“Хүннү-Эйр” компани Улаанбаатар-Парис чиглэлийн анхны шууд нислэгээ хийлээ. Хүн төрөлхтний соёл иргэншлийн төв болсон Франц улсын нийслэл Парис хот руу ийнхүү Монголын агаарын тээврийн компани шууд нислэг хийсэн нь Монголын нислэгийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тиймээс тэд энэхүү онцгой үйл явдлыг эхлүүлэх өдрөөр зургаадугаар сарын 9 буюу Зуны тэргүүн сарын шинийн 11-ний билэгт сайн өдрийг товлосон. Онгоц Чингис Хаан олон улсын нисэх буудлаас өглөөний 07 цаг 50 минутад хөөрсөн юм. Аяллын замдаа 11 цаг орчмын хугацааг туулж, орон нутгийн цагаар 13 цагт “Шарль Де Голь” олон улсын нисэх буудалд газардах ажээ.
Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлого, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг олон улс оронтой холбох нислэгийн чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэхтэй холбогдуулаад “Хүннү Эйр” компани нь Шанхай, Бангконг, Манжуур чиглэлийг нээгээд удаагүй байлаа. Ийнхүү Улаанбаатар-Парисын чиглэл нь “Хүннү Эйр” компанийн зүгээс нээж буй дөрөв дэх шинэ чиглэл юм.
Өнөөдрийн үйл явдалтай холбогдуулан тус компани нээлтийн арга хэмжээг зохион явуулсан бөгөөд үүнд УИХ-ын гишүүн, Монгол Францын найрамдлын бүлгийн дарга Н.Батцэрэг, Зам тээврийн яамны сайд А.Гансүх, Зам тээврийн яамны дэд сайд Х.Ержан, Соёл спорт аялал жуулчлалын Дэд сайд М.Түмэнжаргал, Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Лхагвасүрэн, МАК-ийн дэд ерөнхийлөгч Д.Хулан, “Хүннү-Эйр” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяр нар оролцон үг хэлж, тууз хайчиллаа. Мөн энэ үеэр Монголын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг ая дуугаа өргөж, анхны зорчигчдын аяны дөрөөг мялаасан юм.
Соёл спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал нээж үг хэлэхдээ “Өнөөдөр Монголчууд бидний хувьд бэлэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж байна.
Учир нь та бидэнд их хол сонсогддог байсан Франц улс, тэр дундаа нийслэл нь болох Парис хот руу шууд нислэг хийх гэж байна. Энэ үүднээс өнөөдрийн нислэг Франц Монголын хамтын ажиллагаанд дэвшил авчрах, түүнчлэн хоёр улсын аялал жуулчлалын салбарт нэгэн шинэ гүүрийг тавьж өгөх чухал ач холбогдолтой үйл явдал болно гэж найдна. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг нэн тэргүүнд анхааран үзэж байгаа.
Мөн энэ жил Монголд ирэх жуулчдын тоог сая хүргэх зорилтыг тавин ажиллаж байна. Харин энэхүү сая дахь жуулчин энэ чиглэлийн нислэгээр ирэхийг үгүйсгэхгүй” гэв. Мөн Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ хэлэхдээ “Франц Монголын харилцаанд сайхан үйл явдал тохиож байгаад баяртай байна. Монгол улсын төрийн далбааг мандуулсан агаарын хөлөг анх удаа Францын нийслэл Парис хотод газардана. Цаашид энэ нислэгээр дамжуулан хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлнэ гэдэгт итгэж байна” гэж өнөөдрийн нислэгийн ач холбогдлыг онцолсон юм.
“Хүннү-Эйр” компани нь 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш Фоккер-50, Аэрбус-А319 загварын агаарын хөлгүүдээр орон нутгийн ес, олон улсын есөн чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй аж. Энэ удаагийн Улаанбаатар-Парис чиглэлийн нислэгт 120 хүний суудалтай А319 агаарын хөлөг хөөрч байгаа бөгөөд цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж 2015 оноос өөрийн агаарын парк бүрдүүлэх төлөвлөгөөний дагуу 280 орчим хүний суудалтай, Аэрбус А330 загварын онгоцоор нислэг үйлдэхээр төлөвлөж буйгаа “Хүннү Эйр” компанийн албаныхан онцолж байсан юм.
Энэ талаар “Хүннү-Эйр” компанийн Маркетинг, Борлуулалтын хэлтсийн ерөнхий менежер Б.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цаашид ямар давтамжтайгаар энэхүү Улаанбаатар-Парис чиглэлийн нислэгийг хийх вэ?
-Аялал жуулчлалын оргил үеэр буюу өнөөдрөөс эхлэн найман сарыг дуустал хуваарийн дагуу тогтмол нислэг үйлдэнэ. Тийнхүү хэсэг хугацаанд нислэгээ зогсоож ирэх оноос илүү том оврын онгоцоор долоо хоногт хоёр удаагийн давтамжтай тогтмол нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна.
-Анхны нислэгийн урамшууллынхаа талаар ярина уу?
-Бид Парис хот руу анх удаа шууд нислэг хийж байгаа тул үүнд маш их ач холбогдол өгч, аль болох олон хүнийг хамруулахыг зорьж байна. Тиймээс ч бид нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан зорчигчиддоо том бэлэг бариад байгаа. Тодруулбал, зургаадугаар энэ сард тус чиглэлээр нисэх бүх зорчигчдод 60 хувийн хөнгөлөлтийг үзүүлж байгаа бөгөөд нэг сая 300 мянган төгрөгөөр хоёр талдаа нисэх боломжтой юм. Энэ бол Монголд хаа ч байхгүй үнэ. Ихэвчлэн ирэх буцах зардал нийлээд хоёр сая 800 мянган төгрөг болдог л доо.
-Өнөөдрийн нислэгээр замдаа зогсолгүйгээр зорьсон газраа хүрэх үү?
-Одоо нислэг хийх гэж байгаа онгоц А319 гэдэг онгоц байгаа. Замдаа түлшээ цэнэглэхээр ОХУ-ын Екатринбург хотод 40 орчим минут зогсоно. Гэхдээ энэ хугацаанд зорчигчид суудалдаа л сууж байна. Харин он гараад А330 онгоцоор алсын зайн нислэг хийх бөгөөд тэр үеэс ямар ч зогсолт хийхгүйгээр шууд Парис хүрэх юм.
Улаанбаатар-Парис маршрутаар зорчигч эмэгтэйд анхны нислэгийн зорчигч болсонд нь баяр хүргэж сэтгэгдлийг нь сонссон юм. Түүнийг Л.Жаргал гэх бөгөөд гурав дахь удаагаа Парис хот руу нисч байгаа ажээ.
-Өмнө нь Парис хүрэх замдаа өөр хотоор дамжиж очдог байсан болохоор хүндрэл бэрхшээлтэй тал байсан байх? Одоо шууд нислэгээр очино гэхээр ямар санагдаж байна даа?
-Юуны өмнө би Улаанбаатар-Парис чиглэлийн шууд нислэгийн анхны зорчигч болж байгаадаа баяртай байна. Би Парис хотод суугаа охин дээрээ очиж явна. Учир нь, тэндэхийн эмнэлэгт элгэндээ эмчилгээ хийлгүүлдэг юм. Өмнө нь Москва, Берлинээр дамжиж очидог байсан. Тэгээд явж байхад хүндрэлтэй зүйл их тохиолдоно. Маш их шалгалт шүүлэгтэй таарч, алхам тутамд ачаа тээшээ шалгуулахаас эхлээд гар цүнх, тээшээ алдчих гээд их хэцүү байдаг байлаа. Одоо харин сайхан үйл явдал тохиож байгаад их баярлаж байна. Ийнхүү түүнтэй ярилцаж байхад өөр хичнээн хүний цаг зав ажлыг хөнгөвчилж, ая тухтай аялах нөхцөлөөр хангаж өгсөн бол гэдэг бодол өөрийн эрхгүй төрж байлаа.
Энэ мэтч иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж олон хүнийг баярлуулж чадсан Улаанбаатар-Парис хэмээх тогтмол нислэг нь цаашлаад баруун Европын улс орнуудтай тогтоосон найрсаг харилцааг соёл, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд хөгжүүлэх нь дамжиггүй.