Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос доллараас илүү юаньд итгэх нь


Украинд болж байгаа хэрэг явдал бичил хүйтэн дайн эхлүүлсэн гэдэгтэй санал зөрөх хүн цөөн байх. Энэ бичил хүйтэн дайны нөлөө дэлхийн улс төрийн төдийгүй эдийн засгийн байдлыг өөрчилж эхэллээ. Наад зах нь Оросын “Роснефть” сар эсвэл жилийн хугацаатай бус харин таван жилийн хугацаатай шатахуун нийлүүлэх гэрээг манай компаниудтай байгуулав.
Цаашилбал, Орос Хятад хоёр 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.доллараар шатдаг хий нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэтхэг рүү Хятадын Шинжанаар дамжуулан шатдаг хий нийлүүлэх хоолой тавих нүсэр төлөвлөгөөг хэлэлцэж эхэлсэн. Оросоос Япон руу далайн ёроолоор шатдаг хий нийлүүлэх хоолой тавих тухай саналыг япончууд дэвшүүлээд парламентаараа хэлэлцүүлэх гэж байна. Энэ бол зөвхөн өнгөн хэсэг.

Далд байгаа зарим зүйлийг сөхөхөд Оросын компаниуд олон улсын гэрээ байгуулахдаа тооцоог юань гэх мэт Азийн бусад валютаар хийж эхлэхэд бэлдсэн аж.
“Deutsche Bank”-ийн Орос дахь салбарын тэргүүн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор зах зээл дээр Оросын том корпорациудын зүгээс юань болон Азийн бусад валютыг ашиглах, Азийн банкуудад данс нээх сонирхол огцом нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна” гэж хэлсэн нь үүний нотолгоо. Герман, Франц, Их Британи гэх мэт их гүрнээс гадна өрнөдийн жижиг улсууд Америкийн шахалтад орж, Оросын эсрэг хориг арга хэмжээ аваад эхэлбэл “Орос” гэсэн угшилтай ямар ч компани Өрнөд Европын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломжгүй болох төдийгүй Европын банкуудын дансанд байгаа бүх хөрөнгөө түгжүүлнэ. Хөрөнгийн бирж дээр ч үйл ажиллагаа явуулах боломжгүйд тулна. Энэ бол тун ч таагүй зүйл.
Өрнөдийн авсан хориг арга хэмжээнд өртсөн Оросын “Гадаад худалдааны банк”-ны ТУЗ-ийн тэргүүн Костин хэлэхдээ ам.долларын бус валютын хэрэглээг нэмэгдүүлэх нь тус банкны нэн тэргүүний зорилтын нэг гэжээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй ч орлогынхоо 70 хувийг ам.доллараар авдаг Оросын томоохон компанийн захирал “Хэрэв ямар нэг зүйл тохиолдвол хятадын юань, хонконг доллар гэх мэт өөр валют руу шилжихэд бэлэн” гэж хэлсэн нь үүний нэг жишээ. “Ямар нэг зүйл” гэдэг нь Оросын эсрэг авч болзошгүй хориг арга хэмжээг хэлж байгаа хэрэг.

“Газпром нефть” компанийн захирал А.Дюков харилцагчийг тооцоо хийхээр заасан валютаа ам.доллар байсныг өөрчлөн юань болгох талаар компаниудтайгаа зөвшилцөж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн байна. Никелийн зах зээл дээрх томоохон тоглогч болох “Норникель” компани Хятадын худалдан авагчидтайгаа урт хугацааны гэрээ байгуулахдаа юаниар тооцоо хийх талаар хэлэлцээ амжилттай хийж эхэлжээ.
Ийм замаар Оросын компаниуд Америкийн зүгээс авч болзошгүй хориг арга хэмжээнд бэлдэж эхэлжээ. Энэ мэтээр ам.долларыг юаниар орлуулахад онц бэрхшээл тулгарахгүй аж. Зүгээр л гэрээндээ “ам.дол­лар” гэснийг “юань” бол­гож өөрчлөхөд хангалттай гэнэ.

Гэхдээ манай хойд хөрш юу юугүй эдийн засагтаа ам.долларыг ашиг­лахаас шууд татгалзах гэж яараагүй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Белоусов онцолжээ. Тэрээр “Орос улсын эдийн засгийг ам.доллараас тусгаарласан зохиомол хязгаарлалт үүсэхэд хүргэх шаталсан, системтэй хориг арга хэмжээг одоохондоо аваагүй тул Орос улс ч ам.доллараас аргагүйн эрхэнд зохиомол шахалтын улмаас татгалзах арга хэмжээг авахгүй байх гэж бодож байна” гэжээ.
Гэхдээ л Украйны зүүн өмнөд мужуудын салан тусгаарлах хөдөлгөөнийг төв Засгийн газраас гараагүй цагт өрнөдийн орнууд өчүүхэн төдий шалтгаар Оросын эсрэг эдийн засгийн өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авч чадах юм. Украйны ээдрээ хэдийд дуусах нь тодорхойгүй, наад зах нь зургаан сар, цаашлаад 1,5 жил ч гаруй үргэлжилж магадгүй байгаа нөхцөлд Оростой үйл ажиллагаа явуулдаг компаниуд хэдийд хориг арга хэмжээ авах шийдвэр гараад ам.долларын дутагдалд орох вэ гээд мөнхөд хүлээгээд байж чадахгүй. Иймд үйл ажиллагаагаа хэвийн явуулах үүднээс улс төрийн элдэв нөлөөнөөс илүү хамгаалагдсан валют сонгож авах нь ойлгомжтой. Тиймээс Украины ээдрээ шийдэгдээгүй цагт манай урд хөршийн үндэсний валют улам бүр үнэ цэнэд хүрсээр байх болно.
Тэгээд ч манай урд хөрш нь Их Британи, Герман зэрэг улстай экспорт ба импортын тооцоогоо юаниар хийх тухай албан ёсоор тохиролцсон. Иймд цаашид дэлхийн зах зээл дээрх юанийн ханш өдөр өдрөөр, сар сараар улам л бэхжсээр байх болно.

Дашрамд сонирхуулахад Хятад нь АНУ-ын Засгийн газрын бондын гадаад дахь хамгийн том эзэмшигч. Хятадын төв банкинд Америкийн Засгийн газраас гаргасан нэг их наяд гаруй ам.долларын бонд байдаг. Өөрөөр хэлбэл Хятадын төв банк нь Америкийн бондыг худалдан авах замаар Америкийн Засгийн газрыг санхүүжүүлж байдаг. Ийм их хэмжээний бонд худалдан авснаар манай урд нэг талаар асар их давуу талтай, нөгөө талаар туйлын эмзэг болсон гэж шинжээчид үзэж байна.

Давуу тал нь гэвэл улс төр, санхүү, арилжааны гээд ямар нэг асуудлаар хэлэлцээ хийх тохиолдолд өөртөө ашигтай зөвшилцөлд хүрч чадахгүй бол бондыг хөрөнгийн бирж дээр гэнэт их хэмжээгээр гаргаж ханшийг нь бууруулан  АНУ-ын төсөв, санхүүгийн тогтолцоог нураана гэж айлгадаг. Гэхдээ нөгөө талаас Хятадаас шалтгаалахгүй шалтгаанаар ам.долларын ханш гэнэт унавал асар их хохирол амсана.Өөрөөр хэлбэл Хятад Америкийн Засгийн газрын бондын ийм их хэмжээгээр худалдан авснаар тактикийн давуу талтай болсон ч алс хэтдээ буюу стратегийн сул талтай болсон байна.

Манай хойд хөрш ч Хятдын адилаар Америкийн Засгийн газрын бондыг их хэмжээгээр худалдан авсан улс. Гэхдээ саяхныг хүртэл 150 тэрбум ам.долларын бонд худалдан авсан байдаг. 2011 онд хилийн чанад дахь Америкийн Засгийн газрын бонд эзэмшигчдийн дотор Орос зургаадугаар байранд байсан бол 2012 онд найм, 2013 онд 11 дүгээр байранд орсон байна. Өөрөөр хэлбэл оросууд сүүлийн гурван жил дараалан худалдан авсан бондоо эргүүлэн зарах замаар Америкийн Засгийн газрыг санхүүжүүлэх хэмжээгээ багасгасаар иржээ.

0 Сэтгэгдэл
орос д өөр арга байхгүй болчихсон юм чинь
ОРОС ӨӨРӨӨ ИХ ГҮРЭН БАЙЖ РУБЛИЭ ХӨРВӨДӨГ БОЛГОХОД АНХААРМААР ЮМ. ГЭТЭЛ ДАНДАА ГАДААД ВАЛЮТЫГ ДЭЭДЭЛДЭГ. ЭНЭ БОЛ ОРОСОД УЛС ТӨРИЙН БАЙДАЛ ЯАЖ МАГАДГҮЙ ГЭСЭН АЙДАС БАЙДАГТАЙ ХОЛБООТОЙ БАЙХ. ЗАСАГ ТӨР НЬ ЯАЖ Ч ХУВЬСГАЛЖИЖ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХИЙЖ МАГАДГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ БАЙХ.ОРОСУУД ОЛСОН ОРЛОГЫНХОО ДИЙЛЭНХИЙГ ГАДААДЫН БАНКУУДАД БАЙРШУУЛДАГ НЬ ЭРГЭЭД ӨӨРСӨДӨД НЬ МУУГААР НӨЛӨӨЛЖ БАЙНА. МАНАЙХАН Ч БАС ИЙМЭРХҮҮ Л ЯНЗТАЙ БАЙГАА ДАА. ЯАНА ДАА. УЛС ЭХ ОРОНДОО ИТГЭЭД ОЛСОН ОРЛОГОО УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛААД УЛСЫНХАА ВАЛЮТ ТӨГРӨГӨӨ ДЭЭДЛЭЭД ЯВБАЛ ЭНЭ ИНФЛЯЦИ, ХАНШИЙН ХЭЛБЭЛЗЭЛ ЭНЭ ТЭРИЙГ АМАРХААН ШИЙДЭЖ БОЛМООР ЮМ. ДААН Ч ГАДНЫН МУУР БАГШ НАРЫН ЗААВРААР МАНАЙ БАНК САНХҮҮГИЙН СИСТЕМ ЯВААД, ЧУЛУУНБАТ, ЗОЛЖАРГАЛ, ФОРТУНА ГЭЭД САЙН ШАВЬ НАР Ч МӨН ЧИХ ЮМ ХИЙЛЭЭ ДЭЭ.
Хамгийн их уншсан