Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт дуусч, ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид хүссэн мэргэжлээрээ их дээд сургуульд элсэх мөч ойртсоор. Гэвч шинэхэн оюутнууд сургалтын төлбөр гэсэн асуудалтай хамгийн түрүүнд тулгардаг. Туршлагагүй шинэхэн оюутнууд төрийн сангийн зээлийг хэрхэн, яаж хөөцөлдөхөө мэдэхгүй явсаар хоцордог талтай тул энэ талаар БШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоогоос тодрууллаа.
-Төрийн сан энэ жил хэдэн оюутанд зээл олгох бол. Урьдчилсан дүн гарсан уу?
-Энэ жилийн урьдчилсан тоо гараагүй. Ирэх сарын эхээр тодорхой болох байх. БШУ-ы сайд болон Сангийн сайдын гарын үсгээр баталгаажин манай төвд тоо нь ирдэг.
-Сургалтын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл өөрчлөгдөөд хоёр жил болж байна. Энэ жил нэмэгдсэн, хасагдсан зүйл бий болов уу?
-Хоёр жилийн өмнөөс төрийн албан хаагчийн хүүхэд төрийн сангийн зээлд хамрагдах нөхцлийг журмаас хассан. Энэ жилийн хувьд ЭЕШ-д 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2.8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа оюутан, хагас өнчин, малчин өрхийн хүүхэд, амьжиргааны түвшин доогуур буюу нэн ядуу өрхийн суралцагч, гэрээт цэргийн алба хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч төрийн сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой.
-Амьдралын нөхцөл боломж нь үнэхээр тааруу ч сурах сонирхолтой хүүхдүүдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгодог. Энэ тусламжид ямар оюутнууд хамрагдах вэ?
-Бакалавраар суралцаж байгаа бүтэн өнчин оюутан, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл аав ээж нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагчийг төрийн сангийн буцалтгүй тусламжаар сургадаг. Мөн өнгөрсөн жилээс эхлэн төрийн өмчийн их, дээд сургуульд багшийн мэргэжлээр элсэгчийн ЭЕШ-ын дүнг харгалзан үзээд сургалтын төлбөрийг 70-100 хувиар хөнгөлдөг болсон.
-Шинэхэн оюутнууд төрийн сангийн зээл, тусламжийг хэрхэн хөөцөлдөх талаар мэдэхгүй явсаар хоцрох нь бий?
-Өргөдөл, суралцагчийн иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбараа авчирсан байх ёстой. Мөн Боловсролын үнэлгээний төвийн батламж, сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг, малчин өрх болохыг нь нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргын баталгаажуулсан албан ёсны бичиг байхад болно. Зээлд хамрагдах гэж байгаа хүүхдүүдээс эдгээр бичиг баримт дээр нэмээд зээлийн баталгаа шаарддаг.
-Зээлд хамрагдсан оюутнууд эргээд төлөх учиртай. Ямар дарааллаар эргэн төлөх билээ...?
-Гэрээний дагуу заасан хугацаанд нь төлж барагдуулах ёстой. Их, дээд сургуулиа төгсөөд зээлээ барагдуулаагүй тохиолдолд их сургуулийн мэргэжлийн диплом олгодоггүй. Зээлийн хэмжээг их дээд сургууль, коллеж зэргээс шалтгаалан өөр өөр хэмжээтэй олгодог. Тодорхой мөнгөн дүнгийн хязгаарлалт байхгүй.
-Одоогоор Сургалтын төрийн санд зээлтэй хэдэн төгсөгч байна вэ?
-2003 оноос өмнө хөнгөлөлттэй зээлд хамрагдаж их дээд сургуулиа төгссөн суралцагчдыг мөн 2004-2006 онд суралцаж төгссөн, 2.8-аас дээш голч дүнтэй мэргэжлээрээ хоёроос дээш жил ажиллаж байгаа тухайн үеийн суралцагчдыг хөнгөлөлттэй зээлээс чөлөөлсөн. Харин 2007 оноос хойшхи төгсөгчид зээлээ төлнө. Яг одоогоор хэдэн диплом манай дээр байгаа гэсэн тоо алга. Энэ талын мэдээлэл дутмаг байгаагаас төгсөгчид бичиг баримтаа ирж авахгүй байгаа нь харагдаж байна. Мөн үндэсний болон урамшууллын тэтгэлэг оюутнуудад олгож эхэлснээс хойш хөнгөлөлттэй зээл авах суралцагчийн тоо буурсан.
-Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн үндэсний болон урамшууллын тэтгэлгийг Сургалтын төрийн сан хариуцах болсон. Эдгээр тэтгэлгийн журамд өөрчлөгдсөн зүйл бий юу?
-Засгийн газрын 71 дүгээр тогтоол гарсан. Үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөгийн тэтгэлгийг өмнө оюутнууд сургуулиараа дамжуулан авдаг байсан бол одоо Сургалтын төрийн сангаас оюутнуудын данс руу оруулдаг болсон. Үүнтэй холбоотойгоор ирэх хичээлийн жилээс эхлэн их дээд сургуулиуд дагаж мөрдөх хэдэн заалт тус тогтоолд орсон. Тухайлбал, сургууль нь өөрөө аттестатчилагдсан байх ёстой. Мөн нийт төгсөгчийнхөө ажил эрхлэлтийн судалгааг жил бүр гаргаж хэвшсэн байх, төгсөгчдийнх нь 30 хувь мэргэжлээрээ ажлын байртай болсон байх болон сургуулийнхаа нэрэмжит тэтгэлэгтэй байх ёстой. Мөн Сургалтын төрийн сангаас урамшууллын тэтгэлэг буюу сурлагын амжилтаар нь олгодог тэтгэлгийг оюутнуудад өгөхийн тулд тэдний тухай мэдээлэлтэй байх ёстой. Тиймээс нэгдсэн удирдлагын системтэй болж байгаа. Сургууль бүрээс мөн нэгдсэн удирдлагын систем буюу оюутнуудын сурлагын бүх мэдээлэл багтсан цахим сантай болохыг шаардаж байгаа.
-Тэгвэл оюутнуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Үндэсний тэтгэлэгт хамрагдах өдрийн ангийн оюутан хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц хичээл судлах ёстой. Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч 2.8, докторт шинээр элсэгчийн магистрын дипломын голч 3.0 байх ёстой гээд 71 дүгээр тогтоолд маш тодорхой заасан. Урамшууллын тэтгэлэг бол хуучин журмаараа олгоно. Харин жилийн чөлөө авсан болон журамд заасан голч дүн хангаагүй оюутнууд ямар ч тэтгэлэг авахгүй.