Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “Glorious Mongolia” тоглолт энэ сарын 28-нд болох тов аль хэдийнэ сонгодог урлагт дурлагсдын чихэнд хүрсэн. Тэд 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс бүрдсэн “The Best of Сlassics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар болон Хонконгт тоглож байсан. Харин энэ удаад Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгээр үзэгч олны сонорыг мялаахаар бэлдээд байна.
Энэ тоглолтдоо зориулж Ариунаа Сүри чамин даашинз урлажээ. Даашинзны талаар Ариунаа Сүри “О.Байгаль, Б.Оюу нарынхаа шинэ тоглолтод зориулж даашинз урласан. Өмнө нь О.Байгалийн “Сонгодог эгшиглэн” тоглолтын дараах үдэшлэгт зориулж даашинз урлаж байсан. Энэ удаагийн бүтээлийн онцлог нь өнгөний сонголт дээр анхаарсан, үрчийдэггүй материалтай. Уран бүтээлч хүмүүст зориулж хийж байгаа учир тайзан дээрээ харагдах байдлыг чухалчилсан” гэв.