Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.ГЭРЭЛЧУЛУУН: ИРЭХ САРЫН 15-НААС УСНЫ ҮНИЙГ НЭМНЭ

Улаанбаатар, Налайх, Багануур болон Төв аймгийн орон сууц, үйлдвэр, аж, ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнэ ирэх сарын 15-наас албан ёсоор нэмэгдэнэ.
Тиймээс цэвэр усны үнэ нэмэх болсон шалтгааныг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн Үнэ, тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуунаас тодрууллаа.


-Усны үнийг ямар үндэслэлээр нэмж байгаа вэ?

-Манай зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудынхаа бодит өртөг, зарлагын тооцоонд тулгуурлан гарч байгаа зардлыг нь хянаж үзсэн. Ингээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт үнэ нэмэх хүсэлт хүргүүлж, энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар усны үнийг албан ёсоор нэмсэн. (Нэмэгдсэн үнийг хүснэгтээс харна уу) Харин гэр хорооллын буюу зөөврийн усан хангамжийн үнэ өөрчлөгдөхгүй. Улаанбаатар хотын тухайд сүүлийн дөрвөн жил усны үнэ нэмэгдэж байгаагүй шүү дээ. Үүнээс үүдээд “Зэвтэй ус гарлаа. Ус тасарч байна. Цэвэрлэх байгууламж дэндүү бохир ус нийлүүлж байна” зэрэг олон гомдлыг шийдвэрлэх боломжгүй болсон. Ингэж усны үнийг нэг түвшинд хэт удаан барьснаас болоод засвар үйлчилгээ, шинэчлэл хийх боломж хомсдож, санхүүгийн алдагдал хэтэрсэн. Өнөөгийн зах зээлийн өртөг, инфляцын түвшинтэй харьцуулан харсан ч усны үйлчилгээний үнийг Улаанбаатар хотод дөрвөн жил хөдөлгөөгүй нь энэ салбарыг туйлд нь хүргэсэн. Үүнээс болоод усны алдагдал нэмэгдэж, байгаль орчинг бохирдуулах сөрөг нөлөөллүүд нь ихэссэн. Эцэст нь иргэд хамгийн их хохирно. Яагаад гэвэл, иргэдэд үйлчилгээ хэвийн хүргэх нөхцөл устаж байна л гэсэн үг.

-Дөрвөн жилийн өмнө усны үнийг нэмснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод олон зүйл өөрчлөгд­сөн. Гэвч усны үнэ өөрчлөгдөөгүй суурь шалт­гаан, нөхцөл гэж байгаа байх?
-Дөрвөн жилийн өмнө нэмж байхад иймэрхүү л асуудал тулгарч байсан. Гэхдээ тухайн үед манай улс ядуу орны зэрэглэлд багтдаг байлаа. Энэ нь олон улсын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж авах бүрэн боломжтой гэсэн үг. Энэ хүрээнд олон шинэчлэлийг хийсэн. Харин өнөөдөр манай орон дунд зэргийн хөгжилтэй орон болж, зээлжих зэрэглэл нэмэгдлээ. Ингээд нөгөө буцалтгүй тусламжууд нь алга болсон. Нуулгүй ярихад зээл, тусламжид тулгуурлан амьдарч байсан бол одоо өөрсдийнхөө үйлчилгээг өөрсдөө авч явах боллоо. Тогтвортой үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдээ цэвэр усаар хангах, бохир, ариун цэврийн шаардлага хангасан үйлчилгээг үзүүлэхийн тулд үнээ нэмэх шаардлагатай болсон. Энд нэг жишээ дурдахад, дөрвөн жилийн өмнө янз бүрийн тусламж орж ирдэг байхад Улаанбаатар хотын усны алдагдал буурч 17 хувь болсон. Харин өнөөдрийн байдлаар усны алдагдал нэмэгдэж 20 гаруй хувьд хүрлээ. Энэ нь тогтмол үйлчилгээний чанарыг сайжруулж байх ёстой горим алдагдаж байгаа хэрэг. Хэрвээ бид цаашдаа энэ байдлаараа явах юм бол энэ өвлийг устай давж чадахгүй болчихож байгаа юм.
-Одоо тэгвэл үнэ тарифаа өсгөлөө, өвлийг давна биз дээ?
-Энэ жил зургаан тэрбум төгрөг хэмнэж ажилла гэж тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууддаа сануулж байгаа. Энэ нь мэдээж өвлийнхөө бэлтгэл ажлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна, усны үнэ нэмэгдсэн нь ажлаа сайжруулахад тус нэмэр болно.
-НӨАТ тооцвол нэг литр усыг 53 мөнгөөр авна. Энэ нь “ханасан” үнэ мөн үү?
-Бодит өртөг, зардалд нь тулгуурлан тогтоодог. Бид өөрийн өртгийн тооцоо хийж үзсэн. Ингэхэд Улаанбаатар хотод дунджаар цэвэр усны үйлчилгээ НӨАТ зэрэг нэмэлт өртөг тооцохгүйгээр 520 төгрөг байгаа. Бохир ус нь 250 төгрөг орчим байгаа юм. Харин иргэдэд дундаж өртгөөс доогуур тогтоосон байгаа. Энэ хоорондох зөрүү бид аж ахуйн  нэгжээсээ л авч байгаа.
-Суурь хураамж гэж анх удаа нэвтрүүлж байна. Энэ ямар учиртай мөнгө вэ?
-Тариф бол усны хэрэглээг зохицуулдаг. Суурь хураамж гэдэг нь үйлчилгээг бэлэн байлгасны төлөө авч байгаа төлбөр юм. Үйлчилгээний хувьд аваад үзвэл, цэвэр усыг хүргэхийн тулд зохих хэмжээний шугам хоолой, насос, цэвэршүүлэх гээд олон зардал гардаг. Тэгэхээр яг "крант"-аа онгойлгоод ус гоожиж байх нөхцөлийг бүрдүүлэхэд олон хүмүүс ажиллаж байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болоод байгаа юм.   

Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан