Хямрал, энэ бол гэнэт гарч ирдэг зүйл биш. Урт удаан хугацаанд хуримтлагдсан алдааны үр дагвар. Тэгвэл манай эдийн засаг өнөөдөр хямарлаа, улс, иргэдийн түрийвч нимгэрлээ хэмээж буй нь бидний алдаа. Тэр дундаа улс төрийн нөлөө илүү жин дарна. Өөрөөр хэлбэл эдийн засаг эрчимтэй өсч хоёр оронтой тоонд орсон үеэс эхэлж, улс төрийн намууд иргэдэд бэлэн мөнгө тараана гэж сонгуулийн сурталчилгаа хийж эхэлснийг мартаагүй, мартах ч болоогүй. Тэгээд сонгуулиас сонгуулийн хооронд амлалтаа биелүүлэх гэж энд тэндээс баахан мөнгө авч тараасан. Тухайлбал, Хятадын “Чалко” компаниас Таван толгой ордоос нүүрс нийлүүлнэ хэмээн 350 сая, Оюу толгойгоос 250 сая ам.долларын урьдчилгаа авсан билээ. Ингээд энэ мөнгийг ард түмэнд бэлнээр тарааж өгсөн.
Өөрөөр хэлбэл, 2008-2012 онд нийт хоёр их наяд төгрөг эх орны хишиг гэж иргэдэд тараав. Гэтэл энэ мөнгө нь импортыг хоёр дахин өсгөж урд хөршийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт болов. Нэг ёсондоо Монгол үйлдвэрлэгч бус хэрэглэгч улс болох том алхам болсон билээ. Үүнээс гадна инфляцыг хөөрөгдөх сайхан далим болж хоёр оронтой тооноос буухгүй байгаа юм. Уг нь дээрх мөнгөөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бол эдийн засаг мөнгөөр гачигдаж дутагдах нь арай бага байхсан гэж эдийн засагчид хэлдэг. Зарим эдийн засагчдын судалгаагаар манай улсын эдийн засагт дөрвөн сая доллар буюу 6.1 их наяд төгрөг дутаж байгаа гэдэг. Иймд Монголбанк өнгөрсөн онд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр эдийн засагт 2.9 их наяд төгрөг нийлүүлсэн билээ. Үр дүнд нь манай эдийн засаг арай л шаварт суучхалгүй урагшилж бүтээн байгуулалт өрнөж иргэд ажилтай орлоготой байж өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хазаарлаж чадсан. Одоо манайд гурван сая ам.доллар байвал уруудаад байгаа эдийн засгаа сэвхийтэл босгож ухасхийтэл урагшлуулах боломжтой хэмээж буй. Хаа сайгүй. Хэн хүнгүй л мөнгөний хомсдолд орсон, валютын ханш өссөн, хувийн хэвшлийн үйл ажиллагаа доголдолж буй нь Монголд орж ирэх мөнгөний урсгал буурсантай холбоотой. Хоёр жилийн өмнөөс манай улсын гадаад валютын орлого буурч эхэлсэн. Энэ нь, нүүрс болон ашигт малтмалын үнэ ханш, гадаадын шууд хөрөнгө оруулалт зарим хуулийн гажигийн үр нөлөө юм. Тухайлбал, өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400, экспортын орлого 800 сая ам.доллараар буурсан байна. Ингээд сүүлийн дөрөв, таван жилд импортыг дэмжсэн, орж ирэх гадаад валютын урсгалыг муутгасан төрийн алдаатай бодлого нь эдийн засгаа төлбөрийн тэнцлийн хямрал руу аажмаар шахаж иржээ. Одоо хямрал арилаагүй Эдийн засаг “баргар” хэвээр л байгаа. эдийн засагчид судлаачид айл өрх, албан байгууллагууд бүсээ чангалж илүү зардлаа хэмнэх зөвлөгөө өгсөөр байгаа юм.
Манай эдийн засаг 2008 онд хямарсан. Энэ хямрал дэлхийн эдийн засгийн уналт нөлөөлсөн юм. Тухайн үед манай улс байгаа жаахан гадаад валютын нөөцөө цацаж дансандаа 500 орчим сая ам.доллартай болж Олон улсын валютын сангаас туслалцаа авч хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Харин аз болж 2009 оноос нүүрс, зэсийн үнэ өсч манай улс мөнгөөр халгиж, цалгиж төрийн эрх баригчид баруун солгойгүй цацаж ирсэн. Нэг ёсондоо хямрал гээчийг умартаж ашигт малтмалын үнэ үргэлж өндөр байх юм шиг загнасан юм. Эхний хямралын үед манай улсын урсгал тэнцлийн алдагдал нэг сая ам.доллар болсон. Гэтэл өнөөгийн хямралт үед урсгал тэнцэлийн алдагдал 6.5 сая ам.доллар болж 6.4 дахин өсчээ. Урсгал тэнцлийн алдагдал гэдэг нь Монголчуудын гадаадад гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, шилжүүлгийн орлогоос импортоор авдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн төлбөрийг хассан цэвэр дүн юм.
Өөрөөр хэлбэл Монголчууд юу бүтээж, хэдий хэмжээний валютын орлого олов, ямар бүтээгдэхүүн гаднаас авч, хэчнээн валютаар төлбөрийг нь төлөв гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт билээ. Энэ үзүүлэлт нь хасах утгатай буюу алдагдалтай байгаа нь бидний олж буй гадаад валютын орлого бусдаас авч буй бараа, бүтээгдэхүүний төлбөрт хүрдэггүйг илэрхийлнэ. Товчхондоо бид орлогоосоо илүү зардалтай байна гэсэн үг. Мөн өөрсдөө бага хэмжээний үйлдвэрлэл явуулж гаднаас худалдаж авахыг илүүд үзэж байгаа юм. Энэ нь бидний бэлэнчлэх сэтгэлгээ эсвэл үндэсний үйлдвэрлэлээ дэмждэггүй төрийн харалган бодлогын илэрхийлэл.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт манай гаднаас авдаг хэрэглээний зардал болдог. Гэтэл өнөөдөр манай импортын төлбөр болдог гадаадын шууд хөрөнгө муудаж, эдийн засаг уруудсаар. Жишээлбэл 2009 онд манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 32 хувиар буюу 270 сая ам.доллараар буурсан судалгаа бий. Энэ үед манай эдийн засаг 1.3 хувиар агшиж хямарч байсан удаатай. Гэтэл өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 сая ам.доллар буюу 55 хувиар буурсан. Иймд энэ жил эдийн засгийн өсөлт 12.5 хувьтай гарна гэсэн төлөв талаар өнгөрч 11.7 хувь байх тооцоо бий. Үүнээс гадна ам.долларын ханш, мөнгөний хомсдолоос шалтгаалж эдийн засгийн өсөлт нэг оронтой тоонд орж ирж магадгүй гэсэн төсөөлөл ч гарч буй. Хямралыг хохирол бага, олон мянган ажлын байраа хадгалж, иргэдийг орлоготой байлгах, эдийн засгийн тогтвортой байдлаа алдахгүй атгах бодлого хэрэгжинэ. Нэг ёсондоо эдийн засгийн өсөлтөө золиослож тогтвортой байдлыг нь авч үлдэнэ гэсэн үг. Импорт огцом нэмэгдсэн хэврэг эдийн засгийг тэтгэж байсан хөрөнгө оруулалт саарсан байхад өнгөрсөн хямрал шиг гүнзгийрэхгүй байна. Үүний учир начир гол жор нь асар их мөнгөний дутагдлын зарим хэсгийг нөхөж эдийн засгаа дэмжсэнд оршиж байна.
Эдийн засаг үнэхээр хүнд байгаа нь бидний нүдэнд ил харагдаж буй. Жишээ нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ ханш, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас “Оюу толгой” компани ажилчдаа цомхотгосон. Мөн уул уурхайн тэр дундаа нүүрс, жонш олборлогчид үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн билээ. Бас импортоор түүхий эдээ авч бүтээгдэхүүн гаргадаг жижиг дунд үйлдвэрүүд ч хаалгаа хааж сул зогсолт хийх болсон. Нөгөөтэйгүүр худалдаа үйлчилгээний салбарын борлуулалт, орлого нь өдрөөс өдөрт хумигдаж буй. Статистикаас үзвэл энэ оны эхний улирлын байдлаар манай бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар 12.2 хувиар буурсан байна. Валютын ханш ч мөн өсч байгаа юм. Одоогоос яг жилийн өмнө нэг ам.доллар 1470 төгрөгтэй тэнцэж байжээ. Гэтэл эдүүгээ 1820 төгрөгт хүрлээ. Иймд төгрөгийн ханш
23 хувиар суларснаар илэрч байна. Тэгвэл 2008 оны арваннэгдүгээр сараас хойш дөрвөн сарын хугацаанд төгрөгийн ам.долларын эсрэг ханш 450 төгрөгөөр буюу 40 хувиар суларч байв. Харин өнгөрсөн оны тавдугаар сараас энэ жилийн тавдугаар сар хүртлэх жилийн хугацаанд төгрөгийн ам.долларын эсрэг ханш 380 төгрөгөөр буюу 26 хувиар суларсан үзүүлэлттэй байгаа юм.
Эдийн засгийн энэ хүндрэлээс гарах гарц нь эхний ээлжинд мөнгөний дутагдлыг арилгах гэдэг. Үүний тулд гадаадаас валют олж ирэх юм. Мөн экспортын хэмжээг өсгөж орлогоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг урин дуудах, томоохон төслүүдийн ажлын хурдыг нэмж зээл тусламж авах шаардлага тулгарч буй. Түүнээс биш хэт их улс төржиж популизм хийлээ гээд мөнгөтэй болохгүй. Энэ байдлаар байвал эдийн засгийн гүн хямрал Монголыг тэвэрч авахад бэлэн байгаа. Өөрөөр хэлбэл сүүлийн дөрөв таван жил эх орон, ард түмэн гэж цээжээ дэлдэгсэд, популистуудын тарьсан балаг гэж болно. Тэд сайхан ярьж байсан ч үнэн хэрэгтээ ард түмний эсрэг хийсэн ажил нь амжилт олж эдийн засаг хүндэрээд буй билээ. Иймд одоо худал яриа, сайхан үгээ орхиж урьд нь тарьсан балагаа арилгаж эдийн засгаа хямрал руу түлхэлгүй татаж авах нь өнөө цаг үеийн гол асуудал болоод байна.