Зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлээд, 12 жилийн тогтолцоотой болох нь хэнд хэрэгтэй вэ хэмээн бодох хүмүүс бий. Дэлхийн жишигт ийм тогтолцоотой ч 90 жилийн турш дагаж мөрдсөн зөвлөлтийн тогтолцоо маань болоод л байсан гэж бодож буй бол та эндүүрч. Хэдий болтол бид Робинзон Крузогийн арал дээр амьдарч байгаа хүмүүс шиг зөвхөн өөрийн замаар явах билээ. Монголын боловсролын тогтоцоонд шинэчлэл хийж, дэлхийн жишигт нийцүүлэх нь ирээдүй болсон хүүхдүүдийн маань эзэмшсэн мэргэжил, боловсролын гэрчилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Зөвхөн хойд хөрш рүү боловсрохоор явдаг байсан цаг өнгөрч, дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд хүртэл суралцах боломж нээгдсэн энэ үед боловсролын салбар хамгийн том шинэчлэлийг хийх ёстой. Үүнийг тулгуур нь гадаадын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрүүд.
2021 онд Монгол Улс олон улсын жишигт нийцсэн боловсролын тогтолцоонд бүрэн шилжсэн, төрийн захиргааны төв байгууллагуудын ажилтан албан хаагч нь ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болчихсон байна. Энэ бол өмнөх Засгийн газрын үед боловсруулсан Үндэсний хөгжлийн стратегийн хамгийн том зорилт. Үүнд хүрэхийн тулд олон ажил хийх хэрэгтэй болсны нэг нь дэлхийн жишигт нийцсэн боловсролын хөтөлбөр. Ингээд Кембрижийн хөтөлбөрийг сонгон Монголд нутагшуулахаар 2011 онд Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн их сургууль хоорондын гэрээ хийж, хамтран ажиллахаар болсон. Түүнээс хойш гурван жил өнгөрч, хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн талаар ярих зүйлтэй болж. БШУЯ-ны харьяа “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн сургуульд тус хөтөлбөр англи хэл дээр явагдаж байхад бага, дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд математик, байгалийн шинжлэл, физик, хими, биологи, англи хэлний хичээлийн хөтөлбөрийг боловсруулан 31 лаборатор сургууль дээр амжилттай хэрэгжиж байна. Тиймээс манай оронд Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн төлөөлөгчид айлчлан, хөтөлбөрийн явцтай танилцан, цаашдын бодлогыг ярилцав.
Дээрх 31 ЕБС ирэх хичээлийн жилээс 41 болтлоо өснө. Одоогоор 1-11 дүгээр ангийн 41 хөтөлбөрийг сургалтад ашиглаж байгаа бол ирэх жилээс хөтөлбөрийн тоог нэмж, 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжинэ. Энэ мэтчилэн шат ахиулсаар 2018-2019 оны хичээлийн жилд манайх үндэсний боловсролын стандартаа Кембрижийн олон улсын стандартад нийцүүлэхээр зорьж буй. Өөрөөр хэлбэл, олон улсын магадлан итгэмжлэлээр орно гэсэн үг юм. Кембрижийн олон улсын стандартад нийцсэн CIE шалгалтыг эх орондоо өгсөн монгол хүүхэд оноогоороо гадаадын шилдэг их дээд сургуульд дахин шалгалт өгөхгүйгээр шууд элсэнэ гэсэн үг.
Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд алдсан оносон зүйл олон байлаа. Тухайлбал, хамгийн сүүлд “Шинэ эрин” лаборатор сургуулийн сурагч Кембрижийн олон улсад нийцсэн CIE шалгалтыг өгч, математикийн хичээлээр дэлхийд нэгдүгээр байрт жагссан юм. Мөн багш нар жил ирэх тусам хөтөлбөрөө ойлгож, эзэмшсээр байгаа нь гээд амжилт ололт цөөнгүй бий.
Харин алдаа дутагдлын тухайд манай улсад хэрэгжиж буй өөр олон хөтөлбөртэй андуурагдаж, иргэдийн дунд төөрөгдөл үүсэж байгаа ч үүнийг цэгцлэхээр харьяа яамнаас бодлого боловсруулж, зөвлөх үйлчилгээ авч байна.
Манайх Кембрижийн их сургуулиас зөвлөх үйлчилгээ авсныхаа төлөө төлбөр төлдөг. Үүнийг БШУЯ-ны төсвөөс гаргадаг. 2012 онд 9.7 тэрбум төгрөгийг үүнд зарцуулсан бол 2013 онд 20 тэрбумыг гаргасан. Энэ онд үүнээс ч илүүг төлөх тооцоо бий. Учир нь, Кембрижийн зөвлөх үйлчилгээний төлбөрийг манай улс фунт стерлингээр тооцож хийдэг учраас төгрөгийн ханш унасаар байгаа энэ үед төлбөр нэмэгдэх нь ойлгомжтой болж байна.
Монголд хэрэгжиж байгаа Кембрижийн хөтөлбөрийн талаар Кембрижийн их сургуулийн олон улсын шалгалтын төвийн ерөнхийлөгч Майкл О Салливан “Хүүхдүүд өөр аргаар сурч байгаадаа дуртай байна. Яагаад хүүхдүүд өнгөрсөн үеэс өөрөөр сурах хэрэгтэй вэ гэхээр тэд одоо үед амьдарч байгаа учраас. Монголын хувьд хүүхдүүдийн сурах явц, багш нарын сургах арга барил хурдацтай өөрчлөгдөж байна. Харьцангуй хурдтай явж байна. Удахгүй БШУЯ-наас олон улсын PCI зэрэг харьцуулсан судалгаа бүхий шалгалтад орох зорилт тавьж. Энэ мэтчилэн Монгол Улсын Засгийн газраас анхаарч, энэ хурдаа алдахгүй байвал 2018-2019 оны хичээлийн жилд олон улсын магадлан итгэмлэл орох байх” гэв. Мөн тэрээр багш нарыг дахин сургах байдлаар хэрэгжиж буй 31 лабаротар сургуулийн үйл ажиллагааг магтаад, энэ тоог бүр олноор нэмэгдүүлэх хэрэгтэйг зөвлөсөн.
Кембрижийн их сургууль нь 30 гаруй орны Боловсролын яамтай харилцаатай ажиллахаас гадна 100 гаруй оронд үнэлгээ, хөтөлбөрийн чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг гэнэ. Майкл О Салливан “Олон улсын харьцуулалт чухал. Гэхдээ бидний зорилго харьцуулахдаа гол нь биш. Монголын хүүхдүүд 21 дүгээр зуунд дэлхийн боловсролоос хоцрохгүй байх ёстой” гэв.