Цагаан
нуур, Алтанбулаг, Замын-Үүд боомтод худалдааны чөлөөт бүс байгуулна
гээд олон жил өнгөрсөн. Харин энэ жилээс Алтанбулаг худалдааны чөлөөт
бүс ажиллаж эхлэх чимээ гарч байна. Тус чөлөөт бүсийн захиргаанаас
өчигдөр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд газар эзэмшүүлэх талаар
өчигдөр мэдээлэл хийлээ. Эхний ээлжинд Барилгын материал, авто сэлбэгийн
худалдааны төв байгуулах болсон байна. Эдгээр худалдааны төв тус бүрт
нэг, нэг га талбай ногдох юм. Тэгэхдээ нэг худалдааны төвд 30 аж ахуйн
нэгж, иргэн тус бүр 200 ам.метр талбай эзэмших ажээ. Алтанбулаг
худалдааны чөлөөт бүсэд бизнес эрхлэх газар эзэмшихэд тухайн салбартаа
олон жил ажилласан, туршлагатай байх шаардлага тавьж байна. Өөрөөр
хэлбэл, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, авто сэлбэгийн арилжаа
эрхэлдэг байх ёстой. Үүнийгээ нотлохын тулд аж ахуйн нэгжийн орлогын
албан татвар, НӨАТ төлдөг баримт, гаалийн бүрдүүлэлт гэсэн бичиг
баримтаа талбай эзэмших хүсэлтэй өргөдөлдөө хавсаргаж Алтанбулаг чөлөөт
бүсийн Захирагчийн ажлын албанд өгөх аж.
Тус худалдааны чөлөөт
бүсийн албан ёсны нээлт ирэх 22-ны өдөр болох юм. Иймд дээрх шаардлагыг
л хангасан бол тус худалдааны чөлөөт бүсэд өнөөдөр ч гэсэн контенер
тавиад эсвэл павьлион бариад бизнесээ эхэлж болох юм байна. Алтанбулаг
худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Ч.Чимидсүрэн
“Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг дэмжсэн Засгийн газрын 153 дугаар
тогтоол гарснаас хойш иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд газар эзэмшиж
бизнес эрхлэх хүсэлт их тавьж байгаа. Үүнээс гадна чөлөөт бүсийн
бүтээн байгуулалтад оролцох хүсэлт маш их тавьж буй. Дотоод гадаадын
экспорт, импортын судалгаа, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа
хийж түүндээ тулгуурлаад барилгын материал, авто сэлбэгийн худалдааны
төв эхэлж байгуулах болсон. Эдгээр худалдааны төвд талбай эзэмшүүлэхэд
эхлээд ямар нэг төлбөр хураамж бизнес эрхлэгчдээс авахгүй. Цаашид ч
эхний найман жилд газрын түрээс төлөхгүй юм. Алтанбулаг, Хиагт боомт
24 цагын үйл ажиллагаанд шилжинэ. Одоогоор авто зогсоол, цэвэр усны
хангамжийг шийдсэн. Бохир усны системд холбох боломж бүрдээд байгаа.
Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид импортын татвар
төлөхгүй. Мөн гуравдагч оронд бараа бүтээгдэхүүнээ экспортолбол
татвараас чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд аж ахуйн нэгжийн
албан татвар, НӨАТ-аас чөлөөлнө.
Иймд худалдааны чөлөөт бүсэд гааль,
татварын таатай орчин бүрдэж буй юм. Худалдааны чөлөөт бүс ашиглалтад
оруулахад дэмжлэг тусламж үзүүлж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид
нэлээд бий. Тэдний оруулсан хөрөнгийг урсгал зардалд ашиглаж байна.
Үүний тайлан тооцоог холбогдох эрх бүхий байгууллагуудад тайлагнана”
гэв.
Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай
хуулийг сонирхоод үзвэл агуулахын болон ачиж буулгах байгууламж, зочид
буудал барихад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа
эхэлсэн өдрөөс нь орлогын албан татвараас таван жилийн хугацаанд
чөлөөлнө. Дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлнө гэж заасан байна.
Үүнээс гадна худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжид ч
бас эхний гурван жилд газрын төлбөрөөс чөлөөлөх, дараагийн гурван жилд
50 хувийн хөнгөлөлт үзүүлэх заалт байгаа юм.
Алтанбулаг
худалдааны чөлөөт бүсийн удирдлагууд яагаад барилгын материалын
худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлж буйгаа доорх байдлаар тайлбарласан
юм. Тэд “Барилгын материалын үнэ ханш Гааль, Аж ахуйн нэгжийн орлогын
албан татвар, НӨАТ-аас шалтгаалж өсдөг. Иймд орон сууц болон барилгын
үнэ нэмэгдээд байгаа юм. Тэгэхээр чөлөөт бүсэд барилгын материалын
худалдаа эрхлэгчдийг дээрх бүх татвараас чөлөөлнө. Нэг ёсондоо
30-аад хувийн татвар хөнгөлнө гэсэн үг. Иймд барилгын материал хямд
үнээр зах зээлд нийлүүлэх юм. Тухайлбал, Алтанбулаг худалдааны чөлөөт
бүсийн “Барилгын материалын худалдааны төв”-өөр үйлчлүүлсэн иргэн, аж
ахуйн нэгж гурван сая хүртэлх төгрөгийн барааг ямар ч татваргүй авч гарч
болох нь. Тэгэхээр одоо зах зээл дээр 100 төгрөгөөр зарж буй барааны
үнэ 70 төгрөг болж хямдарна гэсэн үг ажээ. Энэ нь хэдийгээр иргэдийн
халаасанд татварт төлөх мөнгийг нь үлдээж байгаа боловч улсын төсөвт
орох орлого буурч магадгүй юм. Гэвч тус чөлөөт бүсийн удирдлагууд
татварын хөнгөлөлт нь улсын төсвийн орлогод тийм ч их хүчтэй
нөлөөлөхгүй. Харин ч бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжин тэлэх үүд
хаалга нээгдэнэ гэж үзэж байна.
Дээрх хоёр худалдааны төвөөс гадна
аж ахуйн нэгжүүд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд хэрэгжүүлэх
төслүүдээ танилцуулж байгаа аж. Жишээ нь Алтанбулаг чөлөөт худалдааны
бүсээс Сүхбаатар өртөө хүртэлх 25 км төмөр зам тавих, дулааны
цахилгаан станц, орон сууцны хороолол, зочид буудлын цогцолбор,
боловсруулах үйлдвэр барих, агуулахын худалдаа хийх төсөл бий. Үүнээс
гадна ОХУ-аас мод импортлох болжээ. Ингэснээр ирэх жилээс мод модон
бүтээгдэхүүний үнэ хямдрах нөхцөл бүрдсэн.
Мөн манай улс хоёр
хөршийн хооронд хийж буй модны арилжаанд оролцож худалдааны ашиг хүртэх
боломж нээгдэнэ хэмээн тус худалдааны чөлөөт бүсийнхэн хэллээ.