Кембрижийн IGCSE математикийн шалгалт өгч, олон улсад нэгдүгээр байрт жагссан “Шинэ эрин” лаборатор сургуулийн сурагч Э.Энхцацралтай уулзаж ярилцлаа.
-Олон улсын том шалгалтад үеийнхнээ тэргүүлжээ, баяр хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би “Шинэ эрин” сургуулийн 10Б ангид суралцдаг. Өмнө нь 28, 40, Нэгдүгээр сургуульд суралцаж байгаад наймдугаар ангидаа “Шинэ эрин” сургуульд элссэн. Нэгдүгээр сургуульд байхаасаа л математикийн сонгонд орж, улсын болон олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд өрсөлдөж эхэлсэн.
-“Шинэ эрин” бол Кембрижийн хөтөлбөрийг Монголын хөрсөнд суулгах лаборатор сургууль. Анх энэ хөтөлбөрийн талаар хэрхэн төсөөлж байв?
-Манай ээж Кембрижийн сургалт нь англи, монгол хэлээр хичээллэдэг олон давуу талтай гэж үзээд шалгалт өгөхийг санал болгосон. Энэ нь тодорхой стандартаар Кембрижийн программуудыг нийлүүлсэн олон улсын хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн дагуу Кембрижийн олон улсын “Check point”-ыг бага ангидаа, ахлах ангидаа IGCSE (математик), AS, болон A ахисан түвшний сургалтын шалгалт өгнө. AS болон A түвшнээ судлаад авсан сертификат, дүнгээр дэлхийн 126 орны их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдөж болох давуу талтай. Тийм учраас энэ хөтөлбөрт хамрагдсан. Сургуульдаа ороод олон давуу талыг нь мэдэрсэн л дээ.
Тухайлбал, нэг ангид 20 сурагч суралцдаг. Багш нар хүүхэд болгонтой тулж ажилладаг. Өмнө нь, суралцаж байсан сургуульд маань багш сурагчид хоорондоо төдийлөн нээлттэй байдаггүй. Харин манай сургуулийн багш нар сурагчидтайгаа илэн далангүй, чөлөөтэй харилцаж биднийг ойлгож дэмжин, яг л дотны найзууд шиг байж чаддаг. Кембрижийн тогтолцоо нь сурагч төвтэй.Багш нар зөвхөн юу хийхийг зааж өгөх биш, хийж байгаа зүйлийг чиглүүлж, туслах үүрэгтэй байдаг.Сурагчид хүсэл мөрөөдөл зорилгоо ойлгож, бие даан суралцдагараа гол онцлогтой гэж би боддог.
-Хэддүгээр ангиасаа эхэлж англи хэл сурсан бэ. Сонгосон хичээлүүд чинь англи хэлээр явдаг гэсэн. Суралцахад бэрхшээлтэй юу?
-Нэгдүгээр ангиасаа англи хэлийг сурсан. Гэхдээ дунд ангид ортлоо тийм ч сайн байгаагүй. Хичээлийн цаг бага байснаас тэр биз. “Шинэ эрин”-д наймдугаар ангидаа ирээд эрчимжүүлсэн хичээлээс гадна нэмэлт хичээлийн хөтөлбөрт хамрагдаж англи хэлний түвшин маань сайжирсан.
-Хичээлийн ачаалал хэр байдаг вэ?
-Ерөнхийдөө IGCSE шалгалтад бэлтгэхэд өдөрт 10 цагаар хичээллэж байсан. Ачааллын хувьд шалгалтын хугацаанаас хамаардаг. Математикийн шалгалт өгөх үндсэн хугацаа нь хоёр жил.Миний хувьд хавар өгөх шалгалтыг зургаан сарын өмнө өгсөн учир бага зэрэг ачаалалтай байлаа.
-Кембрижийн энэ шалгалтыг өгч дэлхийд нэгдүгээр байрт жагссан амжилтын төлөө хэр их хүч хөдөлмөр зориулсан бэ?
-Есдүгээр ангидаа хичээлээ сонгож, нэг жилийн турш бэлтгээд зуны амралтаараа бие даан суралцсаар аравдугаар ангид орсон намраа шалгалтаа өгсөн л дөө.
-Энэ шалгалтыг чамтай хамт хэдэн хүүхэд өгсөн бэ?
-Кембрижээс ирсэн захидалд дурдснаар 168 орны 9000 гаруй сургалтын төвийн сая гаруй хүүхэд өгснөөс тэргүүн байр эзэлсэн гэж бичсэн байсан.
-Кембрижийн шалгалтад нэгдүгээрт жагссан болохоор дэлхийн нэр хүндтэй их сургуульд суралцах боломжийн төлөө өрсөлдөнө биз дээ?
-Миний хувьд энэ шалгалтад тэмцсэнээрээ маш том давуу талтай болж чадсан. Гэхдээ шалгалтаас гадна нийгмийн идэвх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг л дөө. Кембриж, Харвард зэрэг нэр хүндтэй сургуульд элсэхэд нийгмийн идэвх, дунд сургуульд суралцах явцдаа гаргасан амжилт, сургуулийн тодорхойлолт нөлөөлдөг.
-Танай сургуульд чам шиг мундаг сурагч олон бий юү?
-Тийм ээ, хүчтэй өрсөлдөгч болохоор сайн сурагч олон байгааг энэ сургуульд орсноороо мэдэрсэн. Хэдий бид бие биедээ тусалдаг ч өрсөлдөөнтэй байх нь биднийг улам сайн суралцахад хурцалж өгдөг.
-Чиний ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл юу вэ?
-Монгол хүний чадвар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, бид Монгол орноо дэлхийн хамгийн хөгжилтэй орон болгоно гэдэгт итгэдэг. Ойрын зорилго электроникийн инженер мэргэжлээр дэлхийн нэр хүндтэй сургуульд суралцаж, монгол хүн ямар чадвартай байдгийг дэлхий дахинд харуулахаар зорьдог.
-Үе тэнгийн найзууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Юуны өмнө, өөртөө итгэлтэй байгаарай. Өөртөө итгэх итгэл ямар ч хүнд байдлаас чамайг гаргаж чадах хамгийн том хүч шүү. Аав ээж болон багш нарынхаа үгийг сонсч сонголтоо зөв хийгээрэй. Өөрийн хүсэл мөрөөдөл зорилгоо тодорхойлж, тууштай хичээгээрэй гэж хэлмээр байна.