Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨГСӨГЧИД ЭХНИЙ ШАЛГАЛТУУДДАА ХАЙНГА ХАНДАЖ БАЙНА

Орон даяар энэ сарын 14-нд элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Өчигдөр хими, орос, англи хэлний шалгалт болж өнгөрлөө. Үлдсэн хичээлийн шалгалтуудыг өнөөдөр болон ирэх пүрэв гарагт авна.  Өдрийн сурвалжлагаа орон даяар өрнөж буй элсэлтийн ерөнхий шалгалтаас бэлтгэлээ.

Монгол хэл, бичгийн шалгалтаар туршилт хийв үү

Монгол Улсын хэмжээнд энэ жил 38332 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлж, 52 төвд хуваагдан шалгалтаа өгч буй.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд олон өөрчлөлт орсон. Үүний нэг нь ЭЕШ өгөхөөр бүргүүлсэн хүүхэд бүр монгол хэл, бичгийн шалгалт өгч байж бусад шалгалтаа өгөх боломж нээгдэх байв. Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтын сэдэв даалгавар нь монгол хэл-уран зохиолын хичээлийн бага, дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшинг тогтоох зорилготой. Гэтэл уг шалгалтыг улсын хэмжээнд мянга гаруй элсэгч өгсөнгүй.
ШУТИС дэх шалгалтын төвд гэхэд бүртгүүлсэн хүүхдүүдээс 44 нь монгол хэл, бичгийн шалгалтаа өгөөгүй байна. Мөн өчигдрийн шалгалтуудын ирц ч 100 хувь бүрдсэнгүй. Орос хэлний шалгалтыг тус байранд 71 хүүхэд өгөх ёстой байснаас 64 нь өгсөн, химийн шалгалтыг 205 хүүхэд өгөх байснаас долоо нь өгөөгүй бол англи хэлний шалгалтад 790 төгсөгч орохоор бүртгүүлснээс 767 нь л өгсөн байна. Энэ бол нийслэлийн хэмжээнд байгаа шалгалтын төвүүдийн нэгнийх нь л дүн мэдээ. Өнгөрсөн жилүүдэд хүүхдүүд шалгалтаасаа 10 минут хоцорвол журмын дагуу шалгалтад оруулдаггүй байсан. Гэсэн ч энэ жил бүх шалгуулагчдыг монгол хэл, бичгийн шалгалтад хамруулах гэж зарим шалгалтын байруудад хагас цаг гаруй хүүхдүүдээ хүлээсэн тохиолдол ч гарчээ.

Д.ГАНБОЛД: Хүүхдүүд бичиг баримтаа авч ирэхгүй байна

Өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ын жишгээс харахад төгсөгчид хамгийн эхний шалгалтаа өөрийнх нь сонгосон мэргэжилд хамаарахгүй ч гэсэн дараагийн шалгалтын туршилт болгох журмаар сонгодог тал бий. Тиймээс өнгөрсөн жилүүдэд хамгийн түрүүнд авдаг орос, англи хэл, химийн шалгалтыг олон хүүхэд бараг автоматаар сонгодог байсан гэнэ.
Гэтэл энэ жил эхнийх нь монгол хэл, бичгийн шалгалт байсан учраас дээрх гурван хичээлээр шалгалт өгөгчдийн тоо буурсан гэнэ. Гэхдээ хүүхдүүд монгол хэл, бичгийн шалгалтыг бүх элсэгч өгөх ёстой гэдгийг бүрэн ойлгоогүй нь шалгалтын дүнгээс харагдаж байна гэдгийг ШУТИС-д байрлаж буй ЭЕШ-ын байрны ахлагч Д.Ганболд хэлэв. Тэрээр “Хүүхдүүд шалгалт өгөхдөө бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын дугаар, иргэний үнэмлэхээ заавал шалгуулах ёстой. Гэтэл үүнийгээ мартаад байна. Нэгэнт мартчихаад ирсэн хүүхдийг буцаах аргагүй учраас тухай бүрт нь арга хэмжээ аваад л шалгалтыг нь өгүүлэхээс өөр аргагүй байна” гэв. Мөн шалгалтын байранд хүүхдүүд гар утас хэрэглэх хориотой. Тиймээс шалгалтынхан метал илрүүлэгч ашиглан шалгуулагчийн биед байгаа гар утас зэрэг хориотой зүйлсийг илрүүлж байна билээ.

Хамгийн, хамгийн


Энэ жилийн ЭЕШ-ын матема­ти­кийн хичээлийг 32669 хүүхэд сонгосон нь хамгийн олон шалгуулагчтай хичээл болж байна. Ингэхдээ улсын хэмжээнд Сүхбаатар дүүргийн төгсөгчид хамгийн олон буюу 2693 хүүхэд математикийг сонгосон аж. Харин хамгийн бага буюу 2562 хүүхэд орос хэлний хичээлийг сонгосон байна. Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн хамгийн олон хүнтэй газар бол Баянзүрх дүүрэг. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн 3660 иргэн энэ жил ЭЕШ өгч байна. Харин гадаадад амьдарч байгаа 37 иргэн энэ жил ЭЕШ өгч байгаа бол дотооддоо хамгийн бага буюу 56 иргэн Багахангай дүүргээс шалгалтад орох нь.

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оройтож гарна

Түрүү жилүүдэд ЭЕШ-ын дүн долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт гардаг байсан бол энэ жил шалгалтын хуудас засагч автомат машин сүүлийн үеийн өндөр чадалтай тоног төхөөрөмжтэй болсон учир материал засах хугацаа богиносч, шалгалтын дүн арай эрт гарах гэнэ. Харин монгол, хэл бичгийн шалгалтын дүн ЭЕШ-аас арай оройтож гарна. Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтын сэдэв даалгавар нь нөхөх, сонгох даалгаваруудаас гадна ойлгосноо буулгах, эсээ бичих зэрэг задгай даалгавартай болохоор шалгалтын материалыг гараар засах юм байна.
Дүн гарч дууссан даруйд олон нийтэд мэдэгдэж, шалгуулагчийн гар утсанд дүн, оноог нь хүргэхээр болжээ. Тиймээс шалгуулагчид байнга ажиллагаатай, өөртөө байдаг утасны дугаарыг бүртгэлийн хуудас дээрээ бичих хэрэгтэй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулж байв.

Л.ГАНБАТ: Монгол хэл, бичгийн шалгалт дахин авах эсэхийг ЭЕШ-ын дараа шийднэ

/Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан хэлтсийн дарга/
-Монгол хэл, бичгийн шалгалтыг мянга гаруй хүүхэд өгөөгүй гэсэн. Яг баттай тоо нь Боловсролын үнэлгээний төвд ирсэн үү?
-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтанд бүртгүүлсэн 38332 хүүхдээс 1567 нь монгол хэл бичгийн шалгалтанд хамрагдаагүй.
-Тэдгээр хүүхдээс дахин шалгалт авахаар болсон гэсэн. Шалгалтын товыг хэзээ зарлах вэ?
-Монгол хэл, бичгийн шалгалт дахин авах уу, үгүй юу гэсэн асуудлыг элсэлтийн шалгалт дууссаны дараа шийдвэрлэнэ. Шалгалтад ороогүй шалтгаан нь цөөн тооны хүүхдүүдээс бусад нь цагаа баримтлаагүй хоцорсон ялангуяа өмнөх жил төгссөн дахин шалгалт өгч байгаа хүүхдүүд юм.
Журмаараа монгол хэл бичгийн шалгалтад ороогүй хүүхэд дахин шалгалт өгөх ёсгүй. Гэсэн ч энэ байдлыг зохион байгуулах комиссын зүгээс хэлэлцээд тэдгээр хүүхдэд бусад сонгосон шалгалтдаа орох байдлаар зохицуулж өгсөн.
-Шар хуудсыг хэвлэж тараагаагүйгээс хүүхдүүд шалгалтад орох  байршил, суудлаа мэдэхгүй  хоцрох тохиолдол гарч байгаа?
-Шар хуудас буюу суудлын хуваарийг тавдугаар сарын 15-наас хойш цахим хуудаст байршуулсан. Үүнийг хүүхдүүд хэдэн ч удаа хэвлэж авах боломжтой байсан. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс элсэгчиийн шалгалтын байршил мэдээллийг багтаасан сонин гаргаж үнэгүй тараасан.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
элсэлтийн шалгалт өгнө гэдэг бөөн хариуцлага шүү дээ. хариуцлагыг нь ухамсарлуулах хэрэгтэй. юун дахин авах вэ энэ тал дээр хатуу байр суурьтай байх ёстой шүү дээ.мэдээлэл хангалттай байхад өөрсдөө ийм хайхрамжгүй хандаж байгааг нь өөрсдөд нь ойлгуулах хэрэгтэй.монгол хэлний шалгалт өгөөгүйг хаях хэрэгтэй. хэдэн балиар юмнуудаас болж бусдын хүүхэд хохирох ёсгүй.
Iim hariutslagui bj bolohgui hatuu changa bai tegj baij daraagiinhaa humuusiig tsag baridag bolgono bi huuhdee ali ovloos beldsen
ШАЛГАЛТАНД АНХНААСАА Л ОРООГҮЙ БОЛ ТҮҮГЭЭР НЬ ТООЦОХ ЁСТОЙ. ДАХИН АВНА БАРИНА ГЭЖ БИТГИЙ НОВРООЧЭЭ, ИЙМ ЗАН Л МОНГОЛЧУУДЫГ СУЛ ДОРОЙ, ХҮЧГҮЙ, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, БҮР ЭЦЭСТЭЭ АВИЛГАЧ, ЛУЙВАРЧИН, АЛУУРЧИН БОЛГООД БАЙНШ ДЭЭ.
Хамгийн их уншсан