Иргэдийн санал хүсэлт хүлээн авах Засгийн газрын “11 11 төв”-д өмнөх долоо хоногт 1027 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмж иржээ. Эдгээрээс дийлэнх буюу 488 нь нийслэлтэй холбоотой асуудал байж. Зам засварын ажил хийж буй компаниуд түр зуурын тэмдэг, тэмдэглэгээ тавьж жолооч нарт анхааруулга өгөх хэрэгтэйг иргэд сануулжээ. Мөн гурав дахь ээлжийн татварын буцаан олголт хэзээ хийх тухай иргэд асуужээ. Татварын Ерөнхий газраас “Нийслэлийн санхүү, төрийн санд гурав дахь ээлжээр хүргэсэн 2800 гаруй иргэний татварын буцаан олголт хадгалж байгаа. Эдгээр татварын буцаалтыг энэ жил баталсан төсөвт багтааж зургадугаар сард, зарим хэсгийг төсөвт тодотгол хийсний дараа олгоно” гэх хариу өгчээ.
Мөн 80 ам.метрээс их талбайтай орон сууц худалдан авч байгаа хүмүүс 0.8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй олон иргэн ханджээ. “Хөнгөлөлттэй зээлийн журмаас 80 ам.метр гэх хязгаарыг хасах, түүнээс их талбайтай орон сууц худалдан авбал хүүг тодорхой хэмжээгээр нэмэх буюу 0.9 хувь болгох гээд хэд хэдэн хувилбараар санал оруулсан ч дэмжигдээгүй. Эхний ээлжинд анх орон сууц худалдан авч буй иргэд болон дундаж орлоготой иргэд рүү чиглэсэн бодлогоо үргэлжлүүлэх тул талбайн хязгаарыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн” тухай Барилга, хот байгуулалтын яам хариуллаа.