Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Мөнхзаяа: “Амьдрал ASSA” сэтгүүл яг л олимпын бамбар шиг тив дэлхийд түгнэ

Сэтгүүлзүйн салбар өнөөдөр отгон сэтгүүлээ өлгийдөн авч байна. Сар тутам шинэ дугаараа уншигч танд илгээх “Амьдрал АССА” сэтгүүлийг манай хэвлэлийн зах зээлд хүч түрэн орж ирж буй залуу хамт олон эрхлэн гаргаад байна. Ингээд “Амьдрал АССА” сэтгүүлийн ерөнхий редактор Б.Мөнхзаяагаас анхны дугаараа өлгийдөн авч буй өдрийн сэтгэгдлийг нь сонссон юм.

-Монголын хэвлэлийн салбар өдөр ирэх тусам өргөжсөөр л байна. Тэгэхээр “Амьдрал АССА” сэтгүүлийн өнгө төрх юугаараа содон байх бол?
-Манай сэтгүүл МИАТ компанийн бүх нислэг, мөн Чингис хаан олон улсын нисэх буудлын бизнес өрөөнд байршина. Түүнээс гадна томоохон зочид буудлын люкс зэрэглэлийн өрөөнд уншигчидтайгаа уулзана. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнцөг булан бүрээс манай оронд хөл тавьж буй хэдэн мянган хүний өмнө “АССА сэтгүүл” монгол орны нэрийн хуудас болох нь гэсэн үг. Мөн Монголын урдаа барьдаг томоохон аж ахуйн нэгжүүд манай сэтгүүлтэй хамтран ажиллахаар итгэл хүлээлгэсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэд манай сэтгүүлийг “Дэлхийн олон орны бизнесмэнүүд, нийгэм, соёлын зүтгэлтнүүдтэй хамгийн түрүүнд танилцаж, өөрсдийгөө мэдрүүлэх гүүр нь юм байна” гэж үнэлсэн. Үүнд их сэтгэл хангалуун байгаа. Үндэснийхээ хамгийн том компаниудыг урдаа бариад манай сэтгүүл дэлхийн олон орны уншигчтай учирна гэж бодохоор нэр хүндийн хэрэг биш гэж үү.         

-“Амьдрал АССА” сэтгүүл анхны дугаараа өлгийдөн авч буй энэ цаг мөчид хамт олондоо болон уншигчдадаа хандаж юу хэлмээр байна вэ?
-Хүн бүр амьдралдаа ямар нэгэн зүйлийг асаах хэрэгтэй гэж боддог. Ингээд асаасан галаа улам дүрэлзүүлж, элч дулааныг нь алдуулахгүйн төлөө хичээн ажиллах нь залуу хүн бүрийн хүсэл мөрөөдөл байх аа. Үүний л нэгэн адилаар “Амьдрал АССА” сэтгүүл уншигчдын гарт хүрч буй нь манай хамт олны асаасан гал дүрэлзэж буйн илэрхийлэл. Манай хамт олон залуучуудаас бүрддэг. Тийм болохоороо хязгааргүй их хүсэл тэмүүлэл ханхалдаг. Энэ нь л бидний асаасан галаа дүрэлзүүлэх хүч юм уу гэж боддог. Уншигч хатагтай, ноён танд ч бас бид амьдралыг дандаа гэрэл гэгээтэй талаас нь харуулж, түр ч атугай нийгмийн энэ түмэн бухимдлаас ангижрахад тусалъя гэж хүссэн юм. Ер нь,  анхны гэдэг үг бол цаашид үүнээс илүү чанаржина, сайжирна гэсэн үгийн өмнөтгөл юм шиг ээ.

-За тэгвэл танай сэтгүүлийн хамт олонд цаашдын ажил, амьдралд амжилт хүсье. Сэтгүүлзүйн салбарт асаасан гал тань үргэлж дүрэлзэж, олимпын бамбар шиг тив, дэлхийгээр аялах болтугай гэж ерөөе.
-Тийм ээ. Манай сэтгүүл амьдралыг үргэлж өнгө гэрэлтэйгээр тольдож, танд хүргэх болно. Яг л олимпын бамбар шиг дүрэлзэн асч, Монгол орны нэрийн хуудас болон дэлхий дахинд түгнэ. Энэ боломжийг олгосон МИАТ компанийнхандаа талархаж буйгаа дахин илэхийлье. Энэ мөчөөс уншигч таны Агаарын анд “Амьдрал АССА” байх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан