Зургадугаар сарын 06-ны баасан гарагт Монгол-Оросын Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 65 жилийн ой тохиож, энэ их айлын өнөр хамт олон туулсан он жилүүдийнхээ амжилт, ололтыг дүгнэн цэгнэж, ирэх он жилүүдэд хийж бүтээх их үйлсийнхээ зорилго чиглэлийг тодорхойллоо.
Ойн баярын арга хэмжээ “Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн зарим асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар эхэлсэн билээ. Онол практикийн бага хуралд олон илтгэл тавигдаж, УБТЗ нийгэмлэгийн өнгөрсөн түүхийг сөхөж, өнөөгийн байдлыг дүгнэж, ирээдүйд хийгдэх шинэчлэлт хөгжил дэвшлийн төлөвлөгөөтай танилцсан юм.
Үеийн үед үргэлжлэх “Найрамдал”
Монгол-Оросын төмөр замчдын “Найрамдал” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Монгол-Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга Ё.Манлайбаяр, ОХУ-аас Монгол Улсад суух Бүрэн эрхэт Элчин сайд И.К Азизов, ОХУ-ын Төмөр замын агентлагийн дэд дарга И.В.Мицук, Оросын төмөр замууд НХН-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга В.Н.Морозов, Олон улсын төмөр замчдын холбооны ерөнхий захирал Жан Пьерр Любино, УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж тэргүүтэй удирдлагууд болон энэ хамт олноос төрөн гарсан Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, үе үеийн төмөр замчдын төлөөлөл оролцлоо.
Монгол, Оросын төмөр замчдын найрамдалт хамтын ажиллагааг мөнхжүүлэн 1970 онд босгосон энэхүү хөшөөний нүүрэн талд “Энэ төмөр зам бол нөхөрлөлийн зам, манай эх орны саруул сайхан ирээдүй, маргаашийн улам баясгалантай сайхан болохын зам мөн” гэсэн байдаг. Тийнхүү “Найрамдал” хөшөө нь ах дүү төмөр замчдын найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааны үр дүн өнөөдөр ч, ирээдүйд ч эх орны минь хөгжил дэвшлийн түүчээ болохыг илтгэн тэнгэр баганадан сүндэрлэнэм. Уг хөшөөнд 65 жилийн түүхтэй найрамдалт харилцаа үеийн үед үргэлжлэхийг бэлгэдэн хоёр орны төмөр замчид хамтдаа цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын баруун талд хэдхэн хоногийн өмнөөс сүндэрлээд байгаа уурын тэрэгний хөшөөг албан ёсоор нээв. Тэртээ 1949 оны арваннэгдүгээр сарын 7-нд Улаанбаатар өртөөнд уур утаа савсуулсан, өмнөө Сталины хөрөг бүхий галт тэрэг орж ирснийг нүдээр үзсэн хэмээн үлгэр домог шиг зүйл ярих ахмад буурлууд бий. Тэдний яриа өнөөгийн бидэнд үлгэр домог мэт санагддаг. Тэгвэл УБТЗ-ын 65 жилийн ойгоор Оросын төмөр замууд НХН-ээс бэлэглэсэн уурын тэргийг ийнхүү хүндэтгэлийн сууринд залж, УБТЗ-ын түүхийн эхлэлийн цэгийг эгнэгт мартагдахааргүй мөнхжүүллээ. 1949 -1955 онд УБТЗ-д нийтдээ 12 уурын тэрэг тээврийн ажил гүйцэтгэж байсан байдаг.
Энэхүү ёслолын ажиллагаанд хүндэт зочид оролцож, нээлтийн тууз хайчиллаа.
Өнгөрсөн зууны түүх амилсан агшин
Тэнд хуран цугласан олон хэдхэн мөчийн дараа дахин давтагдахгүй түүхийн гэрч болсон нь зүтгүүрийн парадыг үзэж сонирхсон явдал байлаа. Уг парадын эхэнд “Л” серийн уурын тэрэг уур утаа савсуулан орж ирсэн нь өнгөрсөн зууны түүхийн хуудсыг эргүүлэн сөхөж, нэг үгээр хэлбэл түүх амилсан торгон агшин байсан юм. Тэнд хурсан олноос энэхүү уурын тэргийг тээвэрт зүтгэж байхад ажиллаж байсан ахмадууд нүдэндээ баярын нулимстай зогсож байсан бол залуу үеийнхэн гайхан биширч угтсан билээ. Уг уурын тэргийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, нэгдүгээр зэргийн машинч Ц.Чойжил жолоодон парадыг түүчээлсэн юм.
Мөн уурын тэрэгний араас “ТЭ2” серийн илчит тэрэг, “ТЭМ2”, “ТЭМ18ДМ” серийн сэлгээний илчит тэрэг, “М62УМ”, -“2М62М”, “2М62ММ”, “ДАШ7”, “2ТЭ116”, “2-Загал” “2ТЭ116УМ” серийн илчит тэргүүд, мөн ашиглаж байгаа хөдлөх бүрэлдэхүүний цуваа явж, хамгийн сүүлд 2014 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар худалдаж авсан “РА-2” серийн төмөр замын автобус орж ирэв. УБТЗ-ын түүхийн хуудсыг зузаалсан, улс эх орны хөгжилд түүчээлсэн техник технологийн үе үеийн дэвшил ололтыг илтгэсэн энэхүү нүд хужирлаж сэтгэл баясгасан парад түүх өгүүлсэн түүхэн үйл явдал байлаа.
Түүх үргэлжилсээр...
Мөн энэ үеэр вокзалын өмнөх талбайд урлагийн тоглолтоор баярын жавхааг улам өнгөлсөн бол ойд оролцсон олныг уйдаахгүй арга хэмжээнд ар араасаа цуварсаар байсан юм. “Цаг хугацаа бороо мэт арилах ч гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг үг байдаг. Эл өдрийн баяр ёслолын бас нэгэн нүд, сэтгэл баясгасан арга хэмжээ ойн өмнө өнгө төрхөө шинэчилсэн Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын зорчигчдын хүлээлгийн хоёр танхимд нээгдсэн хоёр төмөр замын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн байлаа. Өнгөрсөн түүхийн ул мөрийг өнөөгийн цаг хугацаанд авч үлдсэн үнэлшгүй үнэт бүтээлүүд бол гэрэл зураг. Уг үзэсгэлэн мөн ойн баярын хүндэт зочид, ахмад буурлууд, үе үеийн төмөр замчид, жирийн зорчигч үйлчүүлэгчид байлаа.
Мөн энэ үеэр УБТЗ-ын зорчигч тээвэрт аялах болсон РА-2 серийн төмөр замын автобус аялж эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар-Толгойт хооронд 3,4 км хоёр дахь замыг төмөр замчид богино хугацаанд барьж ашиглалтад оруулснаа Замын аж ахуйн албаны дарга К.Р.Белош мэдэгдэж, Замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржид түлхүүр гардуулсан юм. Үүний дараа хүндэт зочид болон хэвлэл мэдээллийнхэн, мөн ахмад төмөр замчид РА-2 хөлөглөн Толгойт өртөөнд хэдхэн хоромд хүрч, тэндээсээ мөн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар худалдан авсан цоо шинэхэн суудлын вагонуудад тухлан буцаж Улаанбаатар өртөөнд хүрэх бэсрэг аялал хийв. Таван жилийн өмнө УБТЗ нийгэмлэг нэгэн жарны түүхээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэр үед РЖД нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн хөдлөх бүрэлдэхүүнээс бүрдсэн цувааг үзэж сонирхож, нүд хужирлаж байсан бол таван жилийн дараа гэхэд бид өөрсдийнхөө худалдаж авсан шинэ автобус хөлөглөж, хамгийн орчин үеийн вагонуудаас бүрдсэн галт тэргэнд тухлацгаав. Үүгээрээ УБТЗ хөгжил дэвшилд ямагт түүчээлэгч байхаа бодитоор гэрчилсэн хэрэг боллоо. Ойн өдрийн бэсрэг аялалд оролцсон зарим төмөр замчнаас сэтгэгдлийг нь сонсов.
“Хүндэт төмөр замчин” Б.Шаравжамц:
-Би УБТЗ-д 1958 оны зургадугаар сарын 12-нд анх ажилд орж 49 жил найман сар тасралтгүй ажилласан. Зүтгүүрийн аж ахуй, Суудлын вагон депо, Баянтүмэн тасаг, Материал техникийн хангамж, нийтийн хоол, Худалдааны нэгдсэн албаны дарга, Хяналтын албаны улсын байцаагч, Зүтгүүрийн албанд зөвлөх зэрэг ажил албыг хашиж байгаад тэтгэвэртээ гарсан. УБТЗ нийгэмлэгийн 65 жилийн ой сүр жавхаатай, бэлтгэл сайтай, үзэж харах юм ихтэй сайхан болж байна. Өнөөдөр хойч үеийнхэн маань ахмад бидний хийж үлдээсэн бүхнийг хүндэтгэн мөнхжүүлж, ирээдүйдээ итгэл орж байгааг харах сайхан санагдлаа. Ахмад төмөр замчдаа төлөөлж бид суудлын шинэ вагон, төмөр замын РА-2 автобусанд сууж үзлээ. Уурын тэргээ зүтгүүрийн парадын өмнө орж ирэхийг хараад сэтгэл хөдөлж, нүдэндээ баярын нулимстай зогслоо.
УБТЗ-ын хамт олон нэг удирдлагатай, нэгдмэл зохион байгуулалттай, сахилга дэг журмаараа улсын хэмжээнд үлгэр жишээ үлдсэн ганц байгууллага. УБТЗ Олон улсын тээврийн салбарт Монгол Улсынхаа нүүр царай болж явна. Энэ баярт оролцсондоо сэтгэл хангалуун сайхан байна гэлээ.
Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан:
-Манай зангилаанаас аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөллөөс бүрдсэн гучаад ажилтан нийгэмлэгийнхээ ойн баярт оролцож байна. Ойн баярын арга хэмжээ нэлээд зохион байгуулалттай сайхан болж байна гэж ойлгож байна. УБТЗ-д 1949 оноос хойш ажиллаж байсан бүх серийн зүтгүүрийн парад хамгийн сонин содон үзүүлбэр болж өнгөрлөө.
Энэ арга хэмжээ тэр үед ажиллаж байсан ахмадуудын дурсамжийг сэргээж, залуу үеийнхэнд түүхийг бодитоор нь харах боломж олгосон сайхан арга хэмжээ байна гэж бодлоо. Түүхт ойгоо бид бас ард түмэндээ барих бэлэгтэй угтаж байна. УБТЗ Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчилж, зорчигчийн шинэ вагонууд, РА-2 төмөр замын автобус, гол замын болон сэлгээний илчит тэргүүд, замын сэв шалгагч вагон, машин техникууд шинээр авч явж байгаа.Энэ бол зөвхөн УБТЗ төдийгүй олон улсад Монгол улсын нэр төртэй холбоотой чухал ажил шүү дээ. Үүнээс гадна олон шинэчлэл өргөтгөлийн ажил хийгдэж байгаа. Ер нь, УБТЗ-д шинэчлэл эрчимтэй хийгдэж байгаа. Тухайлбал, Замын-Үүд өртөөний тээх, нэвтрүүлэх, ачаа боловсруулах хүчин чадлыг дээшлүүлэх өргөтгөлийн томоохон ажил эхлээд явж байна. Энэ жилийн өртөөний өргөтгөлийн төлөвлөгөөт ажил наадмаас өмнө буюу долдугаар сарын 4 гэхэд хийгдэх учиртай гэв.
65 жилийн ойн баяр өмнөх их ойдоос олон зүйлээр онцлог, сүр жавхаатай боллоо гэж ойд хүрэлцэн ирсэн ахмад, дунд, залуу үеийн төмөр замчид ам сайт дүгнэж байлаа.
Шагналын даллагатай баярын хурал
Ойн баярын хуралд Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дэд дарга Ё.Манлайбаяр, ОХУ-аас Монгол улсад суух Бүрэн эрхэт Элчин сайд И.К Азизов, ОХУ-ын Төмөр замын холбооны агентлагийн дэд дарга И.В.Мицук, Оросын төмөр замууд НХН-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга В.Н.Морозов, Олон улсын төмөр замчдын холбооны ерөнхий захирал Жан Пьерр Любино, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, Нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский нарын хүндэт зочин хүрэлцэн ирсэн байлаа. Ойн баярын хуралд хүндэт зочид УБТЗ-ын хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, шилдэг тэргүүний төмөр замчдад шагнал гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар УБТЗ нийгэмлэгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Алтан гадас” одонгоор Оросын төмөр замууд НХН-ийн ерөнхийлөгч В.Якуниныг”, “Найрамдал” медалиар тус нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга В.Н.Морозов, УБТЗ-ын Замын албаны хэлтсийн дарга Ю.Н.Усольцев, Техникийн бодлого зураг төслийн төвийн ерөнхий инженер О.Л.Филлипов нарыг шагнасныг Зам, тээврийн сайд А.Гансүх гардууллаа. Мөн ЗТЯ-ны “Хүндэт төмөр замчин” цол, тэмдгээр Улаанбаатар зүтгүүрийн депогийн илчит тэрэгний машинч Б.Төмөрбаатар, Замын хоёрдугаар ангийн замчин Т.Дашдаваа, Ерөө өртөөний жижүүр М.Оюунцэцэг, Баянтүмэн тасгийн машинч Л.Гантөмөр, ОХУ-ын Төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук, РЖД нийгэмлэгийн газрын дарга А.А.Каменобродский, мөн нийгэмлэгийн ОУ-ын харилцааны газрын дарга С.А.Столяров нарыг шагналаа.
Мөн хурлын үеэр УБТЗ-ын “Төмөр замчны алдар” хүндэт тэмдгээр Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Санхүү хариуцсан орлогч дарга бөгөөд Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга С.Я.Усольцева, Зүүнхараа өртөөний жижүүр М.Энхтүвшин, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр галт тэрэгний найруулагч Ц.Цогтбаяр, Багахангай ТҮГ-ын вагон үзэгч Д.Батбаяр нарын олон арван шилдэг тэргүүний төмөр замчид, мэргэжилтнүүд шагнуулсан юм.
Хурлын дараа ДБЭТ, Төмөр замчдын ДБЧ, төмөр замчдын авъяастнуудын нэгдсэн урлагийн тоглолт үзүүлж, төмөр замаас гаралтай “Хурд” хамтлагийнхан болон Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амрхүү нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь шижигнэсэн алга ташилтын мялаалгатай болов. Ийнхүү УБТЗ-ын өнөр хамт олон 65 жилийнхээ ойг нижгэр сайхан тэмдэглэлээ.