитой хэрэгжиж байгаа үйл ажиллагаа юм.